logo
Баривчлагдсан хүмүүс хүйтэн шалан дээр хучлагагүй унтаж байна

Баривчлагдсан хүмүүс хүйтэн шалан дээр хучлагагүй унтаж байна

2011/11/04
Дэнжийн мянгын 111 гэгддэг Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төв нь шүүхийн шийдвэрээр баривчлах арга хэмжээ авсан хүмүүсийн ял шийтгэлийг нь эдлүүлдэг газар юм. Тус газарт Чингэлтэй дүүргийн прокурорын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтарч ээлжит шалгалт хийжээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Б Төмөрчөдөрөөс тодрууллаа.
-Албадан саатуулах, баривчлах төвд хийсэн шалгалтаар ямар, ямар зөрчил дутагдлууд илэрсэн бэ?

-НЦГ-ын харьяа Албадан саатуулах, баривчлах байрны ахуй нөхцөл хуульд заасан журмын дагуу хэрэгжиж байгаа талаар мэргэжлийн хүмүүстэй хамтарч шалгалт хийгээд байна. Шалгалтыг Улсын ахлах байцаагч Батнасан, хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын ахлах байцаагч Бүжинлхам нартай хамтарч явуулсан.
ЦЕГ-ын даргын 2010 оны 46-р тушаалаар баталсан стандарт эрүүл ахуйн шаардлагын дагуу агааржуулагч, тусгай хоолой хэвийн түвшинд явагдаж байгаа эсэх, гэрэлтүүлэгч чийдэн стандартанд нийцэж байгаа эсэх, өрөөний температур зэргийг мэргэжлийн тусгай багажаар шалгасан юм. Албадан саатуулах байрны ололттой тал гэвэл хувцас угаах өрөө шинээр байрлуулсан, бүрэн автомат угаалгын газартай болгосон, гадны шашны байгууллага болон ТББ-уудын тусламжтайгаар 60 гудас, 100 бүтээлэгтэй болсон гээд багагүй зүйл хийжээ. Мөн гудас, бүтээлгээ шинээр солисон, цэвэрлэгээ сайжирсан, байцаагчийн өрөөнүүдийг кварцаар цэвэрлэсэн, өрөөнүүдэд цэвэр усны кантнер шинээр байрлуулсан зэрэг ололт байна.
Гэвч 114 хүний багтаамжтай байранд 100-120 хүн илүү байрлуулснаас нэг хүнд ногдох талбай багассан, зарим агааржуулагч эвдэрч, бүрэн ажиллахгүй болсон, тасалгааны нүүрстөрөгч ихэсч агаарын байх ёстой түвшнээс маш доогуур байв. Дискамер гэдэг ариутгалын машин эвдэрснээс болж байцаагч нарын өрөөнд ариутгал хийж чаддаггүй гэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Биднийг очиход 250 хүнтэй, 88 төмөр ортой, түүнийгээ 8 өрөөнд байрлуулсан нь нийт байцаагдагч нарын гуравны нэг нь л ороор хангагдаж байгаа гэсэн үг юм.

-Өмнөх удаагийн шалгалтуудаар илэрсэн зөрчлүүд давтагдаж байна уу?

-Албадан саатуулах, баривчлах төвд улиралд нэг удаа шалгалт хийдэг. Эдгээр зөрчлүүдийг арилгах үүднээс удаа дараа мэдэгдэл өгч байсан. Урьдын шалгалтаар гудас бүтээлгүүдийг цэвэрлээгүй удсанаас болж бөөс тархсан нь илэрч байсан. Харин энэ удаагийн шалгалтаар дээрх зөрчил арилсан шинжтэй байлаа.
Бид саяны удаад шөнийн шалгалт хэлбэрээр гэнэт очиж, хучлага дэвгэрээр хэрхэн хангаж байгаа, ахуйн байдал хэр байгаа зэргийг шалгасан юм. Тэнд нийт 250 хүн байсны 103 хүн нь өвөртөө орж, үлдсэн 140 гаруй нь хучлагагүйгээр цементэн хүйтэн шалан дээр дэвсгэр дэвсээд хэвтэж байсан. Энэ нь дээр дурьдсан ЦЕГ-ын 46-р тушаалын 22.2-т заасны дагуу нэг хүнд 2 метр талбай ноогдуулж, модон ор тавьж өгнө гэсэн журмыг зөрчиж байгаа юм.
Мөн өдөрт 2 удаа талх, халуун цай өгөх, энэ нь 2400 киллкалороос багагүй байх ёстой байдаг. Баривчлан, саатуулагдсан хүмүүст өгч байгаа гурилтай шөлийг шинжилж үзэхэд нэг хүнд 430 гр жинтэй, 1126 киллкалор илчлэгтэй байсан. НҮБ-аас баталсан байцаагдагчийн эрхийг маш өндөр хэмжээнд баталсан байдаг. Цаг агаар, ахуйн нөхцөл байдлаас шалтгаалаад ядаж долоо хоногт нэг удаа усанд оруулна гэх мэтээр. Гэтэл тэнд байгаа хүмүүсийг 14 хоногт нэг удаа усанд оруулсан гэж мэдээлсэн ч саатуулагдаж байгаа хүмүүсийн нэг нь бүүр “Би энд ирээд 22 хонож байхад нэг ч удаа нүүр гараа угаагаагүй” гэж ярьж байсан.
Тэнд 250-300 хүн байрлуулж байж, ядаж шүршүүр, угаалтуурын ихэсгэх хэрэгтэй. Гэтэл одоо тавхан угаалтууртай байна. Хүмүүс өглөө босоод бие засахаар оочирлож байгаад хугацаа нь дуусаад тооллогондоо гардаг юм билээ. Албадан саатуулах газарт хүний эрх гэж байхаа больжээ. Тэнд хүний эрхийг улан дороо гишгэж байна.

-Мэдэгдэл явуулаад байхад зөрчлөө арилгахгүй байна. Энэ хууль зөрчиж байгаа хэрэг биш үү?

-Бид 2011 оны 3-р сарын шалгалтын талаар Улсын ерөнхий прокурорт мэдээлсэн. Улсын ерөнхий прокурор, хурандаа Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Сандаг-Очирт мэдэгдэл бичсэн юм. Мэдэгдэлийн хариуд “Албадан саатуулах газар нийтдээ 114 хүнийг хүлээн авч, 7-30 хоногийн хугацаатайгаар байлгаж, түр саатуулах байранд 79 хүнийг 3 хүртэлх хоногоор байрлуулдаг. Нийтдээ 193 хүний хоол бэлтгэх зардлаар дунджаар 250-300 хүний хоол бэлтгэж байна. Тиймээс 2400 киллкалор илчлэгт хүрэхгүй байна. Үүнийг бид цаашид анхаарч, судалсаар байна” гэсэн байсан.
Мөн НМХГ-аас 2009 онд албадан саатуулах газрын байранд шалгалт хийж, хагаралт цууралт ихтэй, маш удсан барилга учраас мөөгөнцөрдөж, муудаад, их муухай үнэртэй болсон. Үүнийг засаж янзлахгүй бол нурж унах аюултай гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Уг төвийн барилга 1970 оны сүүлчээр ашиглалтад орж байсан юм. Харин хариуд нь холбогдох газруудад өгч шалгуулан судалсаар байгаа гэж мэдэгдээд байдаг. Тэд судалсаар жил, хоёр жил болсон ч дорвитой өөрчлөлт алга. Хэдий болтол ийм муухай газарт хүмүүс эрхээ зөрчүүлэх юм бол.

-Байцаагдаж байгаа хүмүүсээр хөдөлмөр хийлгэдэг, энэ талаар?

-Хүмүүсийг гэрээ хийн ажил­луулах тухай хууль байдаг. Тэдэнд хийснийх нь дагуу цалин хөлсийг нь олгох ёстой. Өдөрт 8 цаг ажиллуулна. Өвөл биш зун л ажиллуулдаг. Тэнд байгаа байцаагч нарыг өглөө 8-аас орой 8 хүртэл ажиллуулж, хөлсийг нь өгдөггүй байна. Мөн дандаа цагдаагийн байгууллагуудад ажиллуулж байсан нь шалгалтаар илэрсэн юм. Сүүлд хувийн хэд хэдэн компаниудтай гэрээ байгуулан саатуулагдаж байгаа хүмүүсийг өдрийн 5200 төгрөгөөр ажиллуулсан байжээ. Түүнээс Улсын төсөвт 2 сая гаруй төгрөг хуримтлагдаж, хүмүүст нэг ч төгрөг бодогдоогүй. Бид эдгээр хүмүүст хийснийх нь төлөө идэж байгаа хоол, хэрэглэж байгаа цахилгаан, ус зэргийг хасаад үлдсэн төгрөгийг нь олгох хэрэгтэй гэдэг шаардлага тавиад байгаа.

-Цаашдаа энэ хэвэндээ байвал яах бэ?

-Бид 10-р сарын 31-нд мэдэгдэл явуулсан байгаа. 14 хоног хүлээнэ. Хэрвээ тэд биелүүлэхгүй бол бид хүлээн авах ёстой 114 хүнээ хүлээн авч түүнээс хэтрүүлэхийг хориглоно гэдэг шаардлагыг тавьж ажиллана.
Прокурорын байгууллагаас шийтгэл эдэлж байгаа энэ байдлыг хууль дүрмийн дагуу эдлүүлэхийг зорьж байна. Хүн бүрийг шаардлага хангасан орчинд ял шийтгэлээ эдлэх боломжийг олгохыг хичээж байгаа. Мөн тус төвд байгаа иргэдийг байх ёстой багтаамжаар байлгах ёстой гэж үзэж байна.
Б. Мандуул
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш