Харин 1960-аад оноос жинхэнэ эмэгтэйчүүдийн сэтгүүл болж , одоогийн “Космополитан” хэлбэрээ олсон байна. “Космопопитан” сэтгүүл өдгөө 120 сая уншигчтай. Монгол “Космополитан” сэтгүүлийн шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах улаан хивсний ёслол саяхан болж өнгөрлөө.
Салбар бүрээс шигшигдэн уншигчдын санал асуулгаар тодорсон шилдгүүдийн нэг нь дуучин Ану байж. “Хөөрхөн дэлхий” ТББ байгуулж Монголын 20 гаруй мянган хүүхдүүдэд хүрч ажилласан хүмүүнлэгийн үйлсийнх нь төлөө уншигчид түүнд санал өгсөн байна. Монголын шилдэг залуу эмэгтэй дуучнаар тодорсон дуучин Б.Анутай уулзаж ярилцлаа.
-Дуучин байхын хүүхэд багачуудад хүргэдэг хүмүүнлэгийн үйлсэд тань ард түмэн талархаж явдагийг энэхүү шагнал илтгэх шиг боллоо?
-Тиймээ. Би маш их баяртай байгаа. Миний хийсэн өчүүхэн хөдөлмөрийг уншигчид өндрөөр
үнэлсэн. Энэ шагнал намайг урамшуулахаас гадна асар их хариуцлага хүлээлгэж байна.
-Урлагт тасралтгүй найман жил зүтгэлээ. Өнгөрсөн хугацаанд чамгүй уран бүтээл туурвилаа. Энэ бүхнийг хэрхэн нэг дор амжуулдаг байв аа?
-Ану ер нь өөрөө өөрийнхөө продюссер, өөрийнхөө имиж мэйкэр байж ирсэн. Сүүлийн үед өөрийн гэсэн баг бүрэлдэхүүнтэй болсон учраас ажил маань хурдацтай явагдаж байгаа. Мэргэжлийн хүмүүсийн ур чадвар, ажилд хандаж байгаа хандлага нь нөлөөлөхөөр илүү дайчин болдог юм байна лээ.
-Дуучин Ану хөдөлмөрч эмэгтэй. Танд шантарч болъё гэмээр үе байсан уу?
-Тулгарч байгаа асуудал бэрхшээлийг давж гарах ёстой гэж боддог. Би нэгэнт энэ замыг сонгосон болохоор ухарч болохгүй. Заримдаа урам хугарах, гуних, бүр хэнд ч итгэхээ мэдэхгүй байх цаг үе надад байсан. Ер нь бол золиос зайлшгүй хэрэгтэй. Гаргаж байгаа золиосондоо би харамсч байгаагүй.
-Тэгэхээр урлагийн хүмүүс бүгд л ямар нэгэн золиос гаргаж байж л амжилтад хүрдэг гэж ойлгож болох уу?
-Бараг тийм. Урлагийн хүн байх хэцүү. Цаг тутамд л тэднээс хүмүүс ихийг хүсэн хүлээдэг. Хамгийн наад зах нь гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чаддаггүй.
-Ирээдүйнхээ амьдралыг хэрхэн төлөвлөж байна даа?
-Би одоо 25 настай. Санаа зөв бол заяа зөв гэдэгдээ. Би ирээдүйн амьдралаа сайн сайхнаар төсөөлдөг. Гоё харагддаг дэгжин бүсгүй байхаас илүүтэй хийсэн бүтээсэн зүйлээр дүүрэн байх юмсан гэж боддог.
-Танд баримталдаг зарчим гэж байдаг уу. Та ямар байхыг эрхэмлэдэг вэ?
-Урлагийн хүний хувьд сэтгэлийн дархлаатай байх ёстой гэж боддог. Үүнийг бий болгож чадсанаараа эцсийн зорилгодоо хүрнэ шүү дээ. Хэтэрхий хатуу байх нь эмэгтэй хүний сэтгэлийн уян хатан чанар алдагдуулдаг. Аливаа зүйлд зөв хослол дүгнэлт байх хэрэгтэй. Хатуу байх үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн, хүнийг уучилж чаддаг байх нь хүний мөн чанар гэж боддог доо.
Б.Нэргүй