logo
Ломоносов - Байгалийн аугаа их шинжээч, цаг уурч байв

Ломоносов - Байгалийн аугаа их шинжээч, цаг уурч байв

2011/11/15
“Хэрвээ хүмүүс цаг агаарын өөрчлөлтийг үнэн зөвөөр урьдаас мэддэг болчихвол бурханаас тэд өөр юу ч шаардахгүйсэн билээ” М.В.Ломоносов
Хүн төрөлхтний түүхэнд өөрийн байгалиас заяасан авьяас чад­вар, нэвтэрхий толийн мэдлэгээрээ тодорсон аугаа их суутнууд олон төржээ. Тэдний дунд Оросын анхны эрдэмтэн М.В.Ломоносовын нэр өнгөрсөн зуунуудын турш их далай дахь гэрэлт цамхаг мэт сүндэрлэн харагднам билээ. Оросын өөр нэг суутан А.С.Пушкин “Тэр, манай анхны их сургуулийг үндэслэсэн юм. Ер нь тэр өөрөө манай анхны их сургууль байсан гэж хэлэх нь зүйтэй биз ээ” хэмээн чухамхүү онож хэлжээ. М.В.Ломоносов нь дэлхийн шинж­лэх ухааны түүхэнд бүх талын сонирхол, авьяасаараа онц­гой тодорсон эрдэмтэн гэдгээ­рээ алдартай билээ. Тэрбээр өө­рийн шинжлэх ухааны судалгаа, бүтээлүүдээрээ хүн төрөлхтний оюу­ны олон талыг үлэмж баяжуулсан юм. Тиймээс ч түүний шинжлэх ухааны үзэл бодол өөрийн цаг үеэс хол түрүүлж байсан ажээ. Тэр­бээр физик химийн үндэсийг тавьж, матери болон хөдөлгөөн хадгалагдах зарчмыг томъёолж, атом-молекулын сургаалийг хөг­жүүлсэн гавьяатай юм. Мөн ихээхэн анхаарлаа хийн манд­лын цахилгаан, агаар дахь хүн­дийн хүчний үйлчлэлийн судалгаанд хандуулж, өнгө­ний талаарх сургаалийг бая­жуулж, байгалийн үзэгдэл юмсыг материалист үүднээс тайлбарлаж, бүх юмс оюун санаанаас үүснэ гэх үзлийг няцааж байв. Оросын гео­ло­ги, уул уурхай, метал­лур­гийн судалгааны хөгжилд үлэмж хувь нэмэр оруулж, дэлхийн бөмбөрцгийн хойд, өмнөд туйл, Хойд тэнгисийн усан замыг судлахад анхаарч, Си­бирийн баялгийг нээж эзэмшихийн чухлыг онцлон үзэж байв. Түүнчлэн геофизик, зурагзүй, нэн ялангуяа цаг уурын судлалын олон асуудлыг хөндөн судалжээ.
Оросын уран зохиол, урлагийн бүтээлд үлэмж өөрчлөлт хийсэн эрдэмтэн бол М.В.Ломоносов юм. Тэрбээр XVIII зууны Оросын то­моохон яруу найрагч байж, орчин үеийн оросын уран зохиолын хэлний үндэсийг тавьж, хэл шинж­лэлийн суурь судалгааны анхдагч болсон төдийгүй зураач, түүхч, ард түмнийхээ гайхамшигт соён гэгээрүүлэгч, Оросын шинжлэх ухааны хөгжлийн төлөө цогтой тэмцэгч байжээ.
Энэхүү товч өгүүлэлд М.В.Ломо­носов нь дэлхийн байгалийн бо­лон цаг уурын шинжлэх ухааны үн­дэслэгчдийн нэг гэдгийг товойл­гон өгүүлэх зорилго тавилаа. Ер нь Дэлхийн хийн мандал гэдэг нь бид­ний амьдралд ямар ач холбогдол­той юм вэ? Энэ үүднээс хүн төрөлхтөн эртнээс Дэлхийн хийн “тэнгис” болох хийн бүрхэвч, түүний зузаан, байгууламж, бүтэц ямар байдгийг мэдэх, агаарын найрлага, шинж чанарыг судлахыг оролдсоор ир­жээ. Хийн “тэнгис”-ийг судлаачдын тэргүүн эгнээд оросын эрдэм­­тэд, түүний дотор М.В.Ломоно­сов идэвхтэй явжээ.
Оросын анхны академич М.В. Ломоносов нь орчин үеийн шинжлэх ухаанд их ач холбогдол бүхий хийн кинетикийн онолын үндэсийг тавьж, энэ онолыг удирдлага болгож, “Хийн харимхайн хүч”-ний талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй анхны зөв тайлбарыг хийсэн байна. Тэрбээр 1748 онд ШУА-д “Хийн харимхайн хүчний онол”-ын талаарх сэдэвтэй дорвитой ажлаа өргөн барьжээ. Хийн кинетик онолын үндэс нь хийн шинж чанарыг нарийн ойлгох, ингэснээр аэродинаик, дулаан динамик болон бусад шинжлэх ухааны бусад салбарт суурь, хавсарга судалгааны олон чухал асуудлыг шийдвэрлэх боломжийг нээжээ.
Хийн мандлын цахилгааны талаарх онолын эхлэл XVIII зууны дундуур үүсэж, В.Франклины са­наачилгаар туршилтууд хийж, үүний үр дүнд аянга, цахилгааны ниргэлтийн талаар тайлбарлажээ. Орост бас тийм туршилтуудыг М.В.Ломоносов, Г.В.Рихман нар хийж, Ломоносов анх удаа цахилгааны ниргэлт, аянгын үүсэх мөн чанарыг дэлгэрэнгүй тайлбарлаж, бүдүүвчийг гарга­сан нь хийн мандлын цахилгааны үзэгд­лийн онолын үндэс болжээ. Ийнхүү М.В.Ломоносов, В.Франклин болон бусад физикч эрдэмтэдийн судал­гаа, туршилтын ажлын практик үр дүн гарч аянга зайлуулагчийг зохион бүтээсэн байна.
М.В.Ломоносов нь хийн манд­лын цахилгааны үзэгдлийг судлах явцдаа агаарт босоо чиглэлээрх хөдөлгөөн байдгийг илрүүлж, тэр нь хийн мандалд цахилгаан цэнэгүүд үүсэх шалтгаан болно гэдгийг тог­тоожээ. Мөн хийн мандлын өндөр давхаргад цахилгаанжиж, гэрэлтэх үзэгдэл болдогийг жинхэнэ утгаар нь тайлбарласан нь эдүгээ бидний сайн мэдэх туйлын туяа юм. Ийн­хүү Ломоносов 1752-1753 онд анх удаа хийн мандлын цахилгаанжих үзэгд­лүүдийн мөн чанарыг тайлбар­лаж, шинжлэх ухааны онолын үүд­нээс баталжээ. Тэрбээр хийн мандал дахь цахилгаанжих үзэгдлүүдийн талаарх судалгааны ажлынхаа бүх үр дүнг 1756 онд “Математик ар­гаар боловсруулсан цахилгаан­жил­тын онол” гэсэн ерөнхий сэдвийн дор нэгтгэсэн ч, харамсалтай нь энэ бүтээлээ дуусгалгүй орхисон байна.
Ер нь дэлхийн хийн мандлын шинжлэх ухааны үндэстэй судалгаа нь XVII зуунаас, тодруулбал бусад байгалийн шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн үетэй давхацсан байдаг. Энэ үед агаарын температур, даралт хэмжих зориулалттай термо­метр (Галелей, 1597 он), барометр (Торричелли, 1643 он), тунадас хэм­жигч, салхины чиглэл, хурд хэмжигч флюгер зэрэг багажууд зохион бүтээгдэж, цаг уурын байнгын ажиг­лалт хийх эхлэл тавигджээ. XVII зууны сүүлч, XVIII зууны эхээр Европын зарим оронд цаг агаар, уур амьсгалын ажиглалтыг нэгэн зэрэг зохион байгуулах гэсэн оролдлого буй болов. Үүний үр дүнд ажиглалтын нэлээд материал хуримтлагдсан ч цуваа нь ихэд тасалдалтай, салангид байсныг шүүмжлэх аргагүй юм.
Цаг уурын шинж­лэх ухааны хөгжлийн дараагийн үе шат Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносовын аж­лаар үргэлжилжээ. XVII зууны дундуур Ломоносов салхины хурд хэмжих зориулалт­тай анемометр, далайн баро­метр зэрэг олон багаж санаач­лан зохион бүтээжээ. Мөн шинж­лэх ухааны олон ном, өгүүлэлд бичиж тэмдэглэс­нээр Ломоносов нь цаг уурын ажиглалтын хүрээг өргөт­гөх талаар нэлээд санаачил­га, зүтгэл гаргасан байдаг. Тэрбээр “Далайн усан замын өндөр нарийвч­лалын талаарх асуу­дал” нэртэй бүтээлдээ мөн олон шинэ багаж, газрын уртраг, өргө­рөг тодорхойлох ар­гын талаар тодорхой өгүүлжээ.
М.В.Ломоносов нь цаг уурын байран судалгаанд зориулсан өөрөө бичигч багаж бүтээх нэн шаард­лагатайг санал бол­гож, хийн мандлын дээд давхаргад хүртэл хөөр­гөх зориулалттай цаг уурын тусгай аппарат зохион бүтээж, дэлхийн эрдэмтэдээс түрүүлж анх удаа байнгын “Цаг уурын алба”-ны тухай санаа анх гаргасан билээ. Мөн үүлэнд цахилгааны үзэгдэл үүсэх бүдүүвчийг томъёолж, цаг агаарын аливаа үзэгдэл тэмдэглэх зориулалттай багажууд зохион бүтээх, цаг агаарын байдлыг урьдаас мэдэж сурахыг чухалчилсан олон үнэтэй шинэ санаа дэвшүүлжээ. “Хэрвээ хүмүүс цаг агаарын өөрч­лөлтийг үнэн зөвөөр урьдаас мэддэг болчихвол бурханаас тэд өөр юу ч шаардахгүйсэн билээ” гэсэн алдарт үгийг Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов хэлжээ.
1753 онд Ломоносов ШУА-ийн хуралдаанд “Цахилгаанжилтаас  үү­дэх цаг агаарын үзэгдлийн тухай” сэдэвт илтгэл тавьж, уг ажилдаа шинж­лэх ухаанд анх удаа дэлхийн хийн мандалд босоо чиг­лэлээрх агаарын урсгал байдаг, түүний байгалийн үзэгдэлд үзүүлэх нөлөөллийн талаар өгүүлжээ. Эр­дэмтний энэ үзэл санааны үндсэн дээр дэлхийн хийн мандлын агаарын урсгалуудын талаарх орчин үеийн сургаалийн үндсэн тавигдаж, цааш­дын хөгжил нь цаг уурын алба, нисэх хүчин, далайн тээвэр зэрэг нийг­мийн олон салбарын практик үйл ажиллагаанд биеллээ олсон байна.
1761 оны 5 дугаар сард нар, дэл­хий хоёрын хооронд орших тойрог замынхаа яг тэр хэсгээр сугар гараг өнгөрч, нарны тэргэлээр үзэг­дэх хөдөлгөөнийг үүсгэх ёстой байв. Ломоносов астрономын энэ ховор үзэгдэл ажиглах явцдаа сугар гарагийн үүсэл, түүний хийн манд­лын талаар анх удаа үг хэлсэн эрдэмтэн юм.
М.В.Ломоносов хойд туйлын бүс, хойд тэнгисийн усан замыг судлахад ихээхэн анхаарч, дэлхийн бөмбөрцгийн энэ орон зайг хүн төрөлхтний улс төр, эдийн засгийн сайн сайхны тусын тулд ашиглах тухайд гойд анхаарч байжээ. Энэ сэдвийн хүрээнд тэр 1763 оны үед “Хойдын тэнгисээр янз бүрийн аялал хийсэн тухай товч бичлэг, далайн Сибирийн хэсгээр дамжин Дорнод Энэтхэгт нэвтрэх нь” сэдэвт бүтээл туурвиж, их далайн мөс, мөсөн уулын хөвөх, хөдөлгөөний талаарх шинжлэх ухааны онолыг буй болгожээ. Тиймээс ч далай, тэнгисийн мөсний талаарх орчин үеийн ангиллын үндэсийг Ломоносов тавьсан гавьяатай гэж үздэг. Тэрбээр дэлхийн бөмбөцгийн хойд туйлын бүсийн түүхт томоохон судалгааг гардан хийсэн экспедицийг зориг­жуулан дэмжигч байсан юм. Энэ экспедиц нь гурван арван жилийн турш Хойд мөсөн далайн эргийн олон мянган километр үргэлжлэх бүсийн тодорхойлолтыг гаргаж, Америк тив орж, Калифорнид хүрч судалгааны нүсэр ажлаа дуусгасан байна.
Ийнхүү Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов нь байгалийн ау­гаа их шинжлээч, цаг уурч байсан төдий­гүй далай судлаач, химич, физикч, газарзүйч, түүхч, философич, хэл шинжлээч, яруу найрагч, уран зураач, өөрөөр хэлбэл түүний суут ухаан оролцоогүй шинжлэх ухааны салбар бараг үгүй юм. М.В.Ломоносов 1742 онд Шинжлэх ухааны Академийн физикийн англалын адъюктант, 1745 оны 8 дугаар сард профессор /академич/-ын албан тушаалд томилогдсон анхны орос хүн болжээ. Түүнийг 1760 онд Шведийн ШУА, 1764 онд Болоны ШУА-ийн хүндэт гишүүнээр сонгожээ.
М.В.Ломоносовын санаачилгаар 1755 онд эдүгээгийн Москвагийн улсын их сургууль нээгдэж, 1940 оноос их эрдэмтний нэрээр овоглох болжээ. Мөн түүний алдраар олон хот, дүүрэг, гудамж, сургууль, номын сан, театрууд нэрлэгдэж, олон хөшөө дурсгалийг нь босгожээ. Түүнчлэн Атлантын далай дахь урсгал, Хойд мөсөн далайн гүн дэх уул, Шинэ газрын уулын оргил, Баруун Шпиц­бергений арлын нэг өндөрлөг зэргийг түүний нэрээр овогложээ. Тэглээ ч энэ бүхэн хүн төрөлхтний суут эрдэмтний судалгаа, шинжилгээ, туурвилийн алтан бүтээлүүдтэй тэнцэнэ гэж үү?
Газарзүйн ухааны доктор (Ph.D) Х.Хангайсайхан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш