logo
 Ганц худагт болсон хаалттай шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн өгсөн өчиг

Ганц худагт болсон хаалттай шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн өгсөн өчиг

2011/05/25
Шүүх хуралдааны нууц протоколийг www.shuum.mn анх удаа дэлгэж байна.
Чингэлтэй дүүргийн Шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх Л.Санжаасүрэн миний хэлсэн үг, өргөдөл, нэхэмжлэл

Ганц худаг-шорон
2004.11.05-06
Эрхэм шүүгч, хатагтай Наранцэцэг ээ, эрхэм шүүгчид ээ,
Улсын яллагч, Прокурор ноён Сагсай

Хэдийгээр би шүүгдэгч боловч Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийнхээ дагуу өөрөө өөрийгөө өмгөөлөх боломж, нөхцөл надад олгоно уу.
БИ Эрүүгийн хуулийн ямар нэгэн зүйл анги зөрчсөн, гэм буруутай үйлдэл үйлдээгүй. Өнөөдөр надад тулгаж байгаа шиг ЭХ-ийн 87-р зүйлээр яллагдах гэмт хэргийн бүрэлдэхүүн Д.Энхбатыг өмгөөлсөн үйл ажиллагаанд байхгүй.
Эрүүгийн 20446080 тоот хавтаст материалтай танилцаж, прокурорын 2004.10.07-ны өдрийн 159 тоот яллах дүгнэлтийг уншлаа, сонслоо. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй.
Яагаад гэвэл, энэхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа нь анхнаасаа өөрсдийн буруутай хууль зөрчсөн үйлдлийг намайг буруутгах замаар халхавчлах, энэ хэргийг илчлэн, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах өмгөөллийн ажиллагааг маань тасалдуулах зорилгод хөтлөгдөн хийгдсэн юм.
Тийм ч учраас Д.Энхбатын хууль ёсны эрх ашгийн эсрэг үйлдэлд оролцсон ТЕГ-ын ажилтнууд өөрсдөө надад, Энхбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, өөрсдөө гэрчилж, өөрсдөө өөрсдийгөө шинжээчээр томилуулж, өөрсдийн албан тушаалаа урвуулан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрсдөө хууль тогтоомжоо уландаа гишгэсэн юм.  
Түүгээр ч барахгүй бүр ТЕГ нь Дээд шүүх, Ерөнхий прокурор, Монгол улсын Ерөнхийлөгчийн ажлын аппаратыг хүртэл хуурч мэхэлж, төөрөгдүүлэн, тэрхүү булхайтай ажлаа төрийн нууцаар халхавчлан нууж байна. Тиймээс уг асуудлын үндсэн учир шалтгаан болох ТЕГ нь Д.Энхбатыг Франц улсаас авч ирэхдээ хууль бус арга хэрэглэснийг хуулийн холбогдох байгууллагууд үнэн зөвөөр нь бодитой шалгаж тогтоож чадахгүй байна. ТЕГ-ын удирдлагын энэхүү хууль бус үйлдэл шалгагдаж үнэн зөвөөр тогтоогдсон нөхцөлд энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, прокурорын Яллах дүгнэлт ч үндсээрээ өөрчлөгдөнө гэдэгт би итгэлтэй байна. 

Прокурорыг мэхэлж, төөрөгдүүлсэн ТЕГ-ын үйлдэл
Монголын төдийгүй гадаадын хэд хэдэн улсын хууль зөрчсөн ТЕГ-ын удирдлагын хууль бус үйлдэл нь манайд бүү хэл, бусад олон орны гайхшралыг төрүүлсээр байхад, энэ асуудалд Прокурор ач холбогдол өгч, анхааралтай хандаагүйд би одоо ч гайхсаар байна. Үүнийг дараахь хэдхэн баримтаас тодорхой харж болно.

•    Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Цэрэнбалтавт явуулсан, ТЕГ-ын 2003.08.05-ны өдрийн н/112 тоотод С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах явцад Д.Энхбатын талаар зайлшгүй тодруулах асуудал байсан гэж бичиж, илгээсэн атлаа өнөөдөр ТЕГ нь Д.Энхбатыг туслах ажилтнаар элсүүлсэн төрийн нууц задруулсан хэмээн шийтгүүлэх гэж байна.
•    Нийслэлийн прокурорт явуулсан Эрүүгийн цагдаагийн газрын 2003.08.11-ний өдрийн 9/198 тоотод: Цагдаа, Д.Энхбатыг 2003.05.25-ны өдөр гадаадаас баривчлан авч ирсэн гэжээ, гэтэл ТЕГ нь Энхбатыг 2003.05.24-ний өдөр Монголд туслах ажилтнаар элсүүлсэн гэж мэдүүлсэн байх юм.
•    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын хуралдаанд: Францаас хүн авчирсан асуудалд би огт хамаагүй. ТЕГ авчирсан. Үүнээс болоод нэг ажилтан халагдсан гэж хэлж байжээ.
•    Миний 2003.07.07-ны өдрийн өргөдлийн дагуу Прокурор ТЕГ-ын үйлдлийг шалгаж эхлэхэд, Прокурорт илгээсэн Хил хамгаалах ерөнхий газрын 2003.07.31-ний 2/1158 тоотоор: Д.Энхбат нь улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд авагдаагүй хэмээн мэдэгджээ.
•    2004.08.19-ний өдөр ТЕГ-ын мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ, ТЕГ-ын хууль бус үйлдлийг шалгаж байсан Прокурорын ажилтан Жаргалбаатарыг гэрчээр байцаасан байх юм.
•    Мөн дуу дүрс бичлэгийн хэрэгслийг ашиглаж өргөн барьсан Д.Энхбатын өргөдлийг гэмт хэргийн нотлох баримт гэдэг нэрээр Монгол улсын Ерөнхийлөгч, Дээд шүүх, Ерөнхий прокурор, Нийслэлийн прокуророос ТЕГ хурааж авсан байх юм. Энэ чинь иргэнээс дээд байгууллагад гаргасан өргөдөл шүү дээ.

Гаргасан өргөдлийг нь хураачихдаг, шалгасан прокурорыг нь байцааж, хянасан Прокурорыг нь хуурч мэхэлсэн, хууль хяналтын гадуур ажилладаг ТЕГ-ын удирдлагын өөдөөс үг хэлсэн /хууль бус үйлдлийг шалгуулах хүсэлт гаргасан/ иргэн би буруутдаг, ямар гээч тогтолцооны ямар байгууллага Монгол улсад бий болоод байгааг ойлгохоо болилоо.

Намайг хилс хэргүүдэд холбогдуулан гүтгэсэн гүтгэлгүүд:
ТЕГ нь миний өмгөөллийн эрхийг түдгэлзүүлэхээр 2003.03.30-нд гаргасан тогтоолдоо ЭХ-ийн 87.1 болон 251.1 зүйлээр шалгагдаж байгаа хэмээн 251.1-р зүйлийг нэмж ор үндэсгүй гүтгэсэн. /ЭХ-ийн 251.1-р зүйл. Мэдүүлэг өгөхийг албадах/ Хуудас-58
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004.04.02-ны өдрийн 83 тоот тушаалаар миний өмгөөллийн эрхийг түдгэлзүүлэхдээ ЭХ-ийн 87.1 болон 125.1 зүйлд шалгагдаж байгаа хэмээн 125.1-р зүйлийг нэмж мөн ор үндэсгүй гүтгэжээ. /ЭХ-ийн 125.1-р зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах/ Хуудас-59

Эдний гүтгэлгийг зогсоох, шалгаж шийдвэрлэх байгууллага, албан тушаалтан Монгол улсад байна уу гэдэгт ч эргэлзэх боллоо. Юутай ч гэсэн Би болон Д.Энхбат бид хоёрын амь нас ТЕГ-ын илдний ирэн дор байгааг сайн мэдэрлээ. Эдгээр байдлыг хараад би, Цагдаа, Тагнуул нь Прокуророо хуурч мэхэлжээ гэж ойлгосон. /Шүүх хуралд 9 хуудас баримт өгөв/

Дахин баримт сөхөж үзье:
•    Багануур дүүргийн шүүхийн 2002.09.23-ны өдөр ЦЕГ-т явуулсан тоотод: Энхбат гадаадад гарч европын орноор тэнүүчлэн хэрэг зөрчилд холбогдсон тухай танай шугамаар мэдээлэл авсан байна гэсэн,
•    ЦЕГ нь 2002.03.07-нд Интерполд хандаж, мөрдөн байцаалтаас оргосон Энхбатыг баривчлуулах хүсэлт тавьсан. Х-113
•    МБГ нь 2002.10.04-нд Интерполд хандаж, оргон зайлсан Энхбатыг баривчлуулах хүсэлт тавьсан. Х-115
•    ТЕГ 2003.08.05-ны өдөр Улсын ерөнхий прокурорт явуулсан бичигтээ Цагдаа интерполын шугамаар Энхбатыг гадаадаас авч ирсэн, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах явцад Энхбатын талаар зайлшгүй шалгаж тогтоох асуудлууд байна гэсэн.
•    ТЕГ 2003.10.31-ний өдөр Өмгөөлөгчдийн холбоонд явуулсан тоотод: Д.Энхбатыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр шалгаж үеэс... гэсэн.

    Энэ бүх албан тоотын утга агуулга нь Энхбатыг Зоригийн хэрэгт холбогдуулан шалгах зорилгоор гадаадаас баривчлуулан авч ирэхэд чиглэж байна. Гэтэл авч ирмэгцээ Энхбатыг ТЕГ-ын туслах ажилтан болгочихжээ. Ер нь ТЕГ-ын албаны ил далд орон тоонд орж ажиллагсад нь хууль хяналтын байгууллагын итгэл даах тодорхой шалгуур үнэлэмжийг хангадаж байж таарна. Тэгвэл ТЕГ-ынхны хувьд ямар шалгуураар Д.Энхбатыг өөрийн итгэлийг даана гэж үзсэн байж таарах вэ. Тэгээд өөрийн туслагчаар элсүүлсэн Энхбатыг маргааш нь С.Зоригийг алсан хэрэгт эргүүлэн холбогдуулж шалгасан нь бүр ч ойлгомжгүй. ТЕГ-ын туслагч нь ТЕГ-ын захиалгаар хэрэг үйлдэж, захиалгаар бусдын хэргийг хилсээр хүлээдэг субъект биш байлтай.    
Харин одоо энэ асуудалд Прокурор, Ноён Сагсайн анхаарлыг дахин нэг удаа хандуулахыг хүсч байна. Аливаа асуудал цаг хугацаа, орон зай, санаа зорилго, шалтгаан, арга барилаараа илэрхийлэгддэг билээ.
•    ТЕГ нь 2003.05.24-ний өдөр Энхбатыг элсүүлсэн гэжээ.
•    ЭЦГ нь 2003.05.25-ны өдөр Энхбатыг Монгол улсад авч ирсэн гэжээ. 
•    Гэрч МИАТ-ын үйлчлэгч Оюунчимэг нь Энхбат 2003.05.18-ны онгоцоор, хүлээтэй Буянт-Ухаад ирсэн гэжээ.
•    Хил хамгаалах газар нь Монголд орж ирсэн хүмүүсийн бүртгэлд Энхбат бүртгэгдээгүй гэжээ.
Эдгээр баримтуудыг дүгнэвэл ТЕГ нь Энхбатыг 2003.05.19-нөөс 2003.05.25-ны хооронд Шүүх, Прокурорын хяналтаас гадуур байлгаж, ямар ч эрх зүйн актгүйгээр хорь байсныг нотолж байна. Иймээс энэ хугацаанд Д.Энхбатыг ТЕГ-ын мэдэлд байсныг нотлох баримтгүй гэж ТЕГ-ын удирдлага андуурч,  Энхбатад хууль бус үйлдлээ хүчээр тулгаж, хэрвээ эс биелүүлвэл сураггүй бологчдын тоонд оруулах гэж байсан бололтой. Харин Энхбат ТЕГ-т байснаа задруулаагүй гэсэн бичиг /баталгаа гэх/ хийж өгч байж, ТЕГ-аас амьд мэнд салж гараад, уг бусармаг үйлдлийг илчилсэн байна. Өөрөөр хэлбэл Энхбатад үүнээс өөр арга байгаагүйг ТЕГ, ЭЦГ-аас бусад байгууллагатай харилцсан албан бичгүүдээс бас харж болно.
Иймээс ч Энхбатын гаргасан баталгаа гэгч бичиг нь түүнийг яллах хууль зүйн  хүчинтэй нотлох баримт болж чадахгүй. Учир нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 14.2-р зүйл: туслагч, туслах ажилтныг бичгээр байгуулсан Гэрээний үндсэн дээр ажиллуулна, мөн 14.3-р зүйлд: Гэрээнд гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана гэсэн байна. Гэрээ нь оролцогч талуудын тэгш эрх, сайн дурын харилцан тохиролцоонд үндэслэгддэг энэхүү харилцаанд төр иргэн тэгш эрхтэй байдаг билээ. Үүнийг ТЕГ зөрчиж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар нэг талын хэлцэл буюу бичиг хийлгэж, түүнээсээ ч давсан шаардлагыг Энхбатад тулгасан байна.
Иймд Энхбатыг туслагчаар элсүүлсэн ажиллагаа нь хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус юм. Нэгэнт энэ нь хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангаагүй юм бол нууцын тухай асуудал хөндөгдөхгүй.       
Энхбат хуульд заасны дагуу туслагч болоод үүнийгээ нууцлахыг хүсч байсан тохиолдолд надад итгэмжлэн хэлсэн бол төрийн нууц болж болох ба үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрөхгүй, харин ч нийтэд мэдээлэхийг хүсч хэлсэн, тэр тусмаа хууль зөрчсөн ажиллагааг илчилсэн явдал төрийн нууц болохгүй нь ойлгомжтой шүү дээ.

Эрхэм Шүүгчид, Прокурор оо
Би гэмт үйлдэл үйлдээгүй, ямар ч гэм буруугүй
Хавтаст хэрэг гэх, ТЕГ-ын хууль бус үйлдлээ халхавчилсан материалаас анхаарлаа түр ч гэсэн салгаж, миний хэлж байгаа үг болон Энхбатын мэдүүлгийг нягтлан шинжилж үзнэ үү.  
Миний бие нь ТЕГ-ын удирдлагын Прокурорыг мэхлэн өөрсдийн бусармаг үйлдлээ нууж байсныг шалган тогтоолгох хүсэлтийг зохих шатны прокурор, Ерөнхий прокурор, Дээд шүүхэд хүртэл тавьж, энэ хүсэлт огт хангагдахгүй сунжрах тусам миний үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд хохиролтойгоор эргэж байсан тэр үед Энхбатын өөрийнх хүсэлт болох: би үхэх нь, амьддаа ТЕГ-ын хууль бус үйлдлийг онцгой комисс байгуулуулан шалгуулмаар байна, миний хүсэлтийг ард түмэнд хүргэж өгөөч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тавьж өгөөч, та хөөцөлдөж шалгуулаач гэснийг нь би өөрийнхөө аюулгүй байдлаар дэнчин тавьж биелүүлсэн нь үнэн.
Энэ бол үйлчлүүлэгнчийнхээ хууль ёсны эрх ашиг, амь насыг хамгаалахын тулд хийсэн, өмгөөлөгчийн хувьд, хүний хувьд ч зүй ёсны үйлдэл бөгөөд өмгөөллийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах зарчимд нийцсэн үйлдэл юм. Нөгөө талаар бид гарцаагүй байдлын улмаас аргагүй байдалд амь биеэ хамгаалж олон нийтийн хяналтаас тусламж хүсч нийтэд мэдээлсэн. /Энэ нь ямар ч тохиолдолд төрийн нууц задруулсан гэх хэргийн гэмт бурууг үгүйсгэх нөхцөл болно. ЭХ 8-р бүлэг. Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал/

Иймд Өмгөөллийн тухай хуулийн 12.3.3-р зүйлийг зөрчөөгүй, төрийн нууц задлаагүй, харин ч ТЕГ-ын хууль бус нууц үйлдлийг нотлох баримтыг бэхжүүлсэн юм.
Өмгөөллийн тухай хуулийн 12.2.2-р зүйлд: өмгөөлж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдолтой тэдгээрийн байгаа газарт чөлөөтэй нэвтрэн, ганцаарчлан уулзах.. гэсний дагуу Энхбаттай уулзаж байсан.
Мөн хуулийн 12.2.7-р зүйлд заасан... баримт сэлтийг бэхжүүлэх зорилгоор дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглах... гэсэн, эрхийн дагуу л өмгөөлөгч би Энхбатын хэлсэн үг дүрсийг бичүүлж авсан.
Өмгөөллийн тухай хуульд заасан эрхээ эдэлж, Зайсан, Авдрантын хорих ангид нэвтрэн, Энхбаттай ганцаарчлан уулзаж, ТЕГ-ын хууль бус үйлдлийн нотолгоо баримт болох Энхбатын үгийг дуу дүрс бичлэгийн хэрэгсэлд буулгасан.
Хэрвээ, Прокурор та, Өмгөөллийн тухай хуулийн 12.3.3-р зүйлийг үндэслэн намайг яллаж байгаа бол би бас Өмгөөллийн тухай хуулийн 12.2.2 болон 12.2.-7-р зүйлд мөн Монгол улсын Үндсэн хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль зэрэг өөр бусад олон хууль, олон улсын хооронд байгуулагдсан гэрээ, конвенц гэх мэт эрхийн актын холбогдох заалтаар өөрийгөө өмгөөлөх эрх зүйн боломж надад бий гэж ойлгож байна.
•    Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1-д заасан... хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх...
•    Эрүүгийн хуулийн 5-р зүйлд заасан... Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим.
•    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14-р зүйлд заасан... Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх... зэрэг зарчим надад алагчлалгүй үйлчлэх ёстой гэж бодож байна.
Хэрвээ би дээрх эрхийг эдлэж болох юм бол, хоригдол Энхбат, өмгөөлөгч Санжаасүрэн, албан тушаалтан болох ТЕГ-ын удирдлага, ТЕГ-ын зарим ажилтанд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн зарчим адилхан үйлчилж, ТЕГ-ын хууль бус үйлдэл эн түрүүнд шалгагдаж, ямар ч гэм буруугүй би нэн даруй цагаатгагдах ёстой гэжүзэж байгааг минь үнэний дэнс болох Эрхэм шүүгчид та бүхэн анхааралдаа авна уу.
ЭХ-ийн 87-р зүйлийн СУБЪЕКТ би биш, яагаад гэвэл, би цэвэр тагнуулын аппарат болох УАБХГ болон ТТГ, ТЕГ-т ямар ч баталгаа гаргаж байгаагүй. Харин, намын улс төрийн байгууллага болох, Марксист-Ленинист үзэл санаагаар зэвсэглэн социализм байгуулж байсан БНМАУ-ын НАХЯ-ны улсыг аюулаас хамгаалах газарт, 1966.07.22-ны өдөр баталгаа гаргасан нь үнэн.
Гэтэл энэхүү баталгааны хууль зүйн эх сурвалж болох журам заавар, хууль тогтоомж үндсээрээ хүчингүй болж, хүнлэг ардчилсан иргэний нийгмийг байгуулах үндсэн хуульт засаглал тогтож, гүйцэтгэлийн харилцаа шинэ хуулиар зохицуулагдчихсан, баталгаа авсан НАХЯ 1990 онд ард түмний шаардлагаар татан буугдчихсан байхад үүнийг сөхөж ярих нь утгагүй юм. Тэр үеийн баталгаа нь зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалсан тулгалт байсан гэж ардчилсан тогтолцооны өнөө үед хэлж болно.
Тийм ч учраас шинэ хууль тогтоомжид гэрээ байгуулахаар тусгагдсан байдаг билээ. Татан буугдсан НАХЯ-ны УАХБ нь МАХН-ын улс төрийн байгууллага гэсэн статусаасаа ангижирсан. Тэдний үйл ажиллагааны эрхийн акт болох МАХН-ын Улс төрийн товчооны болон МАХН-ын Төв хорооны маш нууц тогтоолууд өнөөдрийг хүртэл үйлчилж буй юм биш биз. Энэ л актууд Энхбатад хүч хэрэглэж баталгаа гаргуулсан ТЕГ-ын зарим ажилтны үйлдэлтэй яв цав тохирч байгааг зориуд хэлэх байна. Нийгмийн тогтолцоо, Үндсэн хууль, тусгай албадын үүрэг зорилго, арга барил үндсээрээ өөрчлөгдсөн өнөө үед, ТЕГ нь цаашид үл оршин тогтнох, түүхийн эмгэнэлт тэмдэглэл болсон тэрхүү БНМАУ-ын НАХЯ-ны бодлогоор, өнөөдрийн асуудлыг шийдвэрлэх гэж муйхарлаж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна.  
Бид чинь өнөөдөр Ардчилсан Монгол улсад амьдарч байна шүү дээ. Иргэн нь төрөө муулж болдог, албан тушаалтан дарга нарын хууль бус үйлдлийг илчилж болдог, иргэн нь төрдөө хаан болсон нийгэмд амьдарч байна.
ТЕГ Энхбат хоёрын хооронд болсон гэх тэр харилцаанд итгэмжлэгдсэн болон албан тушаал, ажил үүргийн хувьд оролцсон субъект би биш. Харин ТЕГ-ын хууль бус үйлдлийн талаар Энхбатаас мэдээлэл авсан нь үнэн. Д.Энхбатаар Энхтайваныг гүтгүүлэх гэсэн, С.Зориг алагдсан хэргийг хилсээр хүлээлгэх гэсэн, тэгээд бас Энхтайваныг тагнуулах гэж хүч хэрэглэснийг би төрийн нууц биш, харин гэмт үйлдэл гэж бодсоноо ч Д.Энхбатад Авдрантад байхад нь хэлж байсан юм.
Дээр өгүүлсэнчлэн ТЕГ-ын удирдлага, зарим ажилтан, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 14.1-р зүйлд... хүнийг өөрийн нь зөвшөөрснөөр... ажиллуулж болно гэсэн байхад, хүчээр Энхбатаас баталгаа авсан гэдэг. Баталгаа гэх бичиг нь зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалдаг учраас Гэрээ болж чадахгүйг энд дахин өгүүлэхийг хүсч байна. Энэ хуулийн 14.5-р зүйлд... өгсөн үүрэг нь тухайн байгууллагын харъяалалд хамаарахгүй, энэ хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзвэл туслагч, туслах ажилтан уг үүргийг биелүүлэхээс татгалзаж болно... гэсэн. Түүнийг С.Зоригийг алсан хэрэгт шалгаж эхлэхээр нь Энхбат ТЕГ-ын хүчээр элсэгдсэн мэдээлэгчийн үзүргээсээ татгалзсан нь юуны буруутай юм бэ.
Эхлээд эрүүдэж, дараа нь мэдээлэгч болгон баталгаа авч, эцэст нь хүн амины хэрэгт сэжиглээд, төгсгөлд нь төрийн нууц задалсан болгож байгаа нь ТЕГ-ын хууль зөрчсөн нуц, төрийн нууц болж байна уу. Яавч биш, энэ бол цадигаа алдсан гэмт үйлдэл. Мэдээлэгч хэмээн өөрийгөө илчлэгчдийн гунигт тавилан тусгай албадын түүхэнд даанч элбэг.
Мөн хуулийн 14.6-р зүйлд: Туслагч, туслах ажилтанд хууль зөрчсөн үүрэг өгч гүйцэтгүүлсэн гүйцэтгэх ажилтныг эрх мэдлээ хэтрүүлсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэснийг ТЕГ үл харгалзан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан Энхбатад хүч хэрэглэж элсүүлснийг шалгаж тогтоох, нөхцөл боломж Прокурорт хомсдсон ийм үед би яах ёстой байсан юм бэ. Өөр ямар арга хэрэглэх байсан юм бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гардаг юм аа.   
Түүнээс гадна ТЕГ Энхбатыг Авдрантад байнга байлгаж байсан нь үл ойлгогдох зүйл. Авдрантад, Энхбат нэг удаа амь насаа алдах шахсаныг мартах аргагүй. Авдрантад байгаа Энхтайваныг тагнахаар очуулсан Энхбатад хэн нэгнээс нууцаар халдахыг үгүйсгэх аргагүй.
Д.Энхбат ТЕГ хоёрын хооронд болсон тэгш бус харилцааны үр дагаврыг ТЕГ өөрөө хариуцах ёстой. Иргэн байгууллага хоёрын хооронд үүссэн үл нотлогдох асуудлыг иргэнд ашигтайгаар шийд гэсэн ардчиллын алтан хууль байдгийг энд хэлэх нь илүүц биз ээ. Гэхдээ үүнийг илэрхийлсэн ЭБШХ-ийн 13.2-р зүйл заалтад Эрхэм Шүүгдчийн анхаарлыг хандуулахыг би бас хүсч байна.

Д.Энхбатын эсрэг хийсэн ТЕГ-ын хууль бус үйлдлүүдийг нотлох баримтыг цааш нь авч үзье.
Нэгд. Олон улсын хооронд байгуулагдсан гэрээ, эрхийн хэлцэл байдлыг ашиглан Д.Энхбатыг Франц улсаас хуулийн хүрээнд биш, хууль бус аргаар авч ирсэн нь Франц, Герман улсын баримталж байсан байр сууриар нотлогддог юм.
Энхбатыг Монгол Улсад 2003.05.18-ны өдрийн МИАТ-ын онгоцоор авч ирснээ ТЕГ, ЭЦГ болон Хил хамгаалах газар үгүйсгэдэг.
Хоёрт. Сэжигтэн, хоригдол, ялтанг тээвэрлэхэд өөрийнх нь болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах талаар гаргасан, НҮБ-ын жишиг дүрмийг ТЕГ зөрчсөн, МИАТ-ын 2003.05.18-ны өдрийн рейсийн Онгоцны үйлчлэгч Оюунчимэг нь Буянт-Ухаагийн буудалд Д.Энхбатыг онгоцноос буулгахад хөл, гарын хүлээсийг авсан гэж мэдүүлдэг. Тэгээд ч ТЕГ нь шүүхийн шийдвэр биелүүлэгч байгууллага биш, бас цагдаагийн байгууллага биш.    
Гуравт. 2003.05.15-наас 18-ны өдрийн хооронд болон мөн сарын 19-нөөс 25-ны өдрийн  хооронд л ТЕГ-ын хууль бус үйлдэл үйлдэгджээ. Харин Д.Энхбатыг тарчилган зовоосон гэх үйлдэл, түүнийг 2003.05.19-нөөс 25-ны хооронд, ТЕГ-ын мэдлийн нэгэн байранд ямар ч хуулийн байгууллагын хяналтгүй, тийм орчинд хориотой байхад нь үйлдэгдсэн бололтой.
Дөрөвт. ТЕГ нь Энхбатыг цагдаад хүлээлгэн өгөх ажлаа 2003.05.25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хиагт орчимд зохион байгуулсан нь Д.Энхбатыг ТЕГ нь тарчилган зовоосон байх үндэстэйг, бас дээрх хугацаанд ТЕГ хүч хэрэглэснийг давхар давхар нотлож байна.
Хэрвээ биеийн эрүүл мэнд муутай, бас тэгээд зодуулсан Энхбат Франц, Белги, Герман улсын нутагт болон эсвэл онгоцонд осолдсон бол ТЕГ хэрхэх байсан бол оо. Нөгөө л өөрсдийнх хэлснээр сураггүй алга бологчдын тоонд оруулсан байсан юм болов уу.

ТЕГ-ын дарга Батсайхан, хэлтсийн дарга Цоодолсэнгээ, мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ нар нь өөрсдийн хууль бус үйлдлээ нийтэд илчлэгдэхээс өмнө, түүнийгээ халхавчлах зорилгоор, өөрсдийн албан тушаалаа урвуулан, эрх мэдлээ хэтрүүлж, Прокурорыг хууран мэхэлж, Монгол улсын ЭХ, ЭБШХ-ыг өмнөө барин, илт гэм буруугүй намайг сэжигтнээр шалгаж, яллагдагчаар татаж, ял шийтгүүлэх гэж байгаа нь тодорхой байна. 
ТЕГ-ын дээрх бүхий л үйл ажиллагаа нь дараахь хууль эрхийн актуудыг зөрчсөн байна. Үүнд:
1.    Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 12, 13, 14-р заалт
2.    Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 4-р зүйл. Шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ТЕГ нь Францаас Энхбатыг хулгайлж, түүнд хүч хэрэглэсэн
3.    Мөн хуулийн 7.1-р зүйлд эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзэж байгаа хувь хүн... Прокурорт өргөдөл гаргах эрхтэй. Энхбатын гаргасан дуу дүрсэн өргөдлийг нь нууц задруулсан гэсэн. 
4.    Мөн хуулийн 14.1-р зүйлд: Хүнийг өөрийн нь зөвшөөрснөөр... туслагч, туслах ажилтнаар ажиллуулж болно. Хүчээр элсүүлж баталгаа гаргуулсан.
5.    Мөн хуулийн 14.2-р зүйлд: Туслагч, туслах ажилтныг бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллуулна. Гэрээгүй.
6.    Мөн хуулийн 14.3-р зүйлд: Туслагч, туслах ажилтныг зөвхөн гэрээ байгуулсан байгууллагад хуулиар харъяалуулсан асуудлыг шалгахад оролцуулах бөгөөд гэрээнд үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана. Элсүүлснийхээ дараа Энхбатыг С.Зоригийг алсан хэрэгт шалгаж эхэлсэн нь баталгааны мөн чанарыг харуулж байна гэж үзэх үндэстэй.
7.    Мөн хуулийн 14-5-р зүйлд: Туслагч, туслах ажилтан нь... өгсөн үүрэг нь тухайн байгууллагын харъяалалд хамаарахгүй, энэ хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзвэл туслагч, туслах ажилтан уг үүргийг биелүүлэхээс татгалзаж болно. Энэ нь Энхбатыг мэдээлэгчээсээ татгалзаж өөрийгөө илчилснийг зөвтгөх, үл хэрэгсэх үндэслэл болно.
8.    Мөн хуулийн 14.6-р зүйлд. Туслагч, туслах ажилтанд хууль зөрчсөн үүрэг өгч гүйцэтгүүлсэн гүйцэтгэх ажилтныг эрх мэдлээ хэтрүүлсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Прокурор шалгаж эхэлмэгц ТЕГ өөрийн хууль бус үйлдлээ нууж, Прокурорыг мэхэлсэн.
9.    ЭХ-ийн 111.3-р зүйл. Гүтгэх. Намайг хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэсэн. Шүүхээр тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн нууц задруулсан гэж зарласан.
10.    ЭХ-ийн 248-р зүйл. Илт гэм буруугүй хүнийг сэжигтэн яллагдагчаар татаж, ял шийтгүүлэх. Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял сонсгосон, яллуулах гэж байгаа.
11.    ЭХ-ийн 251-р зүйл. Мэдүүлэг өгөхийг албадахгүй. ТЕГ нь Д.Энхбатад хүч хэрэглэн заналхийлж, тачилган зовоож тохуурхан даажигнаж, хуурч мэхлэж, албадаж өөрийнх нь хууль ёсны ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэл хийлгэхээр хүчээр мэдээлэгчээ болгосон. 
12.    ЭХ-ийн 263-р зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах. ТЕГ-ын удирдлага өөрийн буруута йүйлдлээ нуну дарагдуулах зорилгоор бусдад эрүүгийн хэрэг үүсгэн эрх ашгийг хохироон чирэгдэл учруулж байна.
13.    ЭХ-ийн 269-р зүйл. Хээл хахууль өгөх. ТЕГ нь өөрийн зааж өгсөн өчгийг мэдүүлбэл Д.Энхбатад 500 сая төгрөийн шан амласан. Мөн эмэгтэй Долгорсүрэнг хагас тэрбумтан бол гэсэн.
14.    НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал
15.    НҮБ-аас гаргасан 1957.07.31-ний өдрийн 663-р тогтоол болон 1977.05.13-ны өдрийн 2076 тогтоолоор батлагдсан Хоригдолтой харьцах наад захын жишиг дүрмүүд.
16.    НҮБ-ын 1979.12.17-ны өдрийн 34/169 тогтоолоор батлагдсан Хууль хэрэгжүүлэх байгууллагын албан тушаалтны зан үйлийн тухай хууль.
17.    Монгол улсаас гадаадын олон улстай байгуулсан зарим гэрээ, конвенциудыг маш ноцтой зөрчсөн байх юм.  
18.    Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн маш олон заалт.

Ийм учраас ТЕГ-ын хууль бус үйлдлийн үйлчлэлээр өөрийнхөө хуультё сны ашиг сонирхлыг хамгаалах ямар ч боломжгүй, гарцаагүй байдалд орж, өөрийн хүсэл сонирхлын эсрэг ТЕГ-ын дарамтаас гарахын тулд тэдний санал болгосон гэх цаасан дээр гарын үсгээ зурж, үүнийгээ хүчин төгөлдөр бус гэж үзэн олон нийтээс тусламж хүсэх, өөрийн хилсдэж байгаа болон албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн хэвлэ нийтлэх замаар илчлэхийг хүссэн Д.Энхбатад өмгөөлөгчийн эрх хэмжээний хүрээнд тусалсан миний үйлдэлд ЭХ-ийн 87-р зүйлээр яллагдах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул ЭБШХ-ийн 24.1.1-р зүйлд заасны дагуу энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хөндөгдсөн эрхийг сэргээж өгнө үү. 

Тайлбар: Францаас Энхбатыг авчирсны дараахан нь, түүнийг цагдаагийнхан эмнэлгийн бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх гэмт хэрэгт сэжигтнээр шалгаад уг хэргээ хэрэгсэхгүй болгосон, дараахан нь мөн л цагдаагийнхан С.Зоригийг алсан гэмт хэрэгт Д.Энхбатыг сэжигтнээр асууж шалгаад хэрэгсэхгүй болгож, Цагдаагийнхан Д.Энхбатыг дараалан сэжиглэсэн хардлагаа нэг бүрчлэн цайруулсан.

Шүүх хуралдаанаар уламжлуулан Шүүх, Прокурорт гаргах шүүгдэгч, өөрийгөө өмгөөлөгч Л.Санжаасүрэн миний хүсэлт.

Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 6-р зүйл ба 7.1-р зүйл болон 12.2.10-р зүйлийг баримтлан ТЕГ-ын хууль бус үйлдлийг холбогдох хуулийн дагуу шалгаж өгнө үү. Үүнд:
Нэг. С.Зоригийг алсан гэмт хэргийн гэрч, эсвэл алуурчин нь ТЕГ-ын нууц мэдээлэгчээр дөнгөж болсон гэх Д.Энхбат байхаар ТЕГ зохион байгулсан гэх ноцтой үйлдлийг анхааралдаа дахин авч шалгана уу.
Хоёр. Д.Энхбатыг өөрийнх нь хууль ёсны ашиг сонирхлын эсрэг, өөрөөр хэлбэл Монгол улсын хуулийг зөрчүүлэх гэсэн ТЕГ-ын үйлдлийг анхааралдаа авч дахин шалгана уу. 
Гурав. Франц, Герман улс нь өөрсдийн нутагт үйлдсэн Монгол улсын байгууллага албан тушаалтны хууль бус үйлдлийн талаар Монгол улсын Засгийн газраас тайлбар нэхэхэд нь Монголын тал Франц, Герман улсаас уучлалт гуйгаад зогсохгүй, хариу арга хэмжээ болгон дипломат Гэрэлмааг Францаас татаж, тагнуулын албаны дарга, хурандаа Сийзхүүг ажлаас халж, байдлыг зөөлрүүлсэн гэдэг. Энэ хууль бус үйлдэлд Монголын татвар төлөгчдийн төлсөн хөрөнгө болох 20 гаруй сая төгрөг зарцуулсан гэсэн. Харин уг хууль бус үйлдэл үйлдсэн жинхэнэ эзэд нь ямар ч гэм зэмгүй үлдэж, харин ч уг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, намайг гүтгэн хилсдүүлж, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийсээр байгааг анхааралдаа авч дахин шалгана уу.  
Дөрөв. Монгол улсын Үндсэн хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль заасан эрхээ эдэлж, уг хуулиудын холбогдох заалтын дагуу өөрийн үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны хүсэлтийг өргөдөл хэлбэрээр хуулийн байгууллагуудын бүх шатны удирдлагад өргөн барьсны төлөө намайг шийтшүүлэх үйлдлийг зохион байгуулж, хариуцлагаас өөрсдөө зайлсхийсэн ТЕГ-ын удирдлагын үйлдлийг анхааралдаа авч, шалгаж өгнө үү.
Тав. Хэрвээ эдгээр хүсэлтийг Прокурорын байгууллага шалгахаасаа дахин татгалзвал, Д.Энхбатыг хүсэлт дагуу Онцгой комисс байгуулахаар олон нийтийн дэмжлэг хүсэх, олон улсын шүүх хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандан ТЕГ-ын хууль бус, бусармаг үйлдлийг шалгуулах хүсэлт хүчинтэй хэвээрээ байх болно. Үүнээс гарах үр дагаврыг уршгийг ТЕГ-ын хууль бус ажиллагааг халхавчлан хаацайлагч тэр эрх мэдэлтэн хариуцах ёстой болов уу.

Шүүх хуралдаанд гаргах шүүгдэч, өөрийгөө өмгөөлөгч Л.Санжаасүрэн миний нэхэмжлэл

ЭБШХ-ийн 291-р зүйлд зааснаар, Иргэний хуулийн 21-р зүйл, 228-р зүйл баримтлан дараахь нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Нэг. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2004.04.02-ны өдрийн 83 тоот Тушаалд: намайг ЭХ-ийн 125.1-р зүйлээр шалгагдаж байгаа мэтээр, /Х-59/, ТЕГ-ын МБХ-ийн баталсан 2004.03.30-ны өдрийн, Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээ авах Тогтоолд: намайг ЭХ-ийн 251.1-д зааснаар шалгагдаж байгаа мэтээр /Х-58/ тус тус гүтгэж, гүтгэлгээ их удаан хугацаагаар болон хэзээ ч устгахгүй байх, тийм эрхийн актын хэлбэрт оруулан баталгаажуулж, түүхийн баримт гэрч болгуулж, өнө мөнхөд хадгалуулах хэлбэрээр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, Хууль зүй дотоод хэргийн сад гутаасан тул, Иргэний хуулийн 21-р зүйлд зааснаар нэр төрийг сэргээж, мөн хуулийн 228-р зүйлд зааснаар шийдэрлэж, ТЕГ-аас ................ төгрөг, Хууль зүй дотоод хэргийн яамнаас ......... төгрөг тус тус гаргуулан, гэм хорыг нөхөн төлж, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Хоёр. ТЕГ-ын МБХ-ийн баталсан 2004.03.30-ны Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээ авах Тогтоол болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2004.04.02-ны өдрийн 83 тоот тушаалаар миний өмгөөллийн ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлж амьжиргааны эх үүсвэрийг хаасан хугацаанд гарсан санхүүгийн эх үүсвэрийн алдагдлын уршиг, үр дагаварыг арилгуулах зорилгоор ТЕГ-аас .......... төгрөг, Хууль зүй дотоод хэргийн яамнаас .................. төгрөг тус тус гаргуулж надад олгож миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Гурав. ТЕГ нь өөрийн хууль бус үйлдлээ нуун, Прокурорыг хуурч мэхлэн миний эсрэг ЭХ-ийн 87-р зүйлчлэн 2004.03.26-ны өдөр Эрүүгийн 20446080 тоот хэрэг нээж, бүртгэж, мөрдөж, ял сонсгож, яллуулж, шүүгдүүлсэн ажиллагааны улмаас миний нэр төр, ажил хэргийн нэр төр гутаагдсан болон сэтгэл санааны асар их дарамтад орсны хохирлын уршиг үр дагаврыг арилгахад зориулж Монгол улсын Иргэний хуулийн 21-р, 228-р зүйл дагуу шийдэж ТЕГ-аас төгрөг гаргаж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Дөрөв. ТЕГ-ын МБХ-ийн 2004.03.30-ны өдөр, Л.Санжаасүрэн миний Өмгөөллийн, Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэзүүлэх албадлагын арга хэмжээ авах тогтоол болон, АХууль зүй дотоод хэргийн сайдын 2004.04.02-ны өдрийн 83 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.
Тав. ТЕГ болон ЭЦГ-ын шахалтаар Монголын өмгөөлөгчдийн холбооны 2004.03.05-ны өдрийн 003 тоотоор надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж өгнө үү.
www.shuum.mn

Улс төрийн шуум
Шүүгдэгч, өөрийгөө өмгөөлөгч Л.Санжаасүрэн

Генсек У.Хүрэлсүхийн  зодуур дор нэгдэнэ гэж байхгүй л дээ
МАХН-ыг   “Сахил хүртээд шал дордоно” гэгчийн үлгэр нүүрлэжээ.  Нацагийн Багабандийн гар хөл гэгддэг  Санжаагийн Баяр нарын  хэсэг нөхөд  Солийн Данзан, Догсомын Бодоо  нарын үүсгэн байгуулсан  Ардын намын нэрээр хэдэн жил хариуцлагаас зайлсхийж  ял зэмгүй амьдрах гэсэн арга ухаанаа хайсан нь нууц биш юм.  Улс төрийн  маш хатуу цензурын дор  томчуулынхаа  бодлогыг намынхаа олонд тулган хүлээлгэх  арга замыг  С.Баяртангууд  сонгож авсан нь  26-р их хурлаас харагддаг.
 Тийм дүрсгүй үйлдлийг бага залуу насандаа  цэргийн бага дарга явсан Ухнаагийн хүмүүний гараар үйлдүүлж бас чадлаа.  Төр, захиргааны албан тушаалд хөлжиж  бэлжсэн хэдэн дарганцаруудаар түрүү хийж,  Ардын нам гэгчийг тунхаглан зарласан нь  харинч өөрсдийгөө улс төрийн тавцангаас татан буулгах зам нь шулуудаж байх шиг байна. “ Орсон борооны араас цув”  гэгчээр одоо ухаарлаа гэхэд цаг хугацааны хувьд засч залруулах ямарч  боломжгүй.  МАХН-ын жирийн гишүүдийн  бүхэл бүтэн нэгэн үе намаасаа салахыг хүсэхгүй байна. МАХН-ын онц их хурал зарлагдчихлаа.  Гишүүд нь Ардын намд биш Хувьсгалт намдаа нэгдэх үйл явц өрнөнө. Нийгмийн сонголт ингэж явагдана.   Тийм болохоор үнэн үг хэлж,  шударга ёс зүйтэй хэдийгээ Ардын намын эгнээнд байх хувь  тавилангүй болгож, жар далаад оны үеийн улс төрийн хэлмэгдсдийн мөрийг хөөлгөх дарангуйллын аргад шууд шилжиж байгаа дүр зураг Ардын намд  харагддаг болсон.  Үүнийг У.Хүрэлсүхээс өөр  хийх хүн энэ цаг мөч дор үнэндээ олдохгүй.
1937 онд юу болсныг түүхээс уншиж болно.  Хөвсгөл аймгийн Рашаантын хүрээний бослогыг дэмжсэн 23 настай Ш.Дондогдоржийг  улаан хувьсгалч Лувсанжамбаа гэгч  хоёр жавжийг нь  хутгаар ярж, амьдаар нь эрүү толгойг нь зааж  цаазалсан байдаг. Түүнд ямарч ял зэм оногдоогүй бөгөөд харинч төр засгийн  одон медалиар мялааж, Ардын хувьсгалын партизан нэрийг зүүсэн.  Лувсанжамбаа гэгчийн яргыг  У.Хүрэлсүхийн гараар эдүгээ цагт  үйлдүүлэхэд бэлэн байна.  Ардын намын  генсек  үзэл бодол нийлээгүй хэдийгээ  хавчин хяхах, нэр  төрийг нь гутаалгах, гүтгэх, гүжирдэх, алдаа дутагдал өө сэвийг эрж хайх,  үзэн яддаг хүмүүсээр нь үг хэлүүлэх, захидал цахилгаан бичүүлэх,  учир ойлгохгүй  хүмүүсийг  өдөөн турхирах, дайрч давшлах, шорон гянданд суулгана гэх мэтээр айлган  сүрдүүлж,  бүр сүүлдээ  алдаг  шулдаг болж,  ширүүн гарын  нударганы амтыг энд тэнд  үзүүлж байгаа мэдээ мэдээлэл ч тархдаг боллоо.
 Ална гээд зодож  байгаад  амыг нь таглана гэвэл ёстой эндүүрэл гэдгийг  37 он   биш  ардчилсан тогтолцоотой  улс төрийн өөр орчин нөхцөл үүссэн гэдгийг      Н.Энхбаяр ахынх нь  захидал хэлж өглөө.  С.Баяртангууд  өөрсдийгөө магтан дуулж,  ямарч хамаагүй үнэ цэнээр  нэр төрөө өсгөх, үйлдсэн гэмт ял зэмээ цайруулах, булзааруулж  хамгаалах үйлдэлдээ  мэдээ мэдээллийнхнийг хөлслөн татан оролцуулж байна. Тэдний хувьд хамгийн үзэн яддаг дайсан мэт этгээдээр  Н.Энхбаярыгаа тодруулжээ.  Түүнтэй хийх тулаан нь Ардын нам оршин байх эсэхийг шийднэ. Түүнийг  улс төрөөс  намнаагүй цагт бусад нь  хэрхэн хүчийг  олж, босч ирэхийг тооцоолоход  хэцүү.   Генсек У.Хүрэлсүхийн  зодуур дор  Ардын намд нэгдэнэ гэж байхгүй л дээ.

www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш