“Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцогч Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Хурлын нэр, агуулгыг хараад надад Монголын их найрагчийн нэгэн сайхан шүлгийн мөр санаанд орж байна. Их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ
“Дөрвөн цагийн улиралд
Дураараа нүүх нутагтай” гэж шүлэглэсэн нь бий. Их найрагчийг энэхүү алдарт шүлгээ бичиж байх үед Монгол Улс бүхлээрээ нүүдлийн соёл иргэншлийн төв, гол төлөөлөл нь байлаа. Харин өнөөдөр нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж байгаа бөгөөд энэхүү шинэ соёлын төв нь Улаанбаатар хот юм. Тийм ч учраас бид өнөөдөр Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй, орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх тухай ярилцаж байна.
Улаанбаатарыг өнөөдөр нэг хороо, нэг дүүргээр нь хэсэгчлэн хөгжүүлэх боломжгүй. Яагаад гэвэл Улаанбаатар бол суурин соёл иргэншлийн төв. Тийм учраас нэг саяас дээш хүн амтай, суурин соёл иргэншлийн төв болсон Улаанбаатар хотын хөгжлийг цогцоор нь буюу бүхлээр нь харсан инженерийн шийдлээр хөгжүүлэх ёстой. Инженерийн шийдэлтэй, Их хот буюу метрополис хотыг байгуулах, хөгжүүлэх нь та бидний эрхэм зорилго юм. Үүний төлөө оюун ухаанаа уралдуулж, боломжтой санаа оноог нь хэрэгжүүлэх хэрэгтэй, Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар өнөөдөр хүн амын өсөлтөөрөө метрополис хотын төвшинд нэгэнт хүрсэн, харин хөгжлөөрөө хоцорч явна.
Монгол Улс бол Төв Азийн зүрхэнд оршдог бүрэн эрхт тусгаар улс. Түүний нийслэл нь дэлхийн стандартаар дагуул хотын хэмжээний хөгжилтэй байж болохгүй. Энэ бол манай Засгийн газрын байр суурь. Бусдын нийслэл орчин цагт ямар хөгжилтэй байна вэ, айлын хүүхдүүд ямар хотод өсч сурч хүмүүжиж байна вэ, Монгол Улсын нийслэл яг л тийм байх ёстой. Энэ бол манай Засгийн газрын төдийгүй монгол хүн бүрийн мөрөөдөл юм. Энэ мөрөөдлийг биелүүлэх, бодит ажил хэрэг болгохын төлөө мэргэжлийн инженерүүд илүү ухаанаа зарж, улс төрчид, хотын удирдлагууд тэднийг сонсож ажил хэрэг болгох ёстой, үүнийг л шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх гэнэ.
Орчин цагийн хөгжилтэй хот гэж гоё ганган, олон давхар шилэн барилгуудын тухай би яриагүй. Улаанбаатар хотын удирдлагууд маань “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хотын айл болгон, хүн бүрийг аз жаргалтай амьдруулна гэдэг амаргүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардагдана. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүрэх ёстой холын зорилгыг ойртуулахын төлөө улс төрийн эр зориг гаргаж, энэ чиглэлээр эрч хүчтэй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд, түүний баг хамт олон, ИТХ-д Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэе.
Миний бие нэгэнт Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхэд инженерийн шийдэл хамгийн чухал гэж үзэж байгаа учраас тэднийг оюун ухаанаа зарцуулах, зураг төсөл боловсруулахад санаа болгож хэдэн санал хэлье.
1. Улаанбаатар хот өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 0.3-хан хувийг эзэлдэг. Тэгсэн хирнээ манай улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдарч байна. Энэ нь юутай холбоотой байна вэ, төрийн байгууллагуудаа дагасан төвлөрөл байна уу, дэд бүтэцдээ баригдсан бөөгнөрөл үү. Цаашид ингэж нийт газар нутгийнхаа 0.3-хан хувь дээр шахцалдан, шавааралдан амьдарсаар байх уу, яаж шийдэх вэ гэдэгт улстөрчдийнхөөс илүү мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, санаа оноо чухал байна. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, төслийг боловсруулж байна. Удахгүй УИХ-д өргөн барьж, батлуулснаар хотуудаас гадна аймаг, сумын төв, бусад суурингийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсэг ажиллуулж, энэ хүрээнд засаг захиргаа, нутгийн удирдлагыг төгөлдөржүүлэх шаардлага байгааг тодорхойлж, хот тосгоныг засаг захиргааны нэгж болгон хөгжүүлэх санал боловсруулсан байгаа. УИХ-ын шийдвэрээр саяхан зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын дүн нь засаг захиргааны нэгжийн бүтцийг төгөлдөржүүлэх, шинэ хотын бодит эрэлт иргэдийн дунд байгааг илтгэн харууллаа.
2. Хэрвээ Улаанбаатар хот өнөөдөр хүн амын өсөлтөөрөө дэлхийн стандарт бүхий метрополис хотын төвшинд хүрсэн юм бол энэ тодорхойлолтын гол шалгуур болсон амгалан, стрессгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, энэ тал дээр өнөөдрөөс эхлээд илүү санаа тавих, тодорхой ажлууд хийх хэрэгтэй. “Аз жаргалтай-Улаанбаатар” хөтөлбөр хотын иргэн бүрийг амгалан, стрессгүй амьдруулахаас эхлэх ёстой. Энэ тал дээр хотын удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй байна.
3. Улаанбаатар бол улсын нийслэл, Монголын суурин соёлын төв боловч, монголчуудын уламжлалт амьдралын хэв маягийг хадгалан агуулгыг нь баяжуулсан шинэ суурьшилд, уламжлалт үйлдвэрлэлийг шинэ технологи, ур чадвартай хослуулан хөгжүүлэх, инновацид гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ талын төсөл, хөтөлбөр, хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хоттойгоо хамтарч ажиллахад Монгол Улсын Засгийн газар бэлэн байгааг хэлье.
4. Хотын хөгжил бол дан ганц үйлдвэрлэл, өндөр байшин барилгууд биш юм. Хотын соёл бол хотын хөгжил гэж би хувьдаа ойлгодог. Хотын соёлыг зөвхөн хууль дүрмээр зохицуулахгүй. Хотын соёлыг төлөвшүүлэхэд орчин нөхцөл чухал. Хотын соёл бол хотод амьдрах стандарт юм. Тэрхүү стандартыг бий болгох нь төр засаг, хоттой холбоотой ажилладаг байгууллага бүрийн үүрэг юм. Наад зах нь тухайн байгууллага дотроо болон ойр орчимдоо хогийн сав тавиагүй байж хогоо хаана хаях хотын соёлыг иргэнээсээ шаардах нь утгагүй юм.
Ер нь хотын хөгжил гэхээр л метротой болох, давхар зам, гүүрэн гарц барих зэрэг дандаа том төслүүд биш юм. Хотын хөгжил жижгээс эхэлнэ. Хотын соёлтой иргэн гарцан дээр явган зорчигчийг дайрчих гээд зүтгээд байхгүй. Хэрвээ бүгдээрээ гарцан дээр явган зорчигчдод зам тавиад сурчихвал хотын иргэн аюулгүй, амгалан амьдрах нэг шалгуур бүрдэнэ. Аюулгүй, амгалан амьдралтай хотыг хөгжилгүй хот гэж хэн ч хэлэхгүй. Эцэст нь хэлэхэд хотын хөгжил бол улсын хөгжлийн үндэс юм. Тийм учраас Улаанбаатар хот маань ирээдүйд Азийн нүүр царай болсон, олон улсын төвшинд өрсөлдөх чадвар бүхий бизнес, эрүүл мэнд, боловсролын төв бүхий инженерийн шийдэлтэй их хот /метрополис/ болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Тийм сайхан хотыг бүтээж, тийм сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээхийн төлөө өнөөдрөөс эхлэн зүтгэх нь Та бидний үүрэг, зугтааж үл болох хариуцлага гэдгийг хэлье гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.