Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас зохион байгуулж байгаа “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлэг өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцлоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Л.Бадамдаш нар урилгаар оролцов.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хийсэн үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байгаа, дээрх салбаруудад ямар санал санаачилга гаргав гэдгийг ярилцсан юм.
Үдээс өмнөх хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн 2 удаагийн бүрэн эрхийн 8 жилийн хугацаанд гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажлын тайланг дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа. Мөн иргэд өөрсдийн байр суурь, санал дүгнэлтийг танилцуулав.
Үдээс хойших хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлж, иргэдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
Зөвлөлдөх санал асуулгын явцад Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаарх иргэдийн эерэг, сөрөг санал бодол, үгийг тэнцвэртэй сонссоны зэрэгцээ жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлт гаргахаар боллоо. Энэхүү үнэлэлт, дүгнэлт өгөх явцыг хараат бус “МЕС” судалгааны төв хянасан бөгөөд тус төв дүнг нэгтгэн гаргах юм. Ингэснээр зөвлөлдөх хэлэлцүүлэг, санал асуулгад оролцсон төрөл бүрийн мэргэжлийн, янз бүрийн насны 450 гаруй хүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн 8 жилд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хийсэн ажилд хараат бус, бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжоор бүрэн хангагдлаа.
Монголын медиа корпораци нь “Зөвшилцсөнөөс зөвлөлдсөн нь дээр” гэсэн уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхээр зорьж байгаагийн нэг илрэл нь энэ удаагийн хэлэлцүүлэг боллоо.