logo
Унгарын Гадаад хэргийн сайдын зөвлөхийг хүлээн авч уулзлаа

Унгарын Гадаад хэргийн сайдын зөвлөхийг хүлээн авч уулзлаа

2017/02/18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Унгар улсын Гадаад хэргийн сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх ноён Балинт Томборыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хотын дарга ирэх сард Будапешт хотын даргын урилгаар тус улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа хэлээд Унгарын талтай Сэлбэ голын далан, тохижилтын чиглэлээр хамтарч ажиллах мөн автобус угсрах үйлдвэртэй танилцаж, уг үйлдвэрийг Улаанбаатарт оруулж ирэх боломжийг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Бүгд Найрамдах Унгар улсын нийслэл Будапешт болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа улам идэвхжиж байгаа. Би ирэх сарын эхээр танай улсад албан ёсоор айлчилна. Энэ үеэрээ хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлнэ. Одоогоор Унгар улсаас манайд

“Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газарт хөрөнгө оруулах том төсөл яригдаж байгаа. Энэ нь 2008 оноос эхэлж яригдсан төсөл. Төслийг хэрэгжүүлснээр хотын алслагдсан дүүргийн иргэд ажлын байраар хангагдаж, амьдрах таатай орчин нөхцөл бүрдэнэ. Цаашлаад улс орны эдийн засаг, нийгмийн байдалд эерэгээр нөлөөлөх юм. Тиймээс энэ талд илүү анхаарч ажиллахыг хүсч байна”  гэлээ.

Ноён Балинт Томбор “Биокомбинатын асуудлыг холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцсан. Уг төслийн ТЭЗҮГ ирэх тавдугаар сарын эхээр боловсруулж, батлаад хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлэх байх. Миний бодлоор энэ оны арваннэгдүгээр сард төслийн ажил ид өрнөж байна гэдэгт итгэлтэй байгаа. Үүнээс гадна манай зүгээс өөр олон төсөлд хамтарч ажиллах бүрэн боломжтой” хэмээгээд хэд хэдэн төслийн саналыг хотын даргад тавьлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш