logo
Монгол газар компани уул уурхайн нөхөн сэргээлтийн жишиг тогтоолоо

Монгол газар компани уул уурхайн нөхөн сэргээлтийн жишиг тогтоолоо

2011/11/15
Уул уурхайн нөхөн сэргээлт манай улсад дэлхийн төвшинд нийцсэн жишгээр хийгдсэн түүх ховор. Нүд хуураад үлдээсэн нь олон гэдгийг мэргэжлийн байгууллагууд нотолдог. Харин үндэсний томоохон компаниудын нэг “Монгол газар” уурхайг байгалийн унаган төрхөд нь хөтөлж, аваад авдрыг нь хаядаг гэсэн ойлголтод “баяртай” гэж хэлж чаджээ.

Эднийх Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт Харгуйтын ам гэдэг газар 2002 оноос олборлолт хийж 2003 онд дуусан тухайн үедээ нөхөн сэргээлт хийсэн  юм. Алтны үлдэцтэй байсныг нь нинжа орж нэг хэсэгтээ сандаргажээ. Иймд алтны үлдэцээ бүр мөсөн дуусгахын тулд бичил уурхайдыг оруулж нөхөн сэргээлтээ хийлгэх гэрээ байгуулсан юм.  Ингээд удаагүй байтал яамнаас тушаал гарч өнгөрсөн намар бүх бичил уурхайдыг гаргаж, нөхөн сэргээлт хийх нь ч талаар болсон юм. Гэсэн ч “Монгол газар” ХХК-ийнхан лицензтэй газраа зүгээр хаячихсангүй. Бичил уухрайдыг гармагц олборлолт хийсэн газар нь техникийн нөхөн сэргээлтээ эхлүүлж одоо 80 хувьтай яваа сайн мэдээ бидэнд байна. Тэд ирэх хавар биологийн нөхөн сэртээлтээ хийж долдугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ талаар “Монгол газар” ХХК-ын уурхайн дарга М.Цагаанаас тодрууллаа.

“Монгол газар” ХХК-ын уурхайн дарга М.Цагаан:

-Нөхөн сэргээлтийн явцын талаар товч мэдээлэл өгөөч?

-“Монгол газар” компанийн Харгуйтын уухрайн дээд эх Шийртийн аманд нөхөн сэргээлтийн байдал 80 хувьтай явж байна. Нөхөн сэргээлтийн ажил өнгөрсөн есдүгээр сараас эхэлсэн. Энэ жил манай уурхайд бичил уурхайд ороод 300–гаад га газар хөндөгдсөн. Одоо 200-гаад га газар нь техникийн нөхөн сэргээлт хийгдлээ. Манайх Улаан чулуутын амнаас бусад, Харгуйтын ам Шийртийн аманд нөхөн сэргээлт хийгдчихлээ. Нийт 14 нуур үүссэн байснаас есийг нь дарлаа.

-Хойтон хавар гэхэд Орхон гол цэврээрээ урсах баталгаа гарах уу?

-Манай амнаас цэвэр ус цэврээрээ л урсана. Голын голдирлыг ч сэргээж байна. Их хөндөгдсөн гол горхийг буцааж голдиролд нь оруулах хэцүүч бидэнд арвин туршлага бий.

-Эргээд нинжа нар орох вий гэж зарим хүн болгоомжлуулж байсан?

-Манайх Харгуйтын уурхайдаа  2002-2003 онд олборлолт хийсэн. Гурван ч удаа нөхөн сэргээлт хийж орон нутагт нь хүлээлгэж өгсөн. Харамсалтай нь, алтны үнэ өссөн, бичил уурхай, нинжа олширсноос үүдээд хоёр жил дараалан нинжа бичил уурхайд орсон. Одоо манай уурхайд алтны үлдэц бараг байхгүй  учраас нөхөн сэргээлт маш үр дүнтэй болж байна.



-Нарийн хамарын уурхайн нөхөн сэргээлтийг маш сайн хийжээ. Энд адуу мал идээшлээд өмнө нь уурхай байсан, алт олборлолт явагдаж байсан гэж мэдэгдэх юм алга. Нөхөн сэргээлтийг яаж ингэж сайн хийж байна вэ?

-2007 онд 60 мянган га газарт олборлолт хийгээд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Нөхөн сэргээлтийг технологийнх нь дагуу хийвэл байгаль ингэж хурдан унаган төрхөндөө ордог юм байна. 2007 оноос хойш гурван жилийн дараа гэхэд ийм сайхан боллоо. Уул уурхайхандаа хандаж хэлэхэд технологийнх нь дагуу л хийх хэрэгтэй. Манайх Нарийн хамрын уурхайгаа Шинэ Зеландын технологи болох дотоод овоолгоор олборлолтоо явуулсан юм. Нэг талаасаа олборлолт явж байхад нөгөө талаасаа нөхөн сэргээлт хийгдэж байдаг. Олборлолт хийгдээд дуусахад техникийн нөхөн сэргээлт нь зэрэг дуусдаг. Анх бид Өлийн гол дээр технологийн алдаа гаргаж байснаас одоо том том овоологнууд үлдсэн. Уул уурхайн нөхөн сэргээлтийг үнэхээр хийе гэж сэтгэл гаргавал болдог л юм байна.  

-Ямар ургамал тарьсан бэ?

-Нөхөн сэргээлт хийхэд хамгийн чухалд зүйл бол тарьж байгаа ургамал. Хаа хамаагүй гадаад орноос, эсвэл огт өөр нутгаас үр авч ирж тарих нь төдийлөн үр дүнгээ өгдөггүй юм байна. Боломж гарвал 60 км–ээс дотогш нутагтаа дассан ургамал тарих юм бол маш хурдан ургадаг юм байна. Бид модоо энэ ойр орчмоос нь мөчир авч тарьсан. Царгасыг бол дотоодын болон хоёр хөршөөсөө үр авч тарьсан. Өнөөдөр нэг метр гарантай ургачихсан мал идээшилж байна. Дээрээс нь ерхөг, согоовор, тэгээд энэ нутгийн ургамлыг нутгийн иргэдээр нь түүлгэж тарьсан. Энэ маш их үр дүнтэй болсон. Эхний үрсэлгээг сайн хийхэд дараа дараагийн жил нь ойр орчмых нь ургамал ургаад эхэлдэг юм байна. Хүн тарьсан гэж мэдэгдэхгүй. Зун бол цэцэг алагласан хөндий л болдог.

Мөн манай компани Өвөрхангай аймгийн Уянга суманд “Бөөрөлжүүлтийн гол”-д  уурхай олборлолт хийгээд биологийн болон, техникийн нөхөн сэргээлтээ хийсэн.  Одоо бас унаган төрхөндөө орчихсон. Гэсэн ч нинжа нар орох гээд байгаа учраас гурван жил байнгын харуул манаатай байлгасаар байгаа. Ер нь уул уухайн компаниудад хариуцлага гэж зүйл зайлшгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хаа сайгүй л шороон овоолго, хиймэл нуурууд үлдэж, нутгийн иргэдэд, байгаль орчиндоо маш муугар нөлөөлж байна. Монгол хүн Монгол эх орон газар шороондоо эзний сэтгэлээр л хандах  хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна даа.

Л.Оюу

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш