Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүдийн, мөн УИХ-ын гишүүн Д.Одбаяр нарын гишүүдийн тус тус өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь гишүүдэд мэдээлэл хийлээ. “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын нийт иргэнд Таван толгойн хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлж, хувьцааны 10 хувийг 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдахыг Засгийн газарт даалгасан билээ.
Харин тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах хувьцааны 10 хувийг иргэн бүрт олгох хувь дээр нэмэх саналыг уг тогтоолдоо тусгасан байна.
Ингэх нь уул уурхайн баялгийг шударгаар хуваарилах хамгийн зөв гарц гэж үзэж байгаа юм байна. Дээрх тогтоол батлагдахаас өмнө манай улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 20-30 мянга орчим байсан бол аж ахуйн нэгжүүдэд хувьцааг худалдах тогтоолын сургаар аж ахуйн нэгжийн тоо үлэмж нэмэгдсэн байна.
Үнэндээ манай улсад 53 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа гэдэг ч тал нь үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. Үлдэх аж ахуйн нэгжүүдийн 23 мянга нь 2700 хүний нэр дээр байдаг ажээ. Бүртгэлээр нэг хүн дор хаяж 2-3 компани эзэмшдэг бол 30-40 аж ахуйн нэгжтэй хүн ч олон байгаа аж. Зарим аж ахуйн нэгж улсад хэдэн тэрбумаар татвар төлж, олон мянган хүнийг ажлын байртай болгосон бол, зарим нь ганц нэгхэн хүнтэй, татвар төлдөггүй аж ахуйн нэгж байдаг юм байна. Нэг компанид 40.000 орчим хувьцаа ногдоно гэж үзвэл уг хаваарилалт дэндүү шударга бус болох гээд байгаа аж. Тиймээс Тавантолгойн хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд бус иргэдэд олговол илүү шударга болно гэж нэр бүхий гишүүд үзсэн байна.
Хоёр тогтоолын төслийг өөр өөр гишүүд өргөн барьсан ч агуулга, үзэл баримтлалын хувьд адил учир хамтад нь хэлэлцээд явах нь зүйтэй гэж Байнгын хорооны гишүүд үзсэн юм. Ингээд гишүүд сонирхсон асуултдаа төсөл санаачлагч болоод ажлын хэсгийнхнээс хариулт авсан.
УИХ-ын гишүүн А.Тлейхан, Тавантолгойн орд зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Нийт үнэлгээ нь хэдээр тооцогддог вэ. Ард иргэдэд олгох гээд байгаа хувьцааны нэрлэсэн үнэ хэдээр тогтсон бэ. 1072 хувьцаанаасаа иргэд жилд хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ хэмээн асуусан.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нарын хариулснаар нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байна тэр үеийн ханшаар Тавантолгойн үнэлгээг тогтоох аж. Иргэдийн авах ногдол ашгийн талаар одоогоор хэлэх бололцоогүй юм байна. Тавантолгой бүрэн ашиглалтад орж, олборлолтын үйл ажиллагаа жигдрэхээр хувьцааны ногдол ашгийн хэмжээ тодорхой болох нь. Харин хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох асуудлаар Хөгжлийн банктай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нийтэд мэдээлэх юм байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, иргэд 536 хувьцааныхаа учрыг хараахан олоогүй байгаа. Тийм байтал одоо заавал яаран нэмэх шаардлага байгаа юм уу. Үнэгүй тараалгүй бас хадгалж болно шүү дээ хэмээн хэлж байлаа. Тэрбээр тогтоолыг хэлэлцэж эхэлж байх тэр цаг үед хэлээгүй атлаа өнөөдөр сонгууль ойртсон үед ард түмэнд сайн хүн болж харагдах гэж байгаа нэг хэлбэр биш биз гэж хардаж байгаагаа ч нуугаагүй.
Харин УИХ-ын гишүүн Я.Батсуурь, аж ахуйн нэгжүүдэд хувьцааг нэрлэсэн үнээр худалдсанаар эдийн засгийг Голланд өвчинд нэрвүүлэх аюултай хэмээн тайлбарлаж байлаа. Багахан орлоготой талхны цехийн эзэн оногдсон хувьцааных нь үнэ талхны цехээсээ олдог орлогоос өндөр болоод ирэхээр цехээ зарчихаад тэр мөнгөөрөө хувьцаа худалдан аваад ашгаар нь амьдраад суугаад байхыг илүүд үзнэ. Голланд өвчин ийм газар авбал аюултай. Энэ нь тогтоолын төслийг боловсруулах нэг үндэслэл болсон гэлээ. Харин иргэдийн нэр дээр олгох 536 хувьцааны хувьд зарж борлуулах эрх нь хаалттай бөгөөд Тавантолгойн үйл ажиллагаа жигдэрч, хувьцааны үнэ өссөний дараа тэр эрх нь нээлттэй болох аж.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, сарын 21 мянган төгрөг аваад ажил хийхгүй амьдраад байдаг хүмүүс байна. Тэд өдрийн 15-20 мянгаар барилга дээр ажиллаач гэхээр ирдэггүй. Бид ийм иргэдтэй болж байна. 21 мянган төгрөг хүмүүсийг ийм болгож байхад хувьцаатай болохоор яах вэ. Иргэн бүрт 536 хувьцаа үнэгүй олгож байгаа. Тэгээд татвар төлөгч компаниудад бол хувьцааг нэрлэсэн үнээр худалдахаар заасан байгаа. Тэгээд үүнийгээ больж байгаа юм байна. Аж ахуйн нэгжүүдэд хувьцаа худалдсанаар тэгш боломжийг олгох гэсэн хэрэг. Ингэхэд тэгш боломжийг олгох нь зөв үү, хуваарилах нь зөв үү хэмээн лавлаж байлаа.
Тогтоолын төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Иргэдэд хувьцаа олгох нь мөнгө тараах асуудал биш. Баялаг хуваах бол шал өөр зүйл. Баялгийг баялаг болгох чадварыг эзэмшүүлж, итгэлийг бий болгох хэрэгтэй. Нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдийн нийт 2700 хүнд биш 2.7 сая хүнд хуваарилах асуудал энд яригдаж байна. Өгсөнийг ашиглаж чаддаггүй хүмүүс бий. Гэхдээ олсон баялгаа улам арвижуулаад явах чадвартай хүмүүс тэднээс олон гэсэн хариултыг өгсөн юм.
Тэгээд нь аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойн хувьцааг Хөрөнгийн биржээс худалдан авах эрх нь нээлттэй байгаа хэмээн тэрбээр сануулсан юм.
Гишүүд ийн хэлэлцээд дээрх тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.
Г.Бурмаа