Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын үндэсний төв товчооны дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч долоо хоногт БНСВУ-ын Ханой хотод болсон олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага, Интерполын ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганд оролцсон байна. “Амар тайван ертөнцийн төлөө цагдаагийн байгууллагуудын бат бөх түншлэл” сэдвийн дор зохион байгуулсан Интерполын энэ удаагийн чуулганд дэлхийн 191 орны цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцсон аж. Тэд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, алан хядлага, техник технологийг ашиглан үйлдсэн гэмт хэрэг, хүүхдийг цахим хуудсаар бэлгийн мөлжлөгт зуучлах, спортын салбарын авлига, хуурамч эм, бэлдмэлийн үйлдвэрлэл, худалдаатай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх асуудлуудыг хэлэлцжээ. Мөн энэ сарын 04-06-ны өдрүүдэд манай цагдаагийн байгууллагын төлөөлөгчид тус улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны урилгаар албаны хүмүүстэй уулзалт хийжээ. Энэхүү уулзалтын хүрээнд тус улсын Нийгмийн аюулгүй байдлын яам, Цагдаагийн ерөнхий газар болон Куанг-Кинь мужийн цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, зохион байгуулалттай болон улс орон дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, харилцан мэдээ, мэдээлэл солилцох талаар хэлэлцсэн байна.