logo
Шашны сүлжээ Монголчуудын бага тархийг гэмтээж байна

Шашны сүлжээ Монголчуудын бага тархийг гэмтээж байна

2011/05/24
Монголчууд эцэг дээдсээсээ өвлүүлсэн шашин төрөө дээдлэх нарийн дэг жаягтай ард түмэн. Эзэн Чингисийн үед Мөнх тэнгэрээ шүтэж, Богд Зонховын үед бурхан буддагаа шүтэж байв. Харин ардчиллын буянаар шар, хар, улаан, бөө, лал, христ, Исус гээд шашныг бол зүсэн зүйлээр шүтэж гарав. Ер нь бол манай Монголд шашны бүх урсгал байгаагийн дотор бөө, христ, Арго гурав жинхэнэ азаргалж байна аа. Христчүүд нийслэлийн А зэрэглэлийн бүсэд чамин тансаг ордон бариад орогночихож байна. Тэгээд айл айлын хаалга нүдээд манай цуглаанд очихгүй бол дэлхий сөнөнө гэх маягийн ухуулга хийнэ. Амьдрал буурай, орлого дорой, орон гэргүй ашиг хонжоо хайгчид зэргийг аяга будаа, халбага шөлөөр тэтгэж, өөртөө урвуулаад авчихаж байгаа юм. Манай бурханы шашнаас тэдний шашин авдаг бус өгдөгөөрөө давуу болохоор хувь хүнээс гарлага гардаггүй гэдгээрээ сэтгэлээрээ биш юмаа гэхэд биеэрээ бол урвачихаж байгаа юм. Одоо христчууд аргаа өөрчилж, хамар хашаа, хажуу өрөөнд нь хөлсөлж суучихаад тархидах ажлаа хийдэг болчихсон байна. “Японд газар хөдөллөө. Бид үнэн хэлсэн байгаа биз дээ” гэж ирээд л ухуулаад байхаар хүн гэдэг гэдэн матери сэтгэл алдраад л явчихна шүү дээ. Үнэхээр менежменттэй шашин юмаа.
Түүнчлэн борооны дараах мөөгнөөс ч хурдтай өсөн нэмэгдэж байгаа Бөөгийн шашин газар аваад жигтэйхэн. Нэг айлын үеэл, хаяал, ахан дүүс, авгай нөхрүүд зэрэг зэрэг бөөлж гарч байна. Манайхан чинь сайн муу юм бүхнээ лам харгүйгээр шийдэж чадахаа больчихсон хойно хамрын шуухинаа хүрэх төдийд л эмч домч руу гүйхийн оронд лам хар, багш шавьдаа хандана. Энэ л сэтгэхүй дээр нь тоглолт хийдэг бололтой. Нарийн ширийн зохион байгуулалттай бөөгийн сүлжээнийхэн танд дуудлага ирчихээд байхад авахгүй бол ажил үйлс чинь бүтэхгүй, амраг садан чинь чад, пүд хийнэ гээд л сэнхрүүлж эхэлдэг гэнэ. Сэтгэлд чинь сэв орсон юм чинь өнөөхийг нь байдгаа баран байж хүлээн авч, шинэхэн сүлжээчин болдог аж. Тэгээд сүлжээнд элсүүлсэн багшдаа доод тал нь 500 цаашлаад 5 сая төгрөг хүртэл өргөл барьц өгдөг гэнэ лээ. За тэгээд нэгэнт улаач гэх нэртэй, буун сууж суралцаж эхэлсэн хойно завшааныг ашиглан өөртөө ашигтай “заслууд” хийж эхлэх нь мэдээж. Мөнгө олигтой олохгүй байгаа эцэг эхийгээ дарамтлана, төрөл саднаа эрхшээлдээ оруулах гэж харааж зүхэхээрээ айлгана. Мөнгө авна гээд үргэлжилж байгаа юм. Айхтар юмаа л гэхээс.
За энэ ч яахав буянаараа болог гэхэд сүсэг бишрэл дээр суурилсан бизнес ном зарахаас хэд дахин ашигтай байгааг олоод харчихсан овжин хүмүүс бас нэг шашны урсгал сэдээд сүйд хийж байна. Тухайлбал, Арго багш англи хэл заахынхаа хажуугаар Мөнх Тэнгэрийн Чингисийн бөөгийн шашин гээчийг санаачлаад сүлдээ залахгүй бол голомтоороо сүйрнэ шүү гэх нь холгүй хөнгөхөн “рекетлэх” болж, өнчин цагаан хонины гарлага гаргаж авцгаа хэмээн Хятад эсгий уут бөөндөж суудаг болсон. Өнөөх өнчин цагаан хонь нь 40 мянган цаасыг орлоно. Сүүлийн үед Арго аргаа  өөрчилж, Мөнх Тэнгэрийн Чингисийн бөөгийн сүм барихаар газар аваад хандив цуглууж эхлээд байгаа гэсэн. Хандивын доод лимит нь нэг тоосго буюу 11000 төгрөг юм байх. Шашин дагаад тоосго хүртэл биеэ арай л өндөр үнэлдэг болчихож. Арго ч Чингис хааны академийн тэргүүн П.Даваанямын хажууд жижиг загас юмаа. Ноён П.Давааням гээч өөрийгөө Чингисийн алтан ургийн хүн гэж ирээд л олныг уриалан, бөөлж, үүлэн дээр Чингисийн дүрийг ганцаараа олж хардаг мундаг хүн гэдгээ гайхуулж байна. Тэгээд Чингис хаандаа зориулан тахилга хийж байна гээд л хавийн амьтнаас хандив нэртэй татаас нэхдэг, академийн үнэмлэхээ 5000 –аар дамлаж, тэрбум тэрбумаар нь мөнгө босгодог сүлжээчин болчихоод тансаг харшид тийчилж байна.
Ингээд бодохоор манай бурхан будда арай л өөр менежмэнт хийхгүй бол болохгүй шатандаа орсон мэт санагдана. Сүсэгтэн олноос авбал Арго, П.Давааням шиг, бөөгийн сүлжээчид шиг дорвитой авч, ач буянаа харамгүй үзүүлэх цаг болж. Христ шиг өгч чадахгүй бол ядаж гарлага гаргадгаа багасгаж, буян нүглийг аргалсан шиг аргалж, ач тусаараа оройлох цаг иржээ. Ядаж л сүсэгтний өгсөн өргөл барьцаар ямар үйлчилгээ үзүүлснээ тайлагнадаг байхгүй бол горьгүй байна.
Өнөөдөр буддын шашинд дэвшил гэх үү хувьсал гэх үү өөрчлөлт бол гарах нь гарчээ. Алга хавсран оройдоо залсан бурхандаа сөхөрч мөргөдөг байлаа бид. Орчин үед цаасан майхантай лаа нисгэж, сайхныг нь гайхан шүтлэгтэйгээ харуулдаг болчихож. Яг үнэндээ энэ ч гэсэн гарлага гаргадаг өөрчлөлт шүү дээ. Дээр нь нэмээд хог хаягдал гаарч, урд хөршийнхөө эдийн засгийг жинхэнэ утгаар нь дэмждэг шашин болчихож. Бодит байдал нэг иймэрхүү байна.
Эцэст нь хэлэхэд сүсэгтэн таны  үндсэн хуулиар олгогдсон шашин шүтэх эрх бүдүүлгээр зөрчигдөхгүй байх нь чухал болов уу. Гэхдээ архичин хүний бага тархи гэмтдэг шиг энэ олон урсгал чиглэлийн тухай тунхаглал улс үндэстнийг минь гэмтээх вий дээ.
Э.Болор www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш