logo
Экс Ерөнхийлөгч П.Очирбатын 20 настай ганц хөтөлбөр 2000 гаруй гол, нуурыг ширгээж дөнгөв

Экс Ерөнхийлөгч П.Очирбатын 20 настай ганц хөтөлбөр 2000 гаруй гол, нуурыг ширгээж дөнгөв

2011/11/07
Алт хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улс жилд дунджаар 720-800 кг алт олборлож байв. Өнөөдрийн олборлолтоор бол энэ тоо захын нинжа нарт ч инээдтэй санагдана. Тэгвэл Алт хөтөлбөрийг эхлүүлснээр олборлолтын хэмжээ эрс нэмэгдэж, 1996 он гэхэд 1991 оныхоос 7,5 дахин өссөн үзүүлэлттэй гарч байлаа. Тухайн үедээ Алт хөтөлбөр эдийн засгийн чадавхгүй, хөрөнгө оруулалтаар цангаж байх үеийн томоохон төсөл байсан бөгөөд хээгүй Ерөнхийлөгч П.Очирбатын шууд санаачилгаар эхэлсэн тул гэрлийн хурдаар эрчээ авсан юм.
Тухайн үед буюу 1991 онд 6 аж ахуйн нэгж алт олборлон Монголбанкинд 806 кг алт тушааж байсан бол  2005 онд 131 болж, нийт 15232,9 кг алт тушаасан нь 1991 онтой харьцуулахад 20 дахин өсч, улсын эрдэнэсийн санг арвижуулахад бодитой хувь нэмэр болсон байдаг. Энэ бол зөвхөн алт дагасан мөнгөн урсгалын тухай тоон мэдээ.
Харин алтнаас болж хэчнээн голын урсгал тасарсан тухай мэдээг саяхан Байгаль орчны яамнаас зарлалаа.  Өнгөрөгч зургадугаар сараас явагдаж эхэлсэн энэхүү тооллогын ажил дуусч усны тоо бүртгэлийн дүнг нэгтгэжээ. Тус тайланд 2011 оны байдлаар манай улсад 6646 гол, 3613 нуур, 10557 булаг, 265 рашаан байна гэж тэмдэглэсэн байна. Харамсалтай нь энэ тооцоо Монгол орон даяар  нийт 21081 гол, нууруудаас 2621 нь ширгэсэн болохыг албан ёсоор зарласан хэрэг.  Тодруулбал, нийт 551 гол, 483 нуур, 1587 булаг усгүйдэж ширгэсэн аж.  Үндсэн шалтгаан нь Алт хөтөлбөр.
Ажин түжин байсан Алт хөтөлбөр олны анхааралд өртөж эхэлсэн нь усны тооллогоос  бүр эрт 2006 оны үе. “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай”  буюу сэтгүүлчдийн нэрлэж заншсанаар Гэнэтийн ашгийн тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш алт олборлогч аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс хилээр алтыг нууцаар гадагш зөөх ородлого хийх болж, хууль хяналтын байгууллагын хар дансанд нийт 28 үйлдлийг гаалийн байгууллага илрүүлж, 95,8 кг алтыг хураан авч холбогдох байгууллагад шилжүүллээ хэмээн тэмдэглэн үлдсэн байгаа.
Хээгүй ерөнхийлөгч автортай энэ хөтөлбөрийн араас ниргэсэн хойно хашгирахын үлгэрээр УИХ  2011 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хуулийг цуцалсан шийдвэр гаргасан.“Ашигт малтмалын тухай” хуульд Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн тухай заалтыг оруулсан. Манай улсад бүртгэгдсэн нийт алтны нөөц 1465 тонн бөгөөд алтны 535 шороон орд, 48 үндсэн орд байгаагаас  2010 оны байдлаар ашиглаж байгаа шороон ордын үлдэгдэл нөөц 20,6 тн, үндсэн ордын үлдэгдэл нөөц 22,6 тн  гээд дурьдвал алттай холбоотой тоон мэдээллүүд хангалттай хөвөрнө. Хамгийн гол нь байгаль, экологийн талаас авч үзвэл Алт хөтөлбөрийг баталснаас хойшхи 20 жил гайхамшиг бус гамшиг дагуулсан нь илэрхий байна. Ялангуяа шороон ордын олборлолт гол усыг олноор ширгээгээд зогсохгүй, байгаль орчныг бүрэн сүйдэлж дөнгөсөн юм. Аливаа хууль, томоохон хөтөлбөр төслүүдийг түүхэнд хожим автораар нь цоллож, алдаа оноог нь тунгаадаг. Алт хөтөлбөр яг энэ утгаар нь авч үзвэл анхны Ерөнхийлөгчийн “хүү” нь мөн. Тэгэхээр алт дагасан энэ гамшгийн хохирлыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх цаг ирлээ.
Д.Ууганбаяр
SHUDARGA.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш