Энэхүү хэлэлцүүлэг нь органик газар тариалан, мал аж ахуй, зөгийн аж ахуй, органик хүнс боловсруулах үйлдвэрийн төлөөлөл, шинжлэх ухаан, сургалт, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид, хэрэглэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын нийт 450 орчим төлөөлөгчдийн оролцоог хангах замаар органик салбарын эрхзүйн бичиг баримтыг олон улсын чиг хандлага болон Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын онцлог, Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулахад чиглэгдэж байгаа юм.
Дэлхийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн 2030 он хүртэлх төлөвлөлтөд органик хүнсний асуудал чухал байр суурь эзэлж байна. Тухайлбал, АНУ-д органик хүнсний үйлдвэр жилд дунджаар 10.8% өсч, хэрэглэгчид жилд 43 тэрбум америк долларыг органик хүнс худалдан авахад зарцуулж байгаа билээ. Мөн органик үйлдвэрлэлд шилжсэн өрхүүдийн ядуурлын индекс 1.35%-иар буурч, органик газар тариаланд шилжсэн газрын бичил биетийн агууламж, хөрсний үржил шим 30-70% -иар сайжирсан үзүүлэлт гарчээ.
Иймд органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж эрхзүйн таатай орчин бүрдүүлснээр нэг талаас, үндэсний үйлдвэрлэгчид өөрийн үйл ажиллагаагаа органик зарчимд нийцүүлэн сайжруулж, орон нутгийн болон экспортын зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх, орлогоо нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэх боломж бүрдэх юм. Нөгөө талаас, хэрэглэгчид баталгаажсан жинхэнэ органик хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ. Хэлэлцүүлэг ирэх сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.