logo
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 7.2 хувиар буурчээ

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 7.2 хувиар буурчээ

2017/03/10

Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ, Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдийг камержуулах, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” зэрэг ажлуудыг энэ оны 01 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.

Гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цэгийг газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллуулж, зөөврийн хяналтын камер байршуулсан нь тодорхой үр дүнд хүрээд байна.

Улаанбаатар хотын  хэмжээнд энэ оны эхний 2 сард 57835 гомдол, мэдээлэл бүртгэж шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 72.0 хувийг эзэлж байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээлэл урд оны мөн үеэс 988 нэгжээр буюу -1.6 хувиар буурсан бөгөөд 94.5 хувийг шийдвэрлэсэн байна.

Мөн оны эхний 2 сард  2987  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 233 хэргээр буюу -7.2 хувиар буурч, илрүүлэлт 4.6 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 62.5 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна.

Урд оны мөн үетэй харьцуулахад: бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг -25.9, бусдын эд хөрөнгийг булаах -25.8, танхайрах гэмт хэрэг -7.8, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг -7.0, хүчиндэх гэмт хэрэг -5.6, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг -0.3 хувиар тус тус буурсан.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш