logo
Евроазийн гэрээ хэмээх мухар байшинд орох хэрэгтэй гэж үү?

Евроазийн гэрээ хэмээх мухар байшинд орох хэрэгтэй гэж үү?

2024/12/19
Сүүлийн10 хоногийн турш Евроазийн гэрээ гэх асуудал нийтийн анхаарлын төвд байна. Урьд хэн ч дуулаагүй, хэн ч хараагүй гэрээний асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Д.Үүрийнтуяа нар анхлан нийтэд ил болгосноор Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны гэрээ гээч зүйлийн талаар нийгмээрээ бухимдаж, хэлэлцэж байна. Гэрээний утгыг судлах бүрт нийтээрээ хэлэлцэхээс ч аргагүй нөхцөлүүд ар араасаа бий болж байна. 
  1. Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны гэрээг байгуулснаар Монгол Улсын бие даан шийдвэр гаргах чадамж буурах уу?
  2. Энэ гэрээг байгуулах процесс нууц явж ирсэний шалтгаан?
Захаас нь дурдахад илтэд эргэлзээ төрүүлэхүйц ийм том асуудлууд байсаар байтал Засгийн газар гэрээний процессоо УИХ-ын гишүүдээс хүртэл нууж явсаар адаг сүүлд нь газар дээрээ гардуулсан нь энэ. УИХ-ын гишүүд уг гэрээг сөхөж тавихдаа зөв хоёр санааг илэрхийлсэн.


-Ч.Лодойсамбуугийн хөндсөн “300 сая хүнтэй зах зээлд гарна гээд 3 сая хүнтэй зах зээлд арайхийж өндийсөн ААН-үүдээ татаж унагах уу, бид хоолоо хойд хөршөөсөө гуйдаг болох уу, дээрэлхүүлэх бас нэг шалтгаан үүсэх үү?”.

-Д.Үүрийнтуяагийн хэлсэн “19 гол нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь УИХ-ын 36-р тогтоолоор батлагдсан Монгол төрийн бодлого. Гэтэл энэ 19 бүтээгдэхүүн бүгдээрээ энэ гэрээнд багтсан байх юм. Энэ бодлого яах вэ? “Хүнсний хувьсгал” хөтөлбөр яах вэ?”.

Үндэсний эрх ашиг 1-рт байх нь үнэн бол дээрх хоёр сэдэв бол яах аргагүй анхаарах учиртай асуудал.

 
ЧАДДАГ ЗҮЙЛЭЭ БОЙМЛУУЛАХ УУ?

Тэгэхээр асуудлын гол учир нь гэрээ байгуулах эсэх тухайд биш юм. Гэрээнд тусгагдсан 19 нэр төрлийн бүтээгдэхүүнд л байгаа юм. Мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, төмс, өндөг, хүнсний ногоо, архи, пиво, ундаа гээд тус гэрээнд бичигдсэн бүтээгдэхүүнүүдийг Монгол улс бүгдийг нь үйлдвэрлэж чаддаг. Чадахаар барах уу, гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ ирэх 5 жилд дотооддоо үйлдвэрлэх бодлогыг баталж, энэ хүрээнд 1.7 их наяд төгрөгний санхүүжилтийн төлөвлөчихсөн. Үүний 833 тэрбум гаруй нь ААН-үүдэд зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр хэдийнэ олгогдчихсон.  Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 24 шинэ үйлдвэр байгуулж, 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортоос олох орлогоо 1 их наядаар нэмж, 250 тэрбум төгрөгийн импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ гээд тов тодорхой бодлого боловсруулаад, түүнийгээ мөрдөөд, хэрэгжүүлээд явж байгаа тусгаар бодлоготой улс шүү дээ. Ийм эх оронч хэтийн бодлоготой улс орны Засгийн газар нь үүнийгээ боймлуулах олон улсын гэрээ байгуулэх гээд явж байж болох юм уу???
Үүнд л асуудлын цөм байгаа юм. Үүнийг л олон нийт эсэргүүцээд байгаа юм.
 
“ТҮР” ХЭМЭЭХ ТОДОРХОЙЛОЛТЫН ЦААНА


Энэ гэрээг “зөв” гэж ойлгуулах гэсэндээ Засгийн газрын гишүүд ашигтай, тустай энэ тэр гээд янз, янзын л тайлбар хэлнэ билээ. “Энэ чинь түр гэрээ юм аа” гэдгээр тайвшруулчих санаатай ч байна. Тиймээ тийм, түр гэрээ гэдэг нь үнэн. Оросууд ч гэсэн ингэж тодорхойлж байна. Гэхдээ “түр” нэрийн дор “БҮРЭН” хэмжээнд шахамжуулж болдог гэдгийг л МАРТАЖ БОЛОХГҮЙ. “Түр” гэдгээр урхидаж аваад “БҮР” болгочихоо тэр улсууд мэдэлгүй дээ. Тиймээс Засгийн газрын гишүүд энэ үгээр иргэдээ бүү аргал, битгий хуур. Бас нэг гоё нэр томъёог гарч ирнэ лээ.

“Туршилтын гэрээ”.  

Гэрээний цаад зорилгыг ухаж ойлгож авахын тулд тэр холбоог нь, тэр гэрээний стандарт агуулгыг нь ухаж төнхөх учиртай. Тиймээс ЕАЭХ-ны гэрээний стандарт зорилгыг шууд хөрвүүлье. “Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ гэдэг нь Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааг байгуулах хүрээнд бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчний чөлөөтэй хөдлөх боломжийг хангах, эдийн засгийн салбарын хүрээнд аливаа гэрээ болон олон улсын гэрээнд оролцохдоо ЕАЭХ-той харилцан уялдаатай, тохиролцсон эсвэл нэгдсэн бодлого хэрэгжүүлэх”. Энэ тодорхойлолтоос олон зүйлийг ухаж ойлгож болно. ЕАЭХ-ны түүхээс нь нэлээд мэдээллийг авч болно. Бүрэн эрхт гишүүд нь Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ. (Бүгд ОХУ-аас эдийн засгийн хараат улс). Ажиглагч  улсууд Молдав, Узбекистан, Куба. Өөрсдийнх нь мэдээлснээр Вьетнам, Сербтэй чөлөөт худалдааны гэрээ байгуулж, Индонез, АНЭУ-тай манайх шиг хэлэлцээр хийгээд дуусч байгаа гэнэ. Хүссэн, хүлээсэн үр өгөөжөө хүртэхгүй байгаагаас Армен улс тус холбооны гишүүнчлэлээсээ татгалзах тухай асуудлыг хөндөж байгаа бол Казахстан улс энэ талаар сүүлийн хэдэн жилийн турш дотроо маргаж ирсэн. Тэндхийн олон эдийн засагч “Казахстан дэлхийн эдийн засгаас улам тусгаарлагдаж байна” хэмээн үздэг. Сүүлийн жилүүдийн статистикаар Евроазийн эдийн засгийн зах зээл дээрх барааны эргэлтийн 86% ОХУ дангаараа эзэлж байна.
 
ГЭРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА 3 ЖИЛ

Манай Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны гэрээг дарж байгаад байгуулах гээд байсны шалтгааныг хойд хөршийн эх сурвалжууд хэлээд өгч байна. Энэ гэрээнд юу юу орох тухай бүх заалтууд аль 9-р сард тодорхой болсон байж. Евразийн эдийн засгийн холбооны Худалдааны яамны сайд Андрей Слепнев “Өнгөрсөн долоо хоногт бид Монгол Улстай тохиролцсон гэрээний төслийн эцсийн найруулгыг хийсэн” хэмээн  9-р сарын 17-ны өдөр Оросын хэвлэлдээ мэдэгдсэн. Энэ хүн бүр 7-р сарын 2-нд “Монгол улстай оны эцэс гэхэд гэрээ байгуулна” хэмээгээд түр гэрээг “Стратегийн ач холбогдолтой” гэж тодорхойлсон байгаа юм.

“Монголын уламжлалт экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх тус гэрээг бид 12-р сард болох Евразийн эдийн засгийн Дээд зөвлөлийн хурлаар байгуулах төлөвлөгөөтэй байна" хэмээн ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны сайд Александр Козлов энэ оны 8-р сард мэдэгджээ. Уламжлалт гэдэг тодорхойлолтыг энэ ишлэлээс ухаж харах хэрэгтэй.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчукийн өгүүлснээр түр гэрээний үйлчлэх хугацаа нь 3 жил байх юм байна. Тэгэхдээ Монголын талаас ЕАЭХ-ны гишүүн 5 оронд экспортлох барааны нэр төрөл нь ердөө мах, арьс шир, ноос, ноолуур зэрэг хязгаарлагдмал тооны бараа бүтээгдэхүүн байхыг Оверчук өгүүлсэн. Үүний хариуд нь бид тэдгээр 5 улсын бараг бүх гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголд татваргүйгээр нэвтрүүлэх, борлуулах боломжоор 3 жилийн турш хангах үүргийг хүлээх нь. (Дээр өгүүлсэн 86% энд хамаатай).
Энэ бол ХАА, МАА, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг Монголын ААН-үүдийг бүрэн дампуурахад хүргэх ХАНГАЛТТАЙ НӨХЦӨЛ, ХАНГАЛТТАЙ ХУГАЦАА.

Энэ бүхнийг өгүүлсний учир нь Монголын Засгийн газар одоо нэр төр яриад яахав. Хэд гурван сайд нарын нүүр улайх энэ тэр бол бүр цаашаа. Энд улсын бодлоготой зөрчилдөх, үндэсний эрх ашигтай харшилдах асуудал хөндөгдөж байна. Энэ гэрээг байгуулах нь зөв байж болно, бүсийн геополитик талаасаа. Гэхдээ алсыг хардаг баатрууд болохын тулд хөдөлгүүрийнхээ эд ангийг эвдэх шаардалгатай юу? Эд ангигүй болсон хөдөлгүүрт алсын хараа хэрэг болох уу? гэдгийг л дахин тунгаах учиртай. ХАА, МАА, хүнсний салбар ТУСГААР ТОГНОЛЫН БАТАЛГАА ЮМ.

Ямартай ч энэхүү маапаантай гэрээг байгуулах цаг хугацааг Засгийн газар хуралдаанаараа хойшлууллаа. Энэ нь сайн хэрэг, одоохондоо. Удахгүй дахиад л яригдаж эхэлнэ, хаа нэгтэйгээс эргээд л шахамдуулж эхэлнэ. Узбекистан улсад үзүүлдэгтэй адил. Тэр цагт л асуудлыг илээр хэлэлцэж нэг бодлого, нэг шийдэлтэй болчихсон байх юмсан даа!?
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш