logo
100 эмэгтэй алба хаагч зөвлөлдлөө

100 эмэгтэй алба хаагч зөвлөлдлөө

2017/03/10

Хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 7-ны өдөр орон нутгийн хэмжээнд анх удаа Төв аймагт зохион байгуулав.

Энэхүү зөвлөгөөн нь хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний оролцоог бүх түвшинд дэмжих, чадавхжуулах, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм. Үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, шүүх, прокурор, цагдаагийн газар, онцгой байдлын газар, ШШГГ, Шүүх шинжилгээний алба, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Цэргийн штаб, Тагнуулын хэлтсийн эмэгтэй алба хаагчдын төлөөлөл 100 бүсгүй оролцсон юм.

Зөвлөгөөнд оролцогчод хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлаар саналаа солилцов. Мөн цаашид орон нутгийн хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж хамтран ажиллаж байхаар тогтлоо.

Үйл ажиллагаанд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ц.Хулан, Олон улсын эрх зүйч П.Анужин, гавьяат хуульч, Монголын анхны эмэгтэй хурандаа Р.Оюунбадам нар урилгаар оролцож “Өнөөгийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо”, “Шинэ эриний шинэ хандлага”, “Хууль хяналтын байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүдийн эрх үүрэг, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш