logo
Үндсэн хуулийн дурсгалын баганат хана босгоно

Үндсэн хуулийн дурсгалын баганат хана босгоно

2011/11/15
Монгол Улсын арчилсан ши­нэ Үндсэн хуулийг баталсны 20 жилийн ойг 2012 оны нэгдү­гээр сарын 13-нд тэмдэглэнэ. Үндсэн хуулийн төслийг тухайн үеийн Улсын Бага Хурал, Ардын Их Хурлаар хэлэлцэж эхэлсний 20 жилийн ой харин өнгөрсөн баасан гарагт тохилоо. Улсын Бага Хурлын 53 гишүүн, Ардын Их Хурлын 430 депутат 1991 оны арваннэгдүгээр сарын 11-нд Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж эхэлсний 20 жилийн ойн энэ өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
УИХ-аас Төрийн Байгуулал­тын Байнгын Хорооны дарга Ж.Сүх­баатараар ахлуулсан шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссоос зохион байгулусан хэвлэлийн бага хуралд Ардын ИХ Хурлын депу­тат асан Л.Дашням, Д.Моондой, Б.Мижид нар оролцсон юм.
Тэд, ардчилсан хувьсгалыг зү­гээр нэг хийгээд зогссон биш, түүний ноён оргил нь шинэ Үндсэн хууль баталсан явдал байлаа гээд Ардын Их Хурлын депутатуу­дын алдар гавьяаг үнэлэх, ахуй амьдралыг нь дэмжих ажлыг ч хийх ёстойг хэллээ. Баганат хана босгож тэнд 430 депутатын алдрыг мөнхлөх бөгөөд газрын асуудлыг нь шийдэх гэж байгаа аж. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулах, шинэ, ардчилсан нийгмийг томьёолон төрийн эрх мэдлийг хуваарилах талаар тэдний хэлэлцэж ярьсан бүхнийг бичсэн кассет, гар бичмэл бүхий 40-өөд товхимол байгаа аж. “Энэ бол зөвхөн дээрх 430 хүний бүтээл биш, Монголын нийт ард түмний оюун санааны өв, баялаг бөгөөд тэдгээрийг олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж бай­сан сэтгүүлчдийн гавьяаг ч тод­руулж, Үндсэн хуулийг сурталчлах зорилгоор хэвлэл мэдээллийнхний дунд уралдаан зарлана” гэж тэд ой тэмдэглэх ажил зохион байгуулах комиссын гишүүд мэдэгдлээ.
Үндсэн хуулийг батлахаар АИХ-ын танхимд 76 хоног хуралдсан АИХ-ын 430 гишүүнээс өдгөө 313 нь амьд сэрүүн байгаа юм.
Ш.Эрдэнэ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш