Цагдаагийн байгууллагын “Монгол цагдаа-2017” спортын цогцолбор тэмцээний нээлт өнөөдөр /2017.03.09/ “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.
Спортын 17 төрөлд, цагдаагийн байгууллагын аваргуудыг тодруулах “Монгол цагдаа-2017” тэмцээн өнөөдөр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж байна.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 103-ын хэлтсийн дарга, цагдаагийн ахмад Т.Бат-Идэр “Орон нутгийн цагдаагийн газрын бүсийн тэмцээний аваргууд буюу таван бүсээс шалгарсан баг тамирчид тэмцээнд оролцохоор иржээ. Эрэгтэй 40, эмэгтэй 25 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын төлөө өрсөлдөж байна. Тамирчдын бэлтгэл сайн, өрсөлдөөн нэлээн ширүүн байна” гэлээ.
“Монгол цагдаа-2017” спортын цогцолбор тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг нь өрсөлдөхөөр ирсэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав ийнхүү ярилаа. “Манай цагдаагийн газрын эмэгтэй баг Говийн бүсийн аварга болж, энэхүү тэмцээндээ оролцохоор ирлээ. Одоо эхний тоглолтоо хийж байна. Багийн маань хамгийн залуу гишүүн 27 настай. Хамгийн ахмад нь болох 52 настай манай цагдаагийн газрын Мэдээлэл, судалгааны байцаагч, цагдаагийн хошууч н.Алтанцэцэг талбайд гарсан тоглож байна. Тамирчид бэртэл гэмтэлгүй, тэмцээн сайхан болж өнгөрөөсэй гэж бодож байна даа”.
Өнгөрсөн жилийн “Монгол цагдаа-2016” тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд ОНАБХГ-ын Хамгаалалтын нэгдүгээр газрын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тэргүүн байрт шалгарч байсан билээ.
“Монгол цагдаа-2017” спортын цогцолбор тэмцээний нээлтэд ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нарын албаны хүмүүс, ЦЕГ-ын Хүч спорт хорооны тамирчид урилгаар оролцлоо.
Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр МҮОХ-ны “Олимпийн алдар” медалиар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбатыг, МҮОХ-ны 60 жилийн ойн медалиар Увс аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Нямбаяр, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэдалай нарыг шагнасан юм.