logo
Цэрэг би чинь ингэж бодохоор, цээжин дотор минь...

Цэрэг би чинь ингэж бодохоор, цээжин дотор минь...

2020/03/04

Эх нутгийн минь дөрвөн зүг, найман зовхист сэрээд командын дуу цангиналаа. Өглөөний 07:00 цагт бос командын дагуу бүх цэргүүд хам хум, гар хөлөө зөрүүлэн байж хувцаслан гарахад бэлтгэнэ. Шинэ өдөр өглөөний гүйлт, гимнастикаар эхэлнэ. Ард байхдаа өглөө гүйх нь битгий хэл гимнастик гэдэг үг мэддэггүй байсансан. Цэргээс ирсэн ах нарын цээж нь задарч, хоолой нь илүү бүдүүрч цаанаа нэг эр хүн шиг болсны нууц юу болохыг гайхдаг байв. Ээжийн эрх хүүг эр бие нь чангарч, зориг, тэвчээр хатуужилтай болгон хүмүүжүүлдэг цор ганц нууц нь бэлтгэл сургуулилт байсныг мэдсэн юм. Анх хүнээс үг сонсож сураагүй, ажил хийж чаддаггүй залуус цэрэгт ирээд удалгүй албандаа дасч зан төлөв, бие бялдар гээд бүхий л талаараа өөрчлөгддөг юм байна. Цэргийн албанд татагдах үед хүмүүсээс болон сошиалаас цэргийн албанд дэглэлт их, хоол муу, чанга хатуу зэргээр анхны төсөөллийг авсан. Гэвч тэр хуучны дүр төрх нэгэнтээ алга болжээ.

Шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрх гэж энийг л хэлэх байх. Ер нь бол дарга нарынхаа хайр халамжид цэргийн алба хааж байна. Офицер, ахлагч нар хаана ч явсан “За давгүй юу? Хоол ундандаа цадаж байна уу? Хувцсаа бүрэн өмс” гэх мэтээр байнга халамж тавин цэргүүдээ гэсэн сэтгэлтэй хандана. Өглөөний цайндаа орсны дараа анги нэгддэг. Нэгдэлтийн дараа харуул манаагаа томилон хэн өнөөдөр юу хийх нь тов тодорхой болно. Цэргийн амьдралд барагцаална гэсэн зүйл үгүй. Бүх юм дэг журмынхаа дагуу болохоор эхэндээ жаахан хэцүү. Дөрвөн сарын дотор бүх зүйлд нэгэнтээ дасчихдаг. Ард байсан үедээ ажил төлөвлөж, хийж байснаа бодохоор “балчирхан” байжээ.

Цэргийн гал зуухны хаалгаар ороход цэвэрхэн зүссэн шинэхэн талх ширээн дээр угтана. Өдөр нэг, хоёрдугаар хоолтой, цэргүүд чимээгүйхэн цэвэрхэн хооллож дуусгаад “Анхаар бос номхон” командаар “Сайхан хоолоор дайлсан тогооч эгч нартаа баярлалаа” гэж хэлээд гараад жагсана. Хоолны дараа бага үдийн амралт эдэлнэ. Бидний яриагаар хамгийн сайхан команд “АМАР”. Амралтын дараа дахиад жагсаалын бэлтгэл, соёл олон нийтийн ажил гэх мэт хуваарийн дагуу тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом явуулна. Цэрэгт уйдах зав байхгүй шүү. Гэтэл бид чинь утсаа эргүүлж суухдаа л санаа алдан уйддаг. -30 хэмийн хүйтэнд хилчин дээл, малгай, эсгий гутлаа өмсөөд манаандаа гарна даа. Эхэндээ шөнийн харанхуйд их л эвгүй байсан. Харин одоо бол асуудалгүй. 

Нэг жил гэдэг хүний амьдралд хэнэггүйхэн өнгөрөөвөл юу ч биш. Харин зорилго тэмүүлэлтэй туулбал амьдралдаа олон алтан үеийг сийлж болох мөч. Би энд ирээд шинэ мөрөөдөлтэй болсон. Андууд минь намайг хүлээж бай, “ах” нь албаа хаагаад удахгүй очно.

Хилийн 0252 дугаар ангийн байлдагч Б.Мөнхсайхан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш