logo
Бразилын цагдаа нар хар тамхи дамлагчдын эсрэг ажиллагаа явууллаа

Бразилын цагдаа нар хар тамхи дамлагчдын эсрэг ажиллагаа явууллаа

2011/11/15
Ням гаригт Бразилын аюулгүйн хүчнийхэн хар тамхины бүлгүүдийн эсрэг шөнөөр тусгай ажиллагаа явуулж, Рио Дэ Жанейро хотын хамгийн том ядуусын хороолол болох Росиниад хяналтаа тогтоожээ. Албаны хүмүүсийн хэлснээр цэргүүд нэг ч буун дуу гаргаагүй байна. Тэнгисийн хүчний 200 албан хаагчийг оролцуулаад 3.000 цэрэг хоёр цаг үргэлжилсэн ажиллагаанд оролцжээ. Цагдаа нар 120 мянган хүн оршин суудаг Росиниа болон хөрш зэргэлдээ  ядуусын хорооллуудад бүрэн хяналтаа тогтоосноо зарласан байна. Бразилын хоёр дахь том хот болох Риод гэмт хэргийн гаралт өндөр байдаг аж.
Энэ мэт ажиллагаа нь 2014 онд хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн, 2016 онд олимпын наадмыг зохион явуулахаасаа өмнө гэмт хэргийг багасгаж, хар тамхи дамлагчдын үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор Бразилын удирдлагуудын явуулж буй ажлуудын нэг юм.
Цагдаа нар үүнээс өмнө олон арван ядуусын хорооллыг гэмт хэрэгтнүүдээс цэвэрлэсэн байна. Рио Де Жанейро хотын нийт оршин суугчдын тавны нэг нь өндөр уулархаг газар байрладаг 1.000 орчим ядуусын хороололд амьдардаг байна. Өнгөрсөн жил цагдаа нар энэ удаагийнхтай адил ажиллагаа явуулах үеэр 30 гаруй хүн амь үрэгджээ.
Ийнхүү хүнд хэцүү ажил эхэлж байна гэхэд болно. Цагдаа нар хар тамхи дамлагчдыг ядуусын хороололд дахин нэвтрүүлэхгүйн тулд хяналт тавьж, иргэдтэй хамтран ажиллах хэрэгтэй болж байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш