logo
Ж.Батзандан:  Улаанбаатарын  тулгамдсан асуудлууд гацаанаас гарч эхэллээ

Ж.Батзандан: Улаанбаатарын тулгамдсан асуудлууд гацаанаас гарч эхэллээ

2011/11/15
Нийслэлийн Ардчилсан Хүчний холбооноос “Улаанбаатарчуудын эрхийн төлөө” уулзалт хэлэлцүүлэг, “Таны төлөө таван асуудал” санал асуулга авч иргэдийн санаа бодлыг сонссон билээ. Нийслэлийн Ардчилсан Хүчний холбооны Ерөнхий зохицуулагч доктор Ж.Батзандантай ярилцлаа.
-    Нийслэлийн Ардчилсан Хүчний холбооноос маш  тодорхой тодорхой акцуудыг хийлээ. Үр дүн нь гарч чадсан уу ?
 Нийслэлийн Ардчилсан Хүчний холбооноос сүүлийн нэг сар гаруй хугацаанд Улаанбаатар хотын  тулгамдсан асуудал руу анхаарлаа хандуулж ажиллаа. Мөн улс орны хэмжээнд хөдөө орон нутгаар явж “Таны төлөө таван асуудал” санал асуулгыг зохион байгууллаа. Иргэдтэй олон уулзалтууд хийж, иргэдэд учирч байгаа тулгамдсан асуудлуудыг сонсож, санаа бодлоо солилцож шийдвэрлэх арга замыг эрэлхийлж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Тодорхой үр дүнд хүрлээ гэж үзсэн.  
-    Гол асуудлууд нь юу байв?
 Нийслэлчүүд маань Улаанбаатарын хөгжлийн асуудалд нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа тухай нэлээдгүй ярьж байна. Тухайлбал байгаль орчны эко эрх зөрчигдөж байгаа тухай, агаарын болон хөрсний бохирдлын тухай,  зам талбай, газрын харилцаатай холбоотой асуудлууд, замын түгжрэлийн тухай, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн өсөлтийн тухай гээд олон асуудлыг хөндөж ярьцгаалаа.  Үүнээс гарах арга замуудын хүрээнд бид “Улаанбаатарчуудын эрхийн төлөө” чуулга уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Анх эхлээд Улаанбаатарын клуб ажиллаж байсан бол бүр сүүлдээ Улаанбаатарын  чуулган болж хүрээгээ тэллээ. Олон түмнийг эгнээндээ нэгтгэж Улаанбаатарын  чуулган болж анх удаагаа  чууллаа.  Чуулга уулзалтаас Улаанбаатарын “Тунхаг бичиг”-ийг албан ёсоор гаргасан. Тунхаг бичиг бол Улаанбаатарчуудын эрхийг хамгаалах бодлогын баримт бичиг. Улаанбаатарын дэд бүтцийг сайжруулах, газрын харилцааг боловсронгуй болгох,   сонгох сонгогдох эрхийг хангах,  түүний хэрэгжилт хяналтын  асуудал,  Нийслэл хотын өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх үр дүнтэй болгох гээд олон шинэ санаачилгууд гарлаа.
- Тухайлбал заримаас нь Нийслэлчүүддээ тодруулж өгөхгүй юу?
- Улаанбаатарын парламентыг байнгын ажиллагаатай болгоё, Улаанбаатар хотын Засаг даргыг ард түмнээс шууд сонгодог болъё, парламентын төлөөллийн тоог нэмэгдүүлье гэсэн санал мөн гарч байна. Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын хэмжээг 10 дахин нэмэгдүүлж, доод тал нь 790 тэрбум төгрөгт хүргэж байж Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүний тулд үнэт цаас гаргах, бонд гаргах эрхийг Улаанбаатарт өгье гэдэг асуудал яригдсан. Улс төрийн хуралдаанаар энэ асуудал шийдэгдэж батлагдлаа. Хийсэн ажлуудын үр дүнд эхнээсээ хуулийн төслүүд нь гараад хууль болон батлагдаад эхэлсэн. Улаанбаатар хот бонд гаргах эрхээ авлаа. Нийслэлчүүдийн хувьд энэ бол том алхам. Удахгүй УИХ-ын сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд шинээр нэмэлт өөрчлөлтүүд орох гэж байна. Улаанбаатарчуудын эрхийн төлөө асуудал түлхүү тусгагдана. Үүний төлөө бид хүчтэй ажиллаж байна. Улаанбаатарчууд эдийн засгийн хувьд бие даасан байх ёстой. Улаанбаатар хот бол ганцхан Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн асуудал биш. Нийт Монгол үндэстний асуудал. Улаанбаатар хот бол Монгол Улсын нүүр царай гэж бид ойлгож, их өргөн хүрээнд Улаанбаатарын асуудлыг ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэгтээ тулгуурлаж бодлого гаргаж байна. Гаргасан бодлогоо шийдвэр болгохын төлөө ажиллаж байгаа юм.
-    Таны төлөө таван асуултын өгөөж юу байв?
-     “Таны төлөө таван асуудал” аяны хүрээнд бид Налайх, Багануур, Багахангай гэх мэт дагуул хотууд, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй  дүүргүүдэд ажилласан. Нэгдүгээр эмнэлэг, Налайх дүүргийн эмнэлгүүдээр орлоо. Улаанбаатар их сургууль, Их Засаг их сургууль, Эрдэм Оюу их сургуулийн оюутан залуучуудтай уулзлаа. Энэ хүрээнд нийтдээ 15000 орчим хүнтэй уулзаж, санал асуулга авч, сонслоо. Улс төрч хүн, улс төрийн байгууллага гэдэг бол иргэдээ байнга сонсож, тулгамдсан асуудлыг нь ойлгож, түүнийг шийдвэрлэх бодлого боловсруулан гаргаж байх үүрэгтэй. Бид үүрэгт ажлаа, улс төрийн байгууллагын ажлаа эрчимтэй хийлээ. Энэ аяны хүрээнд олон бодлогын баримт бичгүүд, олон шинэ санаа санаачилгууд гарлаа. Удахгүй бодитоор хэрэгжиж, хууль болон батлагдан гарна гэдэгт итгэлтэй байна. Мөн  Нийтийн эрх ашгийн асуудлыг энэ аяны хүрээнд нэлээн түлхүү  ярьсан. Нийтийн өмчийн тооллого хийе, өнөөдөр хувь хүмүүс сүүлийн 20 жил Монголын либерал ардчиллын гажуудлыг засах зайлшгүй шаардлага байна гэж иргэд ярьж байна. Сүүлийн 20 жил бид хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчөөс улс нийгмийн тогтолцоо руу орсон. Гэтэл нийгмийн 80-90 хувь нь ядуурлын түвшинд амьдарч байх жишээтэй, 40 орчим хувь нь нэн ядуу түвшинд амьдарч байгаа. Хувийн эрх ашиг түлхүү тавигдсан, нийтийн эрх ашиг дээр хувийн эрх ашиг гарчихсан. Нийтийн эрх ашигаас дээгүүр олигархи хэсэг бүлгийн эрх ашиг тавигдчихсан явж байна. Энэ бол манай либерал ардчилалд тулгамдаж байгаа нэг том гажуудал гэж бид үзэж байгаа. Тиймээс нийтийн эрх ашигийн хуультай болъё, нийтийн өмч, нийтийн алба, нийтийн эрх үүрэг гэдэг асуудлуудыг тодорхой томъёолох хэрэгтэй байна. Ашиг сонирхлын хуулийг яаралтай батлан гаргая гэх мэт олон хууль эрх зүйн баримт бичгүүд дээр суухаар төлөвлөж байна. Нийгэм гэдэг бол нийтээрээ зохицон амьдрах гэрээний асуудал.  Нийгэм гэдэг бол юуны түрүүнд нийгмийн эрх ашгийн тухай асуудал юм. Тэгэхээр бид нийтийн эрх ашиг руу түлхүү анхаарах ёстой. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалах механизмыг бүрдүүлэх ёстой. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй болгоё. Одоогийн хуулиар бол байгаль орчны эрх зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргах эрх нь зөвхөн Засаг даргад нээлттэй байгаа. Тэгвэл иргэн бүрт нээлттэй болгохын төлөө явж байна. Нийтийн эрх ашгийг ганцхан Засаг дарга төлөөлдөг биш, нийтийн эрх ашгийг нийт иргэд эвлэлдэн нэгдэх маягаар төлөөлөх бололцоо боломжийг олгоё. Нийтийн эрх ашгийг нийтээрээ хамгаалдаг механизмыг бүрдүүлье гэж бид ажиллаж байна. Аяны хүрээнд байгалийн баялгийн асуудал ихээхэн яригдсан
-     Газрын дорхи ашигт малтмал нь бүх ард өмч байдаг. Энэ утгаараа Нийслэлчүүд маань сонирхож байна уу?   
-     Оюутолгой, Тавантолгойгоос  монголчууддаа хувь хүртээх асуудал, Оюутолгойн гэрээг өөрчлөх, сайжруулахыг Нийслэлчүүд маань одоо  шаардаж байна. Оюутолгойн эзэмшлийн  монголын талын хувь  болох 34 хувийг нэмэгдүүлж, доод тал нь 51 хувьд хүргэх тухай асуудлууд яригдаж санал гарч ирж дэвшигдлээ. Монгол хүний үнэ цэнэ,  үндэсний асуудал яригдсан. Өнөөдөр Монголын ажилтан хүн,  залуучуудын цалин хөлс  манайд ажиллаж байгаа гадаадын иргэдээс  хамаагүй бага байна үүнийг өөрчилье, Яг адилхан ижил  хөдөлмөрлөж байгаа Монгол хүн гадаадын ажиллах хүчинтэй адилхан цалин хөлс авдаг тогтолцоог бүрдүүлье. Монгол хүн Монголдоо хамгийн өндөр цалин авч ажиллах бололцоог бүрдүүлэх цаг нь болсон. Монгол хүнийг үнэлдэг Монголын нийгмийг бий болгоё гэж зорьж ажиллаа. Энэ чиглэлд хуулийн төсөл боловсруулаад удахгүй өргөн барих гэж байна. “Таны төлөө таван асуудал” аян, “Улаанбаатарчуудын эрхийн төлөө” хэлэлцүүлэг гээд сар гаруй хугацаанд хоёр том аяныг зохион байгуулсан. Эдгээрт тулгуурлан бодлогын баримт бичгүүдээ гаргаж авч чадсан. Одоо энэ бодлогын баримт бичгүүд дээрээ тулгуурлаж төрийн шийдвэр гаргаж ажиллах албан ёсны шийдвэр болгох тэр үйл явц л үлдээд байна. Үүний төлөө бид зүтгэнэ.
-    Танд баярлалаа

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш