logo
Сонгуулийн дүнгийн мэдээллийг хаалттай сүлжээгээр дамжуулна

Сонгуулийн дүнгийн мэдээллийг хаалттай сүлжээгээр дамжуулна

2011/11/11
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийн баталлаа.  Сонгуулийн автоматжуулсан системээр тоолсон дүн шууд төв рүүгээ очих уу, эсвэл тойргийн хэсгийн хороон дээр баталгаажаад төвд хүрэх үү, Сонгуулийн дүнг тоолж байтал цахилгаан тасраад машин гацвал яах вэ. Сонгуулийн дүнг төв рүү ямар байдлаар, ямар сүлжээгээр илгээх вэ гэхчлэн асуулт асуух гишүүд олон байсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нарын тайлбарласнаар тойргийн хороодод мэдээллийн төвийг байгуулах бөгөөд тус төвд албан ёсны сургалтад хамрагдан гэрчилгээ авсан хүмүүс ажиллах аж. Сонгуулийн саналын дүн урьдчилсан байдлаар төв рүү илгээгдэж байх бөгөөд мэдээж баталгаажиж гарын үсэг зурагдсаны дараа цахим болон цаасан хэлбэрээр төвд хүргэгдэх ажээ. Цахим хэлбэрээр мэдээллээ солилцох авах тухай асуудлаар СЕХ журам гаргах юм байна.
Автоматжуулсан техник, хэрэгсэл нь үндсэн хоёр хэсэгтэй аж. Эхнийх нь сонгогчдын бүртгэлийн машин бөгөөд тэрхүү машин сонгогчийг нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг нягтлах юм байна. Энэ машиныг Солонгосоос авахаар шийдээд байгаа бол санал аваад тоолох машиныг АНУ-аас авахаар СЕХ сонгожээ. Одоо худалдан авалтын гэрээ хэлэлцээ явагдаж байгаа гэнэ. Сонгуулийн дүнгийн мэдээллийг хэсгээс тойрогт, тойргоос сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх бөгөөд үүнийгээ интэрнэт зэрэг нээлттэй сүлжээгээр дамжуулахгүй юм байна. Тусгай хаалттай сүлжээгээр сонгуулийн дүнгийн мэдээлэл дамжих нь.
Санал хураалтын дүнг гаргах явцад цахилгаан тасрах зэрэг асуудлаас үүдсэн саатал гарахгүй гэж Н.Лувсанжав дарга тайлбарлаж байлаа. Энэ бүхнийг тооцоолсон бөгөөд нөөц зай хураагуур тавихаас гадна өөр нөөц төлөвлөгөө ч бас байгаа гэсэн.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Сонгуулийг автоматжуулсан сисмемээр явуулахад иргэд сонгогчид ямар эрх, үүрэгтэй байх юм бэ. Хуулийн төсөл дээр сонгуулийг автоматжуулсан системээр явуулахад ултөрийн намуудын зөвшилцийг хангана гэж байна. Хэрвээ намууд ийм иситемээр явуулахгүй гээд тохиролцчихвол автоматжуулсан системийг ашиглахгүй байх юм уу гэж лавласан.
УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатар, “Автоматжуулсан системийн мэдээллийн санд сонгуулийн эрх бүхий иргэдийн мэдээлэл байршина. Иргэд мэдээллийн сантай харьцаж мэдээлэл авах эрх нь нээлттэй. Энэ талаар хуульд заасан байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг туршина гэсэн заалт байна. Сонгууль болох цаг нэлээд тулсан байдаг. Гэтэл техник, хэрэгсэл маань орж ирээгүй байгаа. Сонгуулийн өмнө тулгаж оруулж ирээд туршсан ч юмгүй хэрэглэх юм болох вий дээ хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Харин Ж.Сүхбаатар гишүүний тайлбарласнаар автоматжуулсан хэрэгслийг авчран, сонгуулиас өмнө турших хугацаа хангалттай байгаа юм байна.
Гишүүд ийн хэлэлцээд уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.8 хувийн саналаар баталлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш