logo
Манай Элчин сайдын яамны ажилтан тамхины хэргээр Польш улсад саатуулагдлаа

Манай Элчин сайдын яамны ажилтан тамхины хэргээр Польш улсад саатуулагдлаа

2011/11/16
ОХУ-ын Москва хотод суух Монгол Улсын  Элчин сайдын яамны  ажилтан А.Батсайхан тамхины хэргээр Польш улсын хил дээр саатуулагдсан гэсэн мэдээлэл байна. ОХУ-д суух Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргын алба хашдаг тэрбээр их хэмжээний тамхи хилээр гаргахыг завдсан хэргээр Польшийн хил дээр саатуулагдсан аж.
Энэ хүн өмнө нь Польш улс дахь Монголын Элчин сайдын яаманд  хариуцлагатай алба хашиж байжээ. Энэ мэдээллийг гадаад харилцааны яамныхан үгүйсгэсэнгүй. Тус яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг, “ Энэ мэдээлэл үнэн. Бидэнд тодруулах зүйл байна. Хоёр хоногийн өмнө А.Батсайхан Польш улсад саатуулагдсан. Бид консулын шугамаараа иргэнээ хамгаалах, учрыг лавлах үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. 
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Батсайханы хилээр гаргахыг завдсан тамхи нь тус улсад хуулиар хориотой тамхи байсан ч хар тамхины төрлийнх биш ажээ.  Улсаа төлөөлж гадаадын улс орнуудад ажиллаж байгаа Элчин сайдын яамны болон зарим дипломат ажилтнууд хилийн чанадад хар тамхины хэрэгт холбогдож байсан асуудал өмнө нь цөөнгүй гарч байсан. Тэр хэргүүд хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй замхардаг байсан бөгөөд энэ удаад хэрхэн шийдэгдэхийг иргэд анхааралтай ажиглаж байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш