logo
Амьдралыг тэтгэгч амин дэмийн иллэг

Амьдралыг тэтгэгч амин дэмийн иллэг

2011/11/15
Өвдөх өвчингүй, зовж шаналах зовиургүй урт удаан насалж, жаргалын дээдийг амсаж эдэлж явсаар диваажингийн орондоо дахин дахин төрөхийг бодож, сэтгэдэггүй хэн байхсан билээ. Ийм аваас хүн төрөлхтөн эрт эдүгээ амьдрал тэтгэх урт удаан наслахын оюун ухааныг олж эзэмдэхийг эрмэлзэж, санагалзаж, хүлээж, хүсэж ирсэн амой. Дорно дахины уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, мэргэд, эмч нар эмгүй засал хийж баялаг мэдлэг туршлага хуримтлуулсан авай. Янз бүрийн насны хүмүүст тохирсон, хэдхэн хормын дотор амьдрал ахуйд хэвшүүлэхүйц, ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүйгээр урт насалж, эрүүл чийрэг, гоо үзэсгэлэн төгөлдөр, элбэг дэлбэг, хангалуун амьдрахтай холбоо хэлхээ бүхий бүтэн цогц сургаалийг нэн эрт айлдсан болой. Эл сургаал зөвлөмжийг “бүтэн” таван жил уйгагүй эрэн сурагласаар Дорно дахины уламжлалт анагаах ухааны доктор, профессор Нантай, нэрт орчуулагч Д.Болдбаатар нарт хадгалагдаж байсныг олзуурхан авч шүтээндээ залбирч, магнайдаа адислан уншигч авхай таны цэцэн мэргэн оюун ухаанд тань шингээн толилуулах нь эл мөн болой. Хүн бүр эрүүл саруул бол айл гэр амгалан. Айл хотлоороо эрүүл саруул бол улс үндэстний баясгалан болой. Эрүүл биед саруул ухаан оршимой.
Нэг. Толгойн үсээ тогтмол илэх ану
Шөнө дөлөө тайван сайхан амарч хоноод өглөө босонгуутаа хоёр гарынхаа 10 хуруугаар “Толгойн” үсээ урдаас нь хойш нь арагш нь, араас нь урагш нь зугуухнаар 15-20 удаа самналт хий. Ингэснээр толгойд буй биологийн идэвхит цэгүүд хурууны чинь өндгөнд цочирч тархиа амарч оюун ухаан сэргэж, сэтгэл санаа тайвширч, даралт буурч, урам зориг дээшилж, толгой загатнах, эргэж өвдөх, үс унах, цайх, зүрх хүчтэй цохилох, мэдрэлийн сульдаа өвчин, ядаргаа зэргээс сайтар сэргийлж чадмой. Ийм аваас Дорно дахины анагаах ухааны сургаалд “Үс бол цусны үлдэл, үсийг хуруугаар олонтаа самнаваас өтөл болтол бууралтахгүй” хэмээн айлдсан буй.
Хоёр. Нүүрээ олонтоо илэх ану
Хоёр гарынхаа алгыг хооронд нь хавсарч халуун оргитол нь үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш нь доош нь хэдэн арвантаа зугуухан илнэ. Өдөрт 2-3 удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлт сайжран арьс зөөлөрч, өнгөлөг, овор бага багаар арилж залуужиж ахин үрчлээ тогтохгүй. Харин өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр сайхан царай зүстэй болой. Эл дасгалыг хийснээр ханиад томуу тусах, нар салхинд явахад нүд гялбах, нулимс гоожих, толгой эргэх, дэгэн догон муруй хазгай гишгих, шүд өвдөх, буйл хавдаж памбайх, хамар битүүрч, найтаахаас ямагт сэргийлж чадмой. Анхааран болгоох ину: Эл дасгалыг нүүрэндээ батгатай хүмүүс хийж болохгүй. Ямагт цээрлэ.
Гурав. Мэлмийн “Нүд” дасгал ину
Сэтгэл санаагаа уужуу тайван, уур уцааргүй болсны дараа хоёр “мэлмийгээ” нүдээ хагас аниад наран зөв баруун, зүүн, дээш, доош нь аажуухан эргэлдүүлнэ. Ингэсний дараа нүдээ огцом  нээж дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ. Эл дөрвөн хөдөлгөөнийг 10 гаруй удаа хийх нь машид нэн тохиромжтой амой. Эл дасгалыг ингэж уйгагүй хийснээрээ нүдний ядаргаа бүр мөсөн арилж, ойрын болон холын хараа сайжирч, нүд бүрэлзэх, эрээлжлэх зовлонгоос ангижирч, толгой эргэх, дотор муухайрах, бас бус элдэв өвчнөөс сэргийлж чадна.
Дөрөв. Дагз няслах ину
Баруун, зүүн гарын алгаараа хоёр чихээ таглан долоовор хуруугаа дунд хурууны дээр тавьж чихний ар хэсэгт няслахад бөмбөр дэлдэх лугаа чимээ гармой. Ийм маягаар 36 удаа няслаад чихээ тагласан алгаа огцом авч, огцом таглах үйлдэл хөдөлгөөнийг 16 удаа хичээнгүйлэн сайтар хийгээрэй. Ингэснээр тархи, толгойн ядаргаа арилж, оюуны чадавхи сэргэж, санах сэдэх ой ухаан сайжирч, толгой эргэх, өвдөх чих шуугих, чихний ямар нэгэн элдэв бус өвчин эмгэгээс баттай сэргийлж хамгаалах болно.
Тав. Хэлээ туушинд хүргэх ину
Хэлнийхээ “торгон” үзүүрийг өргөж, дээд шүдний ар тал тагнайн төмбөгөр хэсэгт хүргэж дээш, доош нь баруун, зүүн тийш хэдэн арван удаа эргэлдүүлэхэд шүлс ялгаран гарч ирмой. Эл шүлс жинхэнэ амин дэм болой. Өөрийн биеэс ялгарсан аваас тэр шүү дээ. Эл дасгалын амин сүнс нь гэвээс:
1.    Хоол идэх, цай уух дур хүслийг оргилуулна.
2.    Хоолны шингэцийг сайжруулна
3.    Шүд бэхжүүлэх, зажлах хүч чадлыг нэмэгдүүлнэ.
4.    Ам аргаж хатах, хуурайшихаас хамгаална.
5.    Залгиур хоолой болон буйлны үрэвслээс сэргийлнэ.

Зургаа. Шүдээ байнга товших ину
Бүхий л биеэ султган анхаарлаа нэг цэгт төвлөрүүлэн элдэв бусын элий балай юм бодож санагалзахгүйгээр дээд доод хоёр уруулаа зөөлөн “жимийн” хамхина. Хамгийн эхлээд араануудаа, дараа нь дээд, доод үүдэн шүдээ, төгсгөлд нь соёонуудаа хооронд нь товших нь зөв болой. Та боломжтой бол эл дасгалыг өдөрт 100 орчим удаа хийж занших нь эрүүл мэндэд чинь эрхэм сайн болой. Ингэж чадсанаар шүд бөхжиж, шүлс ялгарч, шүдний өвчнөөс сэргийлэн хамгаалж чадна. Дорно дахины уламжлалт анагаах ухааны нэгэн бяцхан домогт өглөө бүхэн шүдээ 36 удаа товшвол насан өөд болтлоо шүд унадаггүй хэмээн  ёгтлон хэлсэн авай. Үүнийг санаарй, бодоорой.
Долоо. Шүлс залгих ину
Нэн эртний нэгэн бяцхан судар бичигт шүлсний тухай олонтоо бичсэн амой. Шүлсийг “Хас шүүдэр”, “Ариун ус” хэмээн нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш бөлгөө. Завьжаараа шүлсээ сорж ам дүүрэхийн алдад 10 хувааж залгина. Энэ нь:
1.    Хоол ундны дуршил, “шингэц”-ийг сайжруулна.
2.    Залгиурын ажиллагааг идэвхжүүлэн хэвийн байлгана.
3.    Залгиур хоолойн үрэвсэл, буйл үрэвсэх, шарх сэдрэх өвчнөөс хамгаална.
4.    Бүхий л биеийн эсэргүүцлийг сайжруулан, амны хөндийг цэвэршүүлнэ.
Найм. Өглөө бүр эвшээлгэх ину
Өглөө босоод цэнгэг сайхан агаартай,ой модтой, цэцэг ногоо халиурсан газарт очиж биеэ султган тайван агаад бүх анхаарлаа нэгэн үзүүрт төвлөрүүлж, хамраараа агаар сорон хэвлийн хэсгээ сорсон агаараараа дүүртэл амьсгална. Хэвлийгээ агаараар дүүргэсний дараа толгойгоо өргөн амаа ангайж эвшээж байгаа маягтайгаар амьсгалаа гадагш гаргамой. Эл дасгал үйлдлийг өдөр бүр 12 удаа тогтмол хийнэ. Ингэж хийснээр уушигны үйл ажиллагаа сайжирч, уушиг зүрхний цусан хангамж нэмэгдэж, цээж багтрах, бөгшүүлж ханиалгах зэргээс сайтар сэргийлж чадмой.
Ес. Нуруугаа байнга дулаалах ину
Эрс тэс уур амьсгалтай манай орны ухаант ард түмэн өвчин зовлонгүй, эрүүл саруул энх тунх аж амьдрахын тулд цаг агаарын байдалд зохицуулан нуруу, ууцан биеэ дулаан байлгадаг амой. Ийм аваас өдөр бүр хоёр гарынхаа алгаа үрж бүлээцүүлсний эцэст нуруугаа хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон зе мөчний архаг хууч өвчнөөс сэргийлнэ. Арвайн гурилыг шар тосонд багсарч “Хар” өнгийн даавуугаар уут хийж бэлтгэнэ. Тэр бэлдмэлийг эл уутандаа хийж хар модны галын дөлөнд бүлээтгэн нуруугаа жигнэнэ. Жигнэлт 15-20 хором байна.
Арав. Цээжин биеэ байнга арчлах ину
Та “хүн” цээжиндээ байнга иллэг хийж, зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн арван удаа хийж болно. Энэ бол чөлөөтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цээж багтрах, зүрх оволзож пэл пал хийх, хатгах, багтрах, зүрхний титэм судас өвчлөх, хавиргаар хатгах зэрэг олон янзын өвчнөөс урьдчилан сэргийлэх амой.
Арван нэг. Хэвлийгээ иллэг хийх ину
Хоёр гарынхаа алгыг хооронд нь үрж бүлээцүүлсний дараа хүйсээ тойруулж наран зөв иллэг хийнэ. Мөн наран буруу зөөлөн дарж үл ялиг базална. Аль алийг нь арав гаруй удаа хийх нь нэн тохиромжтой, өөрийн биед ашигтай. Эл дасгал  ину:
1.    Хоолны шингэц сайжруулна. Эвгүй үнэр гарган хэхрүүлэхгүй. Огиулахгүй. Гэдэс базалж доошоо суулгахгүй.
2.    Хоол боловсруулах эрхтний цусан хангамж, агшилт, сунгалтыг нэмэгдүүлэх сайн талтай.
3.    Ходоод гэдэсний өвчин, өтгөн хатах, гүйлгэх, бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвслээс сайтар хамгаалж чадна.
4.    Шээс тасалдах, давсаг чинэх өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Ил хөлгөн сударт хоол идсэний дараа 10 удаа хоёр гараараа хэвлийгээ ил. Ингэвэл зуу насална хэмээсэн болой.
Арван хоёр. Хэвлийгээ агшааж татах ину
Биеэ суллан оюун санаагаа төвлөрүүлээд хамраараа амьсгал ав. Авсан амьсгалаа бага хэвлий буюу давсгаа зугуухан аажимхан агшааж татна. Тэр байдлаа хэсэг хадгалан барьж чадсан хойно амьсгаагаа гарган биеэ суллана. Эл чухал дасгалыг өдөрт 10 удаа хийснээр давсаг бөөрний үйл ажиллагаа эрс сайжирмой.
Арван гурав. Үе мөчний дасгал ину
Хоёр гараа мөрний хэсгээ хойш урагш эргүүлж савчих, хоёр хөлөө ээлжилж урагш, хойш савчиж зөөлхөн өшиглөх. Ташаагаа тулаад бүсэлхийгээрээ урагш, хойш, баруун, зүүн тийш хазайх. Энэ дасгалууд нь хуян шар усыг тарааж, үе мөчний өвчин, түүний үрэвсэл гэх мэт өвчнүүдээс хамгаалж чадна.
Арван дөрөв. Хөлийн уланд иллэг хийх ину
Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх тэр хэсэгт хүчний эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх амин чухал цэг байдаг болой. Хоёр гарынхаа алгыг хооронд нь хавсран үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээрээ өдөрт 9-10 удаа илж дарах нь хөлийг дулаацуулна. Ингэснээр:
1.    Сэтгэл санаа тайвширч өөдрөг өнгөлөг, цовоо цойлгон, дууны өнгө шингэрч, уян хатан болой.
2.    Элэг, бөөрний үйл ажиллагааг  сайжруулна.
3.    Толгой эргэх, дотор муухайрах, чих шуугих, нойр холдох, зүрх цохилох, цусны даралт ихсэх, хөл өвдөх өвчнөөс урьдчилан сэргийлмой.
Арван тав. Арьсанд хуурай иллэг хийх ину
Хоёр гарын алгаа хооронд нь хавсран үрж бүлээцүүлээд толгой, мөр, гар, хөл, цээж, хэвлийн арьсыг арван удаа зөөлхөн илмой. Ингэснээр арьсны сүвүүд тэлж, ядаргаа арилна. Нойр, хоолондоо сайн болж, цусны даралт буурч, арьс уян зөөлөн булбарай, өнгө зүс сайхантай болно.
Арван зургаа. Бие засахдаа бүү ярь
Бие засах үедээ амаа хамхин, шүдээ зууж, хэлний үзүүрийг тагнайн төмбөгөрт хүргэн хоёр нүдээ дээш ширтэхийн сацуу, тамхи татаж, бусадтай ярилцах, эвгүй дуу авиа гаргахыг хориглоно. Энэ үедээ амьсгал жигд чөлөөтэй байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлж өгвөл их сайн бөлгөө. Ингэснээр шүд бэхжиж, шүдний элдэв өвчнөөс сайтар сэргийлж чадна.
Дээрх дасгалуудыг өдөр бүр тогтмол хийж занших нь онцын хүндрэл, ямар нэгэн бэрхшээл байхгүй. Хүний биед муугаар нөлөөлөхгүй. Харин эрүүл чийрэг аж төрөх, ямар нэгэн өвчнийг илааршуулах эмгүй засал болохоос гадна урт наслахын амин чухал хүчин зүйл болдог амой.  
     Дашгүнпанлин хийдийн тэргүүн 20 зууны манлай гоц мэргэн төлөгч хурдан морьт овгийн Шагдаржавын Гантөмөр

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш