logo
Монгол Улс гурил, төмснийхөө хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж байгаад баяр хүргэв

Монгол Улс гурил, төмснийхөө хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж байгаад баяр хүргэв

2011/11/08
Атрын III аяны хүрээнд Монгол Улс гурил, төмснийхөө хэрэгцээг дотоодын ургацаас бүрэн хангах боломжтой болсон нь маш чухал үзүүлэлт гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн /НҮБ-ын ХХААБ/ байгууллагын дэд захирал бөгөөд Ази, Номхон далайн бүсийн захирал Хироюки Конума хэлэв.
    Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцахдаа ингэж үнэлсэн байна.
    НҮБ-ын ХХААБ нь манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр, тухайлбал 2009 оны зудын үеэр 1,3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, шүлхий болон хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэх, Эмзэг бүлгийн хүнсний ногооны хангамжийг сайжруулах, махны үйлдвэрт эгзэгтэй цэгийн чанарын хяналтын тогтолцоо нэвтрүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөрийг  амжилттай хэрэгжүүлж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэжээ.
    Атрын III аяныг амжилттай хэрэгжүүлсний дүнд монголчууд гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, улмаар гадаадад экспортлох боломж бүрдсэн. Цаашид бүс нутагтаа улаан буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, бааз орон болох хүсэлтэй байна. Ингэснээр Монгол Улс хүнсний тусламж авдаг орноос экспортлогч орон болж, Ази, Номхон далайн бүс дэх НҮБ-ын ХХААБ-ын загвар орон болох чиглэлээр хамтран ажиллая гэжээ.
    “Хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр болон “Даян дэлхийн хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд тус байгууллагын техник туслалцааг цаашид үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн байна.
    Монгол Улс газар тариалангийн салбараа сэргээж улмаар 100 мянган тонн улаан буудай экспортолж, бүс нутгийн хэрэгцээнд өөрийн хувь нэмрээ оруулах чадавхитай болсонд тэрээр баяр хүргэсэн байна. 
    Цаашид ашиглах боломжтой 700 гаруй мянган га талбайд төрөл бүрийн ургамал тариалж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадаадын улс орнуудад нийлүүлэх боломж байгааг тэмдэглээд энэ чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш