Ухаарал эсэй
Нөхөн бичсэн төгсөл
Тэртээ мичин жилийн зун бичээд “ Нүд аньсан хойно минь гаргавал гаргана биз ээ” гэсхийн бодоод далд хийчихсэн энэхүү эсэйдээ чилийсэн зургаан жилийн хойно төгсөл нөхөн бичнэ чинээн санаагүй бөлгөө би. Бас, урьд бодсноо болиод, амьд байхдаа гаргачихдаг ч юм билүү дээ хэмээх боллоо.Чингэж бодож буй минь зүгээр ч нэг, хэдэр зан хөдөлснийх арай биш ээ.
Арван долдугаар жарны шороон хулгана жилийн зуны дунд сарын хорин наймнаас хорин есний шөнө монгол нутагт дахиад л хүний цус үнэртлээ. Нэгэн жаран Монгол оронд хүн хядаж, тэнгэрт хүний цусаар цацал цацаагүй байсан юмсан.Тийн атал аль эрт, арван тавдугаар жарны цагаагчин тахиа жилийн хавар монгол хүмүүний сэтгэлд шүгэлсэн харийн улаан албин дахин өндөлзөж, таван монгол хүий толгой залгив аюу: Доржсүрэн, Мөнх-Эрдэнэ, Энхбаатар, Батсайхан нарыг цагдаа буудаж алав гэх муухай мэдээ сэтгэлд улай ёрлогч хар хэрээ гуагалах лугаа адил пад харлан орж ирлээ. Бас нэгэн монгол хүнийг байшин дотор алсан байв гэнэ. МАХ нам Улсын Их Хурлын сонгуулийг луйвардав хэмээн олон нийт цуглаж эсэргүүцэх үеэр учир начир нь үл мэдэгдэм үймээн самуун гарч, улмаар энэ хядлага болсон бөлгөө. Цагдаа нар мөнөх үймээнийг хөөж тарааснаасаа хойно, цуглаан болсон МАХ намын байшингийн гаднаас өөр газраар хүмүүсийг машинаар гэрэл тусган үлдэн хөөж буудсаар сайхь дөрвөн хүнийг буудаж алсан гэнэ. Бас арваад хүнийг буудаж шархдуулсан гэнэ. Алсан шархдуулсан олон хүнээ голдуу араас нь буудсан юм байх. Энэ чинь алуулсан,шархадсан хүмүүс цагдаад ч юм уу,өөр хэн нэгэнд довтлон алах гээгүй гэсэн үг. Чухам гэвэл буудах ямар ч хэрэг байгаагүй нь ил бад байна.
Хүний эрхийн үндэсний комисс гэдэг, Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллага “...амь насаа алдсан иргэдийг цагдаагийн ажилтан буудсан нь тогтоогдож байгаа гэдгийг холбогдох албаны эх сурвалжууд нэгэнт мэдээлсэн болно. Хууль журмын заалтыг үл биелүүлж, иргэдийнхээ амь насанд халдаж буудсан, тушаал шийдвэр, заавар өгсөн албан тушаалтныг үнэн зөвөөр тогтоож, зохих хариуцлага хүлээлгэхийг иргэд, хохирогчид хүлээсээр байна. Гэм буруутай хүмүүсийг нэг бүрчлэн олж тогтоон зохих хариуцлага хүлээлгэх нь цагдаагийн ажилтнууд хуулийн хүрээнд шудрага, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж ажилладаг болоход нь хатуу сургамж болно гэж дүгнэж байна” гэж албан ёсоор мэдэгдэж байсан.
Үүнээс гадна, цагдаа алсан байх гэх өөр нэгэн сэжиг гэвэл,таван хүн алсан гэмт хэрэг гарчихаад байхад цагдаа мөрдөн шалгаагүй явдал юм.Цагдаагийн хуулийн аравдугаар зүйлийн 3-т “Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц түүнийг бүрэн илрүүлэх арга хэмжээ авна” гэсэн бий. Харин цагдаагийн ажилтан гэмт хэрэг хийсэн сэжиг байвал уг хэргийг цагдаа биш порхиор мөрдөн шалгах хуультай. Тэгэхээр таван хүн алсан хэргийг цагдаа өөрөө мөрдөөгүй нь цагдаа хийсэн гэж цагдаагийнхан мэдэж байсан хэрэг л дээ.Цагдаагийнхан тэр таван хүнийг цагдаа алаагүй гэж үзсэн бол нэн яаралтай мөрдөн шалгах л учиртай шүү дээ. Тэгээд “Харав уу? Цагдаа биш өөр хүн алсан байна” гээд гаргаад ирэх байсан.Чмнгэсэнгүй нь тийн учиртай биз ээ.
Шархдуулсан олон хүний зарим нь үүрд тахир дутуу болсон гэнэ. Нүдийг нь сох буудсан цэл залуу хүн ч байна. Энэ сайхан цагт ийм муухай юм үзнэ чинээн санаагүй явлаа. Хорьдугаар зууны эхэн хагасад нам, засаг их хядлага үйлдэхдээ худлаа ч гэсэн байцааж мөрдсөн болж, шүүх, онцгой комисс гэгчээрээ шүүсэн болж, буудан хороодог байсан юм билээ. Хэдийвээр олон хүнийг зүгээр буудаад алчихсан байдаг ч гэсэн. Тэгвэл өдгөө монгол төрийн цагдаа хүмүүсийг машинаар үлдэн хөөгөөд, золбин нохой адил буудаад буудаад алчихаж байх юм. Хот хүрээний золбин нохойг л манайд ингэж алж байгаа харагддаг.Хүмүүн олон нь ухаантай шиг,энэрэнгүй нинжин сэтгэлтэй шиг газарт ахул золбин нохойг ч ингэж алуулдаггүй. Оросын Москоов хотын метро гэгч, газар доогуур явдаг галт тэрэгний нэгэн өртөөн дотор өрөөсөн хөл доголон нэгэн золбин нохой амь хоргодож, тэр өртөөгөөр орж гардаг хүмүүс хөөрхий нохойг өрөвдөн хоол өгдөг байж. Гэтэл тэр өртөөг манаж, цэвэрлэдэг нэгэн эр мөнөөх нохойг гаргаж хөөгөөд хөөгөөд цайлахгүй болохоор нь алчихжээ. Тэгснийг нь мэдсэн тэр хавийн хэсэг хүн адгуус амьтныг харгислан алав хэмээн шүүхэд өргөдөл гаргаж, өмгөөлөгч хөлслөн заргалдаад мөнөөх эрийг гурван жил шоронд хийж байхыг би зурагтаар үзэж билээ.
Социализмын цагт аагаа багтааж ядсан том дарга, сайд нар Дорнодын цагаан зээрийн сүргийг шөнө албаны машинаар гэрэлтүүлэн хөөж, шүршин буудаж, алж хядаж зугаагаа гаргадаг байсан ахул өдгөө цагдаа нар монгол хүмүүсийг мөн л машинаар гэрэлтүүлэн хөөж, мөнөөх зээр лүгээ адил буудаж агнав гэхийг дууллаа. Зээрийн сүргийг өмөөрч, яруу найрагч Чимэддорж:
“ Цуутай Дорнын цагаан зээр
Цусаа үзсэн улаан зээр” гэж шүлэглэж асан ахул өдгөө:
“ Цуутай Дорнын хөх монгол
Цусаа үзсэн улаан монгол” гэж шүлэглэж, монгол хүнээ өмөөрсөн яруу найрагч байна уу? Монгол түмэн бид нар зээр гөрөөснөөс хямдхан амьтас юмсан уу? Бие биенээ өмгөөлөх, хүмүүний ухаан сэтгэл биш гэхэд ядахдаа адгуусны зөн совин бид нарт байна уу? Монгол түмэн бид нар зээр гөрөөснөөс хямдхан юмсануу?! Бие биенээ өмөөрөх ухаан сэтгэлээ байг гэхэд зөн совин монгол бид нарт байна уу? Адгуусын сүрэг араатан махчинаас төл зулзага, сул доройгоо өмгөөлж хамгаалдаг. Монголууд бид нар “Үхэр шиг” гэж мунхаг тэнэгийн жишээ болгодог. Бизон үхэр хамгаараа нийлж байгаад арслангийн сүргийн өөдөөс амь дүйн тэмцэлдэж, бяруу тугалаа аварч гарч байхыг “National geograhpica” зурагтын сувгаар бишгүй харцгаасан даа. Таван хүнийг минь алсан алуурчдыг нэрлэ гэж бид нар засгийн үүдэнд мянга мянгаараа цугласан билүү? МАХ намаас нэг сая таван зуун мянган төгрөг нэхэж хэдэн мянгаараа цуглан орьлолдсон болохоос биш таван хүнийхээ амийг нэхэж жагссануу бид нар? “Надад нэг сая таван зуун мянган төгрөгний хишиг таван хүний аминаас илүү чухаг, илүү үнэтэй юү?” гээд насанд хүрсэн монгол хүн болгон дотроо нэг бодоод үзвэл ямар вэ? Ингээд бодохоор монголууд бид нар мөнөөх Бизон үхрээс долоон дор байгаа юм бишүү, та минь ээ? Алуулсан таван хүний цус хатаагүй, өнчирсөн үр, бэлбэсэрсэн эхнэрийн нь нулимас эгшээгүй байхад МАХ намын хуучин байшингийн нурман дээр шинэ харшийн нь суурь тавих ёслолд Монголын Буддагийн шашины төв Гандан Дэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц заларч, ном айлдан адис хүртээж байхыг зурагтаар харцгаасан бөлгөө. Шашныг мунхруулах хар тамхи гэж нэрлэн түйвээн сүйтгэж, лам хуврагийг нь хядаж устгах олон олон шийдвэр гаргаж, алж устгах уралдаан зарлаж байсан тэр намыг хамба лам ингэж гийгүүлж байлаа. Тийн атлаа алуулсан хөөрхий таван хүний дурсгал хөшөөний суурь талбихад саяхь хамбатан морьлоогүй агаад Гандан хийдэд нь мөн тэр хүмүүсийн хойтход зориулан ном хуруулж буян үйлдэхэд ч Цогчин дугандаа залраагүй нь далд цаанаа ямар учиртай юм бол оо?
Мянганы тэртээ Цастын долоон гайхамшигийн нэгэн болон магнайдаа гутгаар мэлмийтэй мэндэлж, номд нэвтэрч, Зодын ёсыг үүтгэсэн их Аяга Тэхэмлэг, шид олсон Хутагт Эх Мажигловдан бээр “Хувраг тойн нар ...жанжин захиргаанд шадарлан дөтлөх...,номд үнэн сүсэгч ахан дүүсээ орхин хаяад башир хуурмагч нарт шадарлахыг эрмэлзэх..., заримдаа хар ноёдын өмөг болж,заримдаа ном сонсгохуйн багш болох...” нь шашин цөвтөхийн цаг тэр мөн хэмээн иш бошиг айлдсан байдгийг хамба ламтан Чойжамц хэрхэн болгоодогсон бол?
Тавын таван хүнээ жигшүүртэйгээр алуулчихаад бид нар, алуурчдын нэрийг яагаад нэхэхгүй байгаа билээ? Тэднийг ядахдаа нэрлүүлээд авбал, хуулийнхан ял асуухгүй хуйвалдаад өнгөрөөлөө ч гэсэн олон нийт, үүх түүх нэр усаар нь мэдэж, санаж байх шүү дээ. Нэг хүн алсан хогийн муу алуурчийг болохоор цаазаар хороогоод аль гэж орь дуу болдог сэтгүүлч сэтэртэн нар дөрөв таваар нь хүн буудаж алсан цагдаа нарын тухай ган хийж дуугарахгүй байгаа нь шившиг биш үү? Тэднийхээр бол монгол хүнийг цагдаа алсан бол хамаагүй болж байна уу?
Ер нь, Монголд до яамны цагдаа хүн алсан нь мундаагүй ээ. Гэтэл цагдаа л алсан бол монголууд бид амаа хамхин, сүүлээ хавчин өгөр царайлдгаа нуугаад яах вэ. Жишээ нь, улсын начин Ганбаярыг цагдаа нар байр газартаа барьж аваачиж байгаад алсан гэх жигшүүрт хар мэдээ гараад өнгөрсөн. Тэгвэл аврага, арслан, гарьд, заан, харцага, начин цолтон олон бөх энэ учир дуу гарсан уу? Монгол бөхийн дэвжээнд олон жил хамт зодоглож явсан нэг бөхийг нь цагдаа нар барьж хүлж байгаад боогоод, зодоод алсан юм бол тэр аллага монгол бөхчүүлд падгүй хэрэг гэж үү? Энэ явдлын дараа цагдаагийн наадам хийвэл бөхчүүл очиж барилдах болов уу? Ганбаярынхаа цусан дээр л барилдана гэсэн үг биш үү? За ер нь, гагц бөхчүүл ч гэх юмгүй дээ.Цагдаа дөрвөн хүн буудаж алаад аравхан хонож байхад монголууд бид нар саяхь дөрвөн хүнийхээ цусан дээр баяр наадам хийгээд, ерөнхийлөгч Намбарын Энхбаяр юу ч болоогүй юм шиг шар торгон дээлээр гоёчихсон,хормойгоо өшиглөн таван хүний цус гишэглэн гарч ирж, баяр баясгалангийн үг хэлээд, ерөнхий сайд Санжийн, Санжаагийн ч юм уу, Баяр жишэм ч үгүй инээмсэглэн таван хүний цустай сандал дээр сууж, бөхчүүл таван хүний цус оймон барилдаж бяр мэхээ сорьж, уяачид таван хүний цус гишэглүүлэн морь уралдуулж хүлэг морьдынхоо хурдыг сорьж, харваачид таван хүний цустай сур онилон цэц мэргээ сорьж байв биш үү? Бие биенийхээ хатаагүй цус гишгэлэн бүжиглэж, найрлан наадаж байдаг солио туссан үндэстэн Нарт Ертөнцөд монголоос өөр байдаг болов уу? Наадмын орой дарга нар Богд Уулын буйд мухарт нуугдсан эрхэмсэг харшид тансаг зоог барьж,сархад хүртэж найралсан аж. Энэ чинь үнэндээ гэвэл, хүний цустай сархад “цуслаж” хөлчүүрэхсэн л хэрэг биш үү?
...Энэ цагт ийм аллага хядлага яагаад гарав аа? Хүний амь нас,хувь заяа, эрх чөлөөг эрхэмлэн дархалсан үндсэн хуультай шүү дээ,манайх чинь.Тийм эрхэм сайхан бичиг хуулийг шүүн ярилцаж, шийтгэн гаргахад хөдөө буйдын малчин айлын хөвүүн мөхөс би вээр санаа үг нэмэрлэн оролцсондоо бахархаж явдаг аа. Хөх тэнгэрийн дор хөрст газар дээр монгол хүмүүн болж, Оор мэнгэтэй төрсөн бээр ийм эрхэм агаад их үйл бүтээхүй дур өчүүхэн ч гэлээ нэмэр болно гэдэг Нарт Ертөнцөд өнгөрөөх насны нэгэн хэрэг буюу.Монгол улсын иргэн “Амьд явах эрхтэй. Монгол улсын ирүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээн үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван зургадугаар зүйлийн нэгдүгээр хэсэгт соёрхон цаазалсан байгаа. Монгол хүнийг энэ мэт эрхэмлэн дээдэлсэн үндсэн хуулийг Монгол төр урт буурал түүхэндээ анхан удаа, арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есөн, идрийн барилдлагат, өлзийт сайн шар морин өдрийн морин цаг тур батлан шийтгэж, Хөх Монгол даярт тунхаглан мөрдүүлсэн бөлгөө.
Тийн атал, Монголын төр гарын цагдаагаараа Монгол улсын иргэнийг хэд ядаар нь буудуулан алуулж байгаагийн чинад учир юу вэ? Цагдаа бол төрийн албаны хүн. Төрийн албаны хуулинд ч тэгж заасан байгаа.Тэгэхээр төр л хүн алж хядаж байна гэсэн үг. Хүн алахыг хориглосон үндсэн хуулийн мөнөөх заалтыг төр л зөрчиж, Монгол нутгийг дахиад л хүний цусаар тамгаллаа. Төр гэвээс, орон байшин, сүлд туг, тамга тэмдэг аль нь ч биш. Төр гэдэг бол төрийн алба барьж суугаа хүмүүс. Таван хүн алсан төрийг Намбарын Энхбаяр тэргүүлж, хүн хядсан цагдааг гардан захирагч засгийн газрыг Санжийн Баяр толгойлж байсан. Төрийн цагдаагаар ямар ч гэм эрүүгүй тэр таван хүнийг алуулах, алуулахгүйг энэ хоёр л мэдэж байсан. Хууль ёс, эрх мэдэл, үүрэг хариуцлага хамаг бүхэн энэ хоёрт төгс бүрэн байсан. Тэр тусмаа Санжийн Баярт. Цагдааг ерөнхий сайд мэдэн захирдаг хуультай. Цагдаа ерөнхий сайдын хий гэснийг л хийж, хий гээгүйг үл хийдэг журамтай.
Үндсэн хуулиар засгийн газар “Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах”, ...”Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх” үүрэгтэй гэж заасан байдаг. Баярын толгойлсон засгийн газар энэ үүргээ биелүүлээгүйгээс болж Монгол улсын таван иргэний амьд явах эрхийг бусниулан хөнөөж, үндсэн хуулийг жигшүүртэйгээр зөрчсөн. Баяр өөрөө “Ерөнхий сайд засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэсэн үндсэн хуулийн заалтыг биелүүлээгүй. Хууль хуулийн дотроос үндсэн хуулийн заалтыг, заалт заалтын дотроос хүний амьд явах эрхийг дархалсан заалтыг зөрчихөөс илүү гэм эрүү гэж бий юү?
Монгол үндэстэн олон зуунаар Буддагийн ёсны соёл иргэншилтэн бөлгөө. Тийн учир нүгэлийг тэвчиж, буяныг эрхэмлэдэг. Буддагийн ёсоор жинхэнэ нүгэл “Арван хар нүгэл”-ийн хамгийн эхнийх нь амь таслах. Амь таслах аваас нүгэл нүглийн хамгийн бэрх нь хэмээсэн байдаг. Намбарын Энхбаярын тэргүүлсэн төр, Санжийн Баярын толгойлсон засгийн газар ийм л хилэнц нүгэл үйлдсэн дээ...
Үнэн ийн атал Энхбаяр Баяр хоёр хумсын чинээн ч гэмшиж харамсахгүй байгаа нь зүдэг араншин мөн. Энэ хоёрт хүмүүн ёс, мөс чанар гэж байна уу? Өөдтөйхөн шиг хүмүүс асан ахул энэ хоёр тэр дороо гэм хүлээгээд алба хэргэмээсээ огцрох байсан. Тэгтэл огцрох атугай, Баяр хэдхэн хоногийн дараа ичих ч үгүй өөрийгөө ерөнхий сайдаар дахин томилуулж байхыг зурагтаар хараад миний зэвүү хүрснийг нуугаад яах вэ.Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, таван хүмүүний толгой залгиулчихаад ямар нүүрээрээ дахиад ерөнхий сайд болж байдаг байна вэ? Монгол түмнийг энэнээс илүү басамжлах гэж байх уу? Намайг яаж ч чадахгүй гэж бодож байна шүү дээ. Ёстой л ”Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэгч энэ биз. Монгол хүмүүс биднийг, Монгол улсын иргэн биднийг Баяр боолд бодоо юу?
Баяр эндүүрээгүй нь даан ч гаслантай. Монголууд бид нар чингэхэд нь Баярын боол шиг байсан нь яах аргагүй үнэн. Тэрнийг ерөнхий сайдын суудалд дахин залахыг сөрж дуугарсан билүү бид нар? Дуугараагүй шүү дээ. Тэр ч атугай, сэтгүүлч сэтэр зүүсэн заримууд тэрнийг зулгуйдан гүйж зулгаа барж, хэлэх хэдэн сайн үгээ баран ядан худал магтаж, ичгүүр сонжуургүй аашилж байсан сонины хайчилбар, зурагтын хийгээд интернетийн дүрс бичлэгийг би хадгалж байгаа. Зурагт эзэгнэдэг нэгэн: Баярыг л шүүмжилж болохгүй. Бусад хэнийг ч болно гэж тушаал буулгасан гэж тэнд байдаг гурван ч сэтгүүлч надад хэлж байсан. Хэрэг гарвал,зурагт эзэгнэгч тэрний нэрийг би олонд хэлсэн ч яадаг юм бэ.Ер нь гэвэл удахгүй бичих “Тийрэн зэтгэр хоёр” гэдэг нийтлэлийн номондоо нэртэй устай нь иш татаж гаргана.
Улсын Их Хурал ч гэсэндээ, гутамшигтай л харагдаж байсан даа. Баярыг ерөнхий сайдаар дахин томилоход ганцхан Элбэгдорж л сөрөж,татгалзаж байсан.
МАХ нам ч яах вэ, жагсаал хийсэн дөрвөн хүнийг байтугай юу ч хийгээгүй дөрвөн түм шахам хүнийг буудуулж алуулсан нам болохоор юу ч болоогүй юм шиг л жишэм ч үгүй, Баярыг дахин ерөнхий сайд болгоно гээд нэрийг нь өргөн мандуулсан. Энэнийг гайхаад байх ч юм байхгүй. Эднийд монгол хүний амь үнэ цэнэ байх биш.
Энэ хядлагад хөтөлж хүрэгсэн санаа сэдэл, шалтгаан учир юу байсан бэ? Сэдэл санаагүй юм үзэгдэл, явдал хэрэг орчлонт ертөнцөд огоот байдаггүй хэмээнэ. Өчүүхэн хүмүүн би вээр хэрээ мэдэхгүй, хэтээ бодохгүй энэ учрыг бэдэрч мөшгөж, эрж олсноо эрэгцүүлэн бодсон бөлгөө. Дотоод гадаад элдэв янз мэдээ занги олон гарч байв даа. Өрнөдийн нэгэн томоохон зурагтаар Азийн ардчилсан улс Монголд парламентын сонгуулиас болж,хуучин шинэ хүчний хооронд сөргөлдөөн үүсэж, тэр нь улс төрийн ноцтой мөргөлдөөн болж, олон хүн буудаж алсан цуст хэрэг гарав хэмээх мэдээ гарч байсан. Parliament гэх энэ нэр үг “Ярих, хэлцэх” гэсэн утга гаргадаг франц үгээс үүдэлтэй. Энэ үгийг Их Британид зээлдэж, 1265 онд хууль шийтгэх төрийн дээд байгууллгаа нэрлээд улмаар тийн чинагш англи хэл улааг нь нэхэж, олон олон хэлэнд цагаачлан орж идээшсэн байдаг.
Харин Монгол улс шинэ үндсэн хуулиндаа “Улсын Их Хурал” гээд овоо зөв нэр өгчихсөн юм. Их Хуралдай гэдэг эртний төрийнхөө ёс уламжлалыг барьсан хэрэг. Саяхь үндсэн хуулийг хэлэлцэж баталж байх цагт МАХ нам ардчилалд нудруулж муужирчихаад сэхээ орж амжаагүй байсны буянаар ийн бүтсэн болов уу? Одоо бол МАХ нам сэхчихсэн сэхээлзэж буй болохоор чингүүлнэ гэж хол хэвтэнэ. “ Ардын төлөөлөгчдийн их хурал” гэх юмуу, бүр “Төрийн дума” ч гэж байж мэднэ. Бараг л “Орос ах нар гомдоно. Орос ах нар аа л дуурайя” гээд “Төрийн дума” л гэж нэрлэх байсан байх аа даа ха.ха.ха.
“Орос ах “ гэснээс... Орос яагаад Монголын ах болдог билээ? гэсэн сонин асуулт гардаг. Монгол хэлний “Ах дүү” гэдэг хоршоо үг нэгэн эцэг эхийн үр хүүхдийг заадаг. Тийн ахул монгол орос хоёр угсаатны дээд гарваль язгуур нэг үү? Үгүй шүү дээ. Нэг нь эртний монгол язгууртан, нөгөө нь эртний слав угсаатан. Ер нь улс орны харилцаанд ах дүүгийн явдал гэж байдаггүй. Нөхөрлөж түншлэх, хардаж дайсагнах хоёрын нэг л байдаг.Монгол Оросын харилцаанд мөн тийн, аль аль нь байсан. Хэрв зэ, монгол орос хоёр үндэстнийг угсаа гарваль нэгтэй асал ахул хэзээ нэгэн цагт улс гэрийн нэг дээвэр дор орж нэгтэх учиртай болж мэднээ дээ? Ахан дүү бусыг албаар ахан дүү хэмээсэн чинад учир энэ биш биз? Үнэндээ гэвэл, монгол орос үндэстэн ахан дүү биш ээ. Харин буриад, хальмаг, урианхай нар монгол ахан дүүс, тасарсан мах, үсэрсэн цус минь яах аргагүй мөн бөлгөө.
Энэ ялдар нэгэн хөгийн явдал санаанд орлоо. Үндсэн хууль хэлэлцэж байхад нэг аймгийн намын хорооны дарга, ах дүүгийн найрамдалт зөвлөлт холбоот улс гэж үндсэн хуулинд оруулна гэж өвчигнөөд байхаар нь завсарлагаар “Үгүй чи ах дүү, мах дүү гэж юу яриад байна вэ?” гэсэн чинь “Орос ахаа бол гомдоож болохгүй. Тийм учраас үндсэн хуулиндаа бол оруулах хэрэгтэй” гэж байна. “За тэгвэл Монгол улс хэзээ буй болсон юм бэ, Орос улсыг хэзээ байгуулсан юм бэ?” гэвэл жаахан бодсноо “Монгол улс бол 1921 онд..” гэхээр нь “Ээ зайлуулаа” гэж бодсноо “Тэгвэл зөвлөлт холбоот улс 1922 онд буй болсон. Тэгхээр Монгол улс ах нь болох нь ээ?” гээд өөдөөс нь харж инээмсэглэвэл мань хүн ихэд сандарч,”Яалаа гэж.Зөвлөлт бол ах байлгүй яадаг юм бэ” гэж байна. “Нэг насаар дүү л байгаа биз дээ?” гэлээ би. Мань хүн “Орос улс өмнө нь байсан. Тэгэхээр..” гэхээр нь үгийг нь таслаад”Монгол улс ч урьд нь байсан шүү дээ.Орос улс буй болохоос хамаагүй өмнө. Тэр ч атугай, нэгэн орос ван Невийн Александр гэгч манай Мөнх хаанд бараалхаж, Орос улс байгуулахад тус болохыг гуйж, Мөнх хаан ёсоор соёрхож, Орос улсаа байгуулахад нь дэм болсон түүх байдаг юм шүү дээ,хө. Тэгэхээр заавал ах дүү болох гээд байгаа юм бол, Орос манай дүү л болох нь байна даа.хэ.хэ.хэ.” гэвэл мөнөөх маань баахан мангартаж байснаа,айсан янзтай царай нь хувираад “Тэр бол хамаагүй. Зөвлөлт бол том улс учраас Монголын бол ах нь байх ёстой” гэдэг байна шүү. Улам цаашлуулъя гэж бодоод “Аа тэгвэл , дүү чинь чамаас өндөр том хүн байвал чи дүүгээ ах ах гэх нь ээ?” гээд тавьчихсан чинь өнөөх гайхал нүд нь хялалзаад, аман дотроо намайг хараагаад яваад өгч билээ л.
За энэ яах вэ, тэр цагийн зарим том жижиг дарга нарын хэр чинээ тийм байж.Тэр цагийн ч гээд байх юмгүй, өдгөөгийн зарим ч нэг их дээрдэж гийгүүлсэн янз алга шиг л байна даа.
Таван хүний амь авч явсан шалтгаан учрыг олох гэж оролдсоноо өчье. Тэр цагт Их Хурлын сонгууль гэж бөөн хар будлиан луйвар болов хэмээн олон түмэн нийслэлийн төв талбайд өөрснөө аяндаа цуглаж, шуугилдаж эхлэхийг зурагтаар харж байлаа. Үнэнээ хэлэхэд манай олон нийт тийм соргог идэвхитэй гэж бодоогүй байснаа нуугаад яах вэ. Саналын хуудсаа хайцагт хийгээд л өнгөрсөн хүмүүс сонгуулийг луйвардав гэж яаж мэддэг байна вэ? гэмээр. Хожим нь энэ тэрийг мэдэж, эрэгцүүлэн бодвоос даанч увайгүй, улайм цайм луйвардсан нь эрүүл саруул ухаантай хүн болгон гадарлаж мэдэхгүй байхын аргагүй юм билээ. Сүүлдээ амь нь тэмцээд арга нь тасраад ирхээрээ улайн цагаандаа гараад иргэний үнэмлэхийг үй түмээр нь үйлдвэрлэх, тэр үнэмлэхний ард наадаг хаягийн бичгийг сольж наах хүртэл элдэв долоон луйврыг эрээ цээргүй үйлдсэн юм билээ. Ингэж, сонгуулийн нэг хэсгийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй хүн тэндээ саналаа өгчихөөд өнөөх хуурамч үнэмлэх юм уу, хаягийн наалтаараа өөр нэг хэсэгт очиж, хоёрдох удаа санал өгч байжээ. Сонгулийн ерөнхий хорооны дарга Баттулга гэгч яг сонгууль болж байсан өдрийн үд дунд шийтгэн гаргасан нэгэн албан бичиг дээр өгүүлсэн луйврыг бүтээх боломж олгосон аж.
Бурмаа гэдэг эрдэм номтой нэгэн сэхээтэн бүсгүй луйвартай эвлэрэхгүй тэмцсүгэй хэмээн шийдэж, шүүхэд зарга үүсгээд заргаа авч Баттулгын үйлдлийг хуулийн өмнө илчилсэн байна. Чингэлтэй дүүргийн шүүх Бурмаагийн нэхэмжлэлийг хянаад “ 2008 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 289 дугаартай албан бичгийг Орхон, Дархан-Уул аймгийн болон Нийслэлийн сонгуулийн хороодод хүргүүлсэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн сонгуулийн ерөнхий хорооны дарга Д.Баттулгын үйлдэл илт хууль бус болохыг тогтоосугай” хэмээн Монгол Улсын нэрийн өмнөөс бүрэн эрхтэй захиран шийтгэсэн байдаг. Харин мөнөөх нэгэн Баттулга ч мөчөөгөө өгөхгүй гэж, дээш дээш нь даваж заргалдсан авч, үнэн хууль хоёрт аргагүй гүйцэгдэж, заргаа алдаж, “Үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайсан” аж. Чухам гэвээс, нийслэлийн шүүх, улсын дээд шүүх аль аль нь Баттулгын бурууг тогтоосон Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хууль зөрцөн “Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жирэгсэн” увайгүй албан тушаалтан Баттулга мухардан үлджихүй. Мөнөх Баттулга тэр бичгээ сонгууль болж байгаа өдрийн үдээс хойш гаргасан хийгээд зөвхөн нийслэл хот, Дархан, Эрдэнэтэд хүргэснийг уншигч эрхэм авгай Та юу гэж бодож байна вэ? Гэв гэнэт ийм бичиг шийтгэн гаргалгүй болохгүй ямар гээч бэрх хицүү шалтгаан учир үүссэн хэрэг вэ? Баттулгын энэ үйлдэл сонгуулийг луйварт улам лав хутгах, тэрнийг нь түмэн олон эсэргүүцэн жагсах, жагссан тэднийг цагдаагаар хөөж буудуулах, тийн таван хүнийг алах цорын ганц биш гэхэд нэг том шалтгаан нь болоогүй гэж үү?
Хуурамч үнэмлэх,худлаа наалга хоёрын гайгаар сонгулийн олон хэсэгт мянга мянган хүн дахин санал өгч, засах залруулах аргагүй будлиан тарьсан хэмээн сонгуулийг ажиглан тандаж байсан иргэний байгууллагууд мэдэгдэж байсан бөлгөө. Ганцхан жишээ татваас, мөнөөх Баттулга гайт бичгийг гаргасан өдөр дундаас орой санал хураах байр хаах хооронд нийслэл хотод хорин хоёр мянга найман зуун долоон хүн нэрийн жагсаалтад нэмэж бүртгүүлж, сонгуульд санал өгсөн байсан гэнэ. Ийм олон хүн сонгуулийн нэрийн жагсаалтад орохгүй хаана нуугдаж байгаад Баттулгын бичиг гарангуут хүрээд ирдэг билээ? Мэдэж цөхөх юу байх вэ? Өмнө нь нэг газар санаа өгчихөөд мөнөөх хуурамч үнэмлэхийг авч, хаягийн худлаа наалга наалгчихаад өөр газар очиж бүртгүүлээд санал өгч байгаа хэрэг шүү дээ. Ийм луйвар барагцаагаар тавин мянган төгрөгийн үнэтэй байсан сураг мэдээ бий. “Хоёр хуурамч наалт хийлгэж, хоёр дахин санал өгөөд зуун мянган төгрөг олоод цохьчихлоо” гэж нэгэн согтуу этгээд чалчиж явсан гэх яриа ч байсан.
За тэгээд, сонгуулийн саналын хуудас илүү хэвлүүлэн тарааж гүйлгэх, дүнгийн тоо засах, хянагчийг хахуульдах, хуудас солих гэх мэт луйварын түмэн янзын арга бий аж. Тэр сонгуулийн дараа МАХ намын дарга Баяр сонгууль зуун хувь цэвэр болсон ч гэж чадахгүй, зуун хувь луйвартай болсон ч гэж чадахгүй хэмээн ,арга буюу хэлж байсан мэдээ бий.
Сонгууль энэ мэт луйвартай болсныг лавтай мэдэж, эхлэж үнэнээр нь хэлсэн хүн бол тэр үед Ардчилсан Намын дарга байсан Элбэгдорж. Тийн авч тэр вээр, эгдүүцсэн олныг тухиран дагуулж МАХ намын байшинд очоогүй, намаа дэмжигчдийг ч тийш нь очуулаагүй “Манайх бол парламентын нам. Энэ асуудлыг парламентын танхимд ярилцах ёстой” гээд ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай утсаар ярих гэж байсан хэмээн хамт байсан нэгэн бээр хожим надад ярьсан юмдаг. Парламентад хэлэлцэж чадаагүй байх. Харин ерөнхийлөгчийн өрөөнд янз бүрийн намынхан цуглахад МАХ намын дарга Баяр хуйсганан уурлаад тэд нар хэл амаа олохгүй муудалцаад улмаар Баяр онц байдал тогтоохыг ерөнхийлөгчөөс нэхээд тарж байхыг түмэн олон зурагтаар харсан.
Баяр ч санасандаа хүрч, Энхбаяр ч “Ашгүй,Баяр шахлаа” гэсэн шиг уухайнтас зарлиг гаргаж онц байдал гэгчийг тогтоогоод хамаг бүхэн чинагш явж өгсөндөө.
Тэр хэрэг явдлыг зурагтын нэвтэрүүлгээр харж ажиглаж, хожим гарсан мэдээ сэлтийг үзвээс ээдрээ эргэлзээтэй, бүр сэжиг сэрдлэг төрмөөр юм олон байдаг. Олны цуглаан хаана, яагаад болсныг бодож үзэх учиртай буйзаа. Улсын Их Хурлын сонгуулийг булхайцсан хэмээн олон хүн дургүйцэж, МАХ намын үүдэнд цугласан. Бүгд найрамдах нам, Ногоон нам гэх мэт хэд хэдэн нам эсэргүүцлийн энэ цуглааныг хийж байгаа мэдээ гарч байсан. МАХ нам Ардчилсан нам хоёр оролцоогүй байх. Ардчилсан нам сонгууль булхайтай болов гэмээн мэдэгдэж байсан ч гэлээ цуглаанд яагаад оролцоогүй учрыг өмнө хэлсэн.
Саяхь байдал янзаас үзэхүл, цуглаанд оролцогчид сонгуулийн булхайн буруутан эзэн нь МАХ нам мөн гэж буй нь илэрхий байсан. МАХ намын цагаан байшингийн гадаа цугласан учир ч тэр болов уу. “ Бүргэд” нэрт зурагтынхан цуглааныг тэндээс нь нэгд нэгэнгүй шууд гаргаж байсан. Эхэндээ ч туг далбаа, бичиг сэлт барьсан хүмүүс хашгиралдаад,болдог л нэг цуглаан болж буй харагдсан. Жар далан цагдаа ирчихсэн МАХ намын байшинг элэг чээжээрээ хамгаалах янзтай гар гараасаа бариад амьд ган гинж болчихсон байх мэт харагдаж байлаа.
Би тэр цагт “Зүрхэн тахьлага “ гэдэг роман эхлэчихсэн, сэтгэл санаанд ондоо юм орох зай завсаргүй болчихсон байсан болохоор жаахан харж байгаад “За за, энэнийг юуг нь харах вэ. МАХ нам манай замд ургасан бул хар чулуу юм чинь...Хар ч гэждээ, улаан чулуу ч юмуу? Бас ургасан биш...хариас авчирч монгол газар шороонд суулгасан юм чинь,хавьд булгалж дөнгөхгүй дээ” гэсэн шиг өгөр юм бодоод зурагттай өрөөнөөсөө гарч,шүдлэн үрээ шиг муу бичгийнхээ ширээг зайдалж, цаасанд хамраа хатгалаа. Нэг мэдэхнээ манай муу зурагтыг хагалж хаях нь холгүй чанга шуугилдаж буйг сонсоод сэхээ орж цаг харваас үдээс хойш болчихсон, би хэдэн цаг суучихсан байлаа. Босож ирвээс, хүмүүс МАХ намын цагаан байшинд тулаад оччихсон, тотгон дээрхи том хаягийг нь урт юмаар хатган унагаж, бузгай юм болж байх юм аа. Энд тэндээс юм шидэж, хаалга цонхны нь шилийг хагалж буй ч үзэгдэнэ. Өнөөх цагдаа нар нь хаах халхалахаа больчихсон харин байшин дотор овоо олон цагдаа том хаалганы шилээр нэвт хагагдаж байна.
Чингэсхийж атал, мөнөх байшингийн солгой хатавчны өрөөн дотор гал авалцаж буй нь цонхоор нь тод үзэгдэж эхлэхүй гадаа бужигнаж асан олон залуу хүний зарим нь шилтэй юм цацаж байсан. Бодохул, халуун байсан хийгээд хөөрч давирах, эгдүүцэж хилэгнэх нйилээд тэдний ам нь цангасан болохоор ууж явсан ус ундаа нь тэр биз. Даанч тэр гал тэдний цацсан юманд унтрах нь огоот үгүй, улам дүрэлзэн шатах янзтай.
Тэгсхийж атал зурагтын дуран дээш өргөхөд, байшингийн баруун талын хоёр ч байлуу, гурав ч байлуу, давхарын нэг өрөөнд мөн л гал авалцаж байгаа нь цонхоор бүдэгдүү харагдлаа. Жагсагчид баруун талын доод давхарт түймэр тавиагүй атлаа тэртээ дээр тэнд очиж яаж тавьдаг хэрэг үү? Жагсагчид байшингийн баруун талд гараа ч үгүй байсан цаг.Тийн атал тэнд яагаад гал гарч байдаг билээ? Жагсагчдын хэн нэгэн дайрч ороод түймэрдэж байна гэвэл дотор байсан цагдаа нар зүгээр л дундуураа гаргаад явуулчихлаа хэрэг үү? Тэгээд ч доод давхарт түймэр тавихгүй, шатаар дээшээ гарч, тэр өрөөг оноож онцолж, олж очиж шатаалаа гэж үү дээ? Ямар учир начиртай, юу гээч болж байгааг мэдэхгүй гайхаж алмайрч байсаан би.
Энэ сацуу, илд бамбай, буу шийдэм агссан цөөн цагдаа ирчихсэн ч , үймэж бужигнасан хүмүүсийг ятгаж хэлэх, цэгцлэж журамлах, хөөж тараах гэж оролдох нь огоот үгүй, МАХ намын цагаан байшингийн өгзөг дор орж толгой хоргодон бамбайныхаа ард нуугдчихаад нэг нэгээрээ гүйж гарч жагсагчдын зүгт тачигнатал буудчихаад буцаж бамбайныхаа ард орж байх юм. Чингэхийг цэргийн хэрэгт өөр дээрээ гал дуудах гэдэг. Цагдаа даан ч цөөхөн байсан. Зуугаад хүн байсан болов уу, үгүй болов уу? Ер нь, цагдаагийнхан гайхаж эргэлзмээр буруу арга хэрэглэж байгаа харагдсан.. Мөн, тэгсээр байгаад харуй бүрүй болгоод, байшингийн өмнө талд бужигнаж байсан хүмүүсийг Соёлын төв өргөө тийш өдөөн дагуулаад аваад явсан. Тэгээд сүүлд нь соёлын төв өргөөнд бас гал тавьсан байв даа.
Ялдар бодвоос, МАХ намын байшинг түймэрдэх түйвээх нь хэнд хэрэгтэй байсан бэ? Эрүүл ухаанаар, саруул санаагаар бодож үзвээс, саяхь цуглааныг хийгчдэд л лав хэрэггүй асаан. Тэр тусмаа соёлын төв өргөөг шатаах. Сонгуулийг луйвардсанд соёлын төв өргөө ямар хамаатай билээ. Тэр ч атугай тэдэнд бүр хортой уршигтай, осолтой түйтгэртэй байсан. Гэмт хэрэг үйлдсэн болж,шоронд орно. Сонгулль луйвардсан дарга нр чухам тийм өө сэв л харж хайж байсан шүү дээ. Тийм дуйлаантай шуугиантай цуглаан жагсаал үйлдэж буй хүмүүс энэ мэтийг эрхбиш мэдэлгүй яах вэ дээ.Ийн таван хүн алуулж, хэдэн зуун хүн шоронд орсон нь хожим чухам хэнд хэрэг боллоо? “Манай намд тэрсвэл яадгийг ёстой нэг үзүүлээд өглөө. Ганц болж” гэж хэн далд баярлаж, дэвхцээ бол? МАХ намын байшин, соёлын төв өргөөг шатаасны чинад учир чухам энэ биш үү? Энэ явдлаас МАХ намын өдгөөгийн дээдс цагаан байшингаасаа хавьгүй илүү хожоо гаргаж авсан юм биш үү? Тэр тусмаа, тэр цагаан байшин үнэндээ МАХ намын өмч биш байсан байх аа. Социализмын үеийн Улаанбаатар хотын захиргааны тэр байшинг МАХ нам өөрийн болгож авсан албан баримт байхгүй л болов уу? Тэр цагт улсын өмчийг Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор данснаас дансанд үнэгүй шилжүүлдэг журамтай байсан. Хотын захиргааны цагаан байшинг МАХ намд шилжүүлсэн тийм тогтоол байхгүй байх аа. Харин одоо бол “Орох оронгүй, оочих аягагүй “ болов гэж өрөвдүүлж байгаад МАХ нам засгийн шийдвэрээр засгийн мөнгөөр өнөөхтөйгөө зүйрлэх аргагүй сайхан байшин бариулаад авч байна. Тийн авч, гол хожоо нь энэ биш ээ. Өөр том хожоо гаргаж авсан...
Үнэндээ гэвэл, хожоотой л байвал МАХ намын өдгөөгийн дарга нар цагаан байшинг нь байтугай МАХ намыг өөрийг нь ч золиослохоо сийхгүй улс. Тэд нар МАХ намд голт зүрхнээсээ хайртайдаа огоот бус,хөл дүүжилж, эрх мэдэл, эд мөнгөн эрхшээх гэж л “Манай нам, манай нам” гэж унгаж байдаг. Тэдний хувьд МАХ нам чөдрийн хөгшин морь л гэсэн үг. Үнэ хүрвэл тогоо тосдоход хэзээд бэлэн. МАХ намдаа мах цуснасаа үнэнч агаад намынхаа төлөө бол эхнэрээ ч харамлахгүй хөгшин гишүүдээс нь тэд нар шал ондоо. Тийнхүү цаана нь илүү хожоо л гарсан бол тэр муу цагаан байшин ёстой, самбай л гэсэн үг.Цагаан байшин шатсан цаад учрыг энэчилэн эргэцүүлж болох мэт ээ. Соёлын төв өргөө, морин хуур сэлт эрхэм эд юм шатаасан нь ахул сонгууль луйвардсанд эгдүүцсэн улс төрч залуусд сохор өш нөмөргөхөд амттайхан зууш болсон...За энэ хожим болсон явдал.
Харин загалмайтны он тооллын 2008 оны долоон сарын нэгэнд МАХ намын дарга нарын тэсэн ядан хүлээсэн орчлонгийн шөнө болдгоороо болж, газар дэлхийг харанхуй нөмөрдгөөрөө нөмөрсөн бөлгөө. Харанхуй болгож байж дэг журамд оруулъя гэх санаа юуны учир, ямар даргын санаанд орсон байж таарах вэ? Үнэнийг хэлэх юм бол үдээс хойш таван зуун цагдаа ирүүлчисэн бол буу шийдэмдээ хүрэлгүй, хорин минуутын хооронд хумиж аваад журам дэглэмд оруулчихаж өлхөн чадахаар харагдсан. За, их л бодоход мянган цагдаа хэрэг болох байсан. Монголын цагдаа дотоодын цэрэг гээчтэйгээ нийлээд хэд хичнээн хүн байдгийг би эрхбиш гадарлнаа. Манайх чинь сүүлийн хэдэн жилд юутай хүйтэйгээ цагдаажсан улс шүү дээ. Чингэж цагдаажсаны гайгаар улс гэрд минь,угсаат олонд минь ямар уршиг түүтгэр нүүрлэж буйг арай хойно барим тавим баримтаар бичнэ.
Харин энд бол, тэгэхэд манай засаг яах эгж харанхуйг хүлээгээд байсан хэрэг вэ? гэж эргэцүүлье. Үймэж бужигнасан олныг өдөр журамлаж дэглэх нь амар уу, шөнө болгох нь дээр үү? Галзуураагүй л хүн бол, өдөр амар гэх биз ээ. Өдөр бол ядаж, хэн хэрхэж буйг харж, хариу яах аа бодохсон.Тийн атал тэр цагийн засаг баригсад юу ч хийхгүй байж байгаад харанхуй болгож аваад, онц байдал гэгчийн зарлиг буулгаж, шөнийн харанхуйг хөдөргөж байгаад цагдаагаар хядлага үйлдүүлсэн нь өдгөө нэгэнт ил болсон. Чингэж бодож үзэхүл, засаг эрхшээгч нар чухам яах гэж шөнө болохыг хүлээгээд, цагдаа ирүүлэхгүй, ирсэн хэдийг нь бамбай дор нь толгой хоргодуулаад байсан юм болоо? хэмээн мэл гайхаж, цэл хөхрөөд байх юм огоот үгүй бус уу? Тэд дарга нар тэр шөнө хийсэн юм аа л хийх гэж чингэсэн буюу.
Онц байдал гэгчийг тогтооно гээчийг хийсэн ерөнхийлөгч Намбарын Энхбаярын буулгасан зарлигийг гярхайхан уншиж үзвээс дээр өгүүлсэн хэргийн учрыг олж,хужирыг тунгааж болмоор аюу. Мөнөх зарлигтаа Энхбаяр “Үндэсний олон нийтийн радио,телевиүээс бусад телевийн үйл ажиллагааг онцгой байдлыг цуцлах хүртэл зогсоох”-ыг тушаажээ. Энэнийг жаахан хэрсүүхэн бодоод үзэх аваас хэд хэдэн ноцтой асуулт гарч ирж байгаа юм. Юун түрүүн,Энхбаяр чухам юуг олноос нуух гэж телевиз зураг авахыг хорио вэ? Монгол хүнд үзүүлэмгүй юу тэр шөнө болох учиртай байсан хэрэг вэ? Энэ орчлонд асуулт болгон хариутай байдаг. Асуулт хариулт хоёр хамт үүсдэг гэх үү дээ. Асуулт эхлэж гараад хариулт нь сүүлд нь олддог гэж хүн боддог ч үнэндээ тийм бус. Бүр хариу нь эхлэж үүсээд сүүлд нь асуулт гардаг байж тун ч магадгүй. Чухам гэвээс, юу нэгэн юм гарахуйд, юу юм бол хэмээн хүмүүн мэдэх гэж хорхойсдог шүү дээ. Тэгээд чухам юуг нь мэдэх ухаан хүрэхгүй болохоороо хариу алга хэмээн мунхагладаг. Хэн нэгэн мэдэхгүй нь хэтээсээ байхгүй хэрэг огоот бус.Ухаж сэтгэж учрыг мэдэх ухааны бэл л дутаж буй тэр. Ийн бодож үзэхүл,Энхбаяр юу нуусныг учир гаргаж мэдэх тийм ч бэрх биш ээ. Гагц, лавшируулж бодох л хэрэг гарна. Ийнхүү бичигч мунхаг хүмүүн би ч,уншигч мэргэн авгай та ч өөр өөрийнхөөрөө л бодоод үзье.
Энхбаярын мөнөх зарлигт бас “ Дуу авиа чангаруулах хэрэгслийн ашиглалтыг хориглох, шаардлагатай бол түр хурааж авах” гэж заажээ. Уг нь гэвээс харин ч “Чанга яригч сэлтийг ашиглан мөнөөх зарилгаа үймэж бужигнагч олон хүнд сонсгон дуулгаж, тайвширах тарахыг хэлж ятгаж, эс тарваас балбаж бороохойдон тараах, барьж саатуулах, цагдаж хорих магадгүй гэдгээ сануулан хэлэх учиртай байсан баймаар аа даа? Чингэтэл тас харанхуй, таг чимээгүй болгож байгаад, гэм эрүүгүй хүмүүсийг машин тэргээр үлдэн хөөж, шүршин буудаж, ан гөрөөс лүгээ адил алж хядсан байх.
Өөрийг нь байгуулсан иргэдийг ингэдэг төр бол тэр иргэдийн төр огоот биш ээ. Монгол хүмүүсийг ингэдэг төр бол монгол төр яав ч биш ээ.
Намбарын Энхбаяр Санжийн Баяр хоёрын тэргүүлсэн, толгойлсон төр монгол хүмүүст,монгол оронд ийм элэг буруутай байсны дал чинад учир юу байж таарах вэ? Чингэсний цаана яггүй чанга шалтгаан учир нуугдаж байсан бололтой. Төрийн дээд эрх мэдэлд луйвраар үлдэх гэснийг нь мэдсэн хүмүүн олны дургүйцэл эсэргүүцлийг ямар ч хамаагүй аргаар дарж намжаахгүй аваас хувь заяанд нь аюул учрах болоод МАХ намын дээдэс амь нь тэмцэж, юу ч хийхээс сийхгүй болсон хэрэг үү дээ? Төрийн эрх мэдэл, халдашгүй дархаа алдах болоод ирэхэд тэдний нилээдэд нь шорон ханхалсан байж магадгүй. Тэгээд л аллага үйлдэж байгаад ч хамаагүй, хилэгнэсэн олныг дарж авах хэрэгтэй болоо юу? МАХ нам үүсэхдээ ч луйвраар гарч ирээд түүхэн туршдаа луйвраар үйлдэн хийж, оршин байж ирсэн болохоор юу юунаас илүү луйврыг л дадамгай хийдэгтээ дулдуйдан өөрийгөө аваръя гэж шийдсэн буюу. “Сурсан юмыг сураар боож болдоггүй...”-г энэ номын цөм хэсэгт би вээр нэгэнт иш татсан бөлгөө.
МАХ намынхан манийгаа ч андахгүй хойно доо. “Далайсан газарт нь далд орж, далалсан газарт ил гардаг”-ийг маань мэдэлгүй яах вэ, тэд нар. Эрх мэдэл дөрөөлж эд мөнгө хулгайлах бузарын бууны хорт сум ийн таван монгол хүний халуун амийг залгиж,үр хүүхдийг нь өнчрүүлж, эмс эхнэрийг нь бэлбэсэрүүлж, эцэг эхийн нь элгийг эмтэлж, өрийг өмлөж, арав гаруй монгол хүнийг шархдуулж сэглэж, эрэмдэг зэрэмдэг болгосон буюу. Эрх мэдэл эд мөнгө өөдгүй өвөрт нийлэхээрээ ийм гай түйтгэр чирч авчирдаг аж л...
Хэрэв зэ, Энхбаяр Баяр хоёр монгол хүмүүнийг боддог, Монгол улс гэрийг эрхэмлэх сэтгэлтэй байсансан бол цуст хэрэг явдлынхаа маргааш нь л хэргэм албаасаа огцрох учиртай байлаа. Тийн атал хүмүүний ёс,мөс чанарын шавхруу ч тэр хоёрт байсангүй. Энэ хэрэгтээ тэр хоёр хумсын чинээхэн ч харуусан гэмшээгүйн нь зэвүү хүрмээр ээ. Гэмших гэлмэх атугай тэр хоёр сайн үйл бүтээчихсэн мэт омойтож, монгол төрийн өндөр сэнтийг бузарласан хэвээрээ үлдэх гэж ичгүүр сонжуургүй аашилж, Баяр нь тийн чадаж, Энхбаяр нь эрхбиш олны хилэнд хуйхлуулсан бөлгөө. Энэ учир эрэгцүүлж бодууштай, эргүүлж яриуштай юм бий. Хүмүүий санааны уйтан оронд долоон сарын нэгний цусан мөр бага бүдгэрэх хожмын цагт Энхбаяр Баяр хоёр гэмээ бие биендээ тохож, арилгасан сонгино шиг ариухан амьтан болж түүхнээ үлдэх гэж ичгүүр сонжуургүй аашилж ч магадгүй.МАХ намын дээдэс тэгдэг нь гэм биш зан, гэнэт биш хэзээнийх гэдгийг бид мэдэхгүй биш. Түүх авгай минь бүү хууртухтун.Төрийг тэргүүлж байсан Энхбаяр,засгийг толгойлж байсан Баяр хоёр хоёулаа гэм эрүүтэн мөнөөсөө мөн бөлгөө. Энэ хоёрыг шүүх өдгөө “Уснаас хуурай “ гаргалаа ч түүх хожим “Цуснаас хуурай” гаргахгүй ээ.
Энхбаяр Баяр хоёр ч яах вэ, ичих нүүрэндээ илгэ наасан айх нүүрэндээ арьс наасан амьтас гэж бодъё гэхэд алсан шарахдуулсан монгол хүний цус Улаанбаатарын гудамжны цементэн дээр хатаж амжаагүй байж байхад МАХ нам Баярыг шилдэг сайн хүмүүн гэж жишэм ч үгүй худал магтаж, тэр нь ч дахин ерөнхий сайд болно гээд ичих ч үгүй орж ирэхэд мөнөөх зарим нь луйвраар болсон Их Хурлын гишүүд хэрхэн нялганаж, яаж гутамшигтай царайлж байхыг монгол түмэн зурагтаар харсан. Цорын ганц Цахиагийн Элбэгдорж л эгдүүцэн хэрэлдэж,эрсэг санал өгч байсан. Их Хурлын бусад гишүүн цөм Баярыг дахин ерөнхий сайд болгох санал өгч, бялдуучилж байхыг үзээд “Ийм амьтсаар төрөө бариулж байх гэж дээ бид нар” гэж бодоод би л лав гутарсан юмдаг.
Монголууд бид хамаг бүлээрээ ийм зүдэг муухай бялангач юмуу? Үгүй бол тийм цөөн хүнийг эрж олоод төрийнхөө жолоог бариулчихаа юу? хэмээн бодож үзэхүл бас нэгэн үзүүр гарна. За яах вэ, Баярыг дахиж ерөнхий сайд болгосон Улсын Их хурлын гишүүдийг өөдгүй хүмүүс гэвээс, юмны эзэн сумны занги ард түмэн гэгч алдрын сэтэртэй монгол хүммүс бид нар “ Нэг бол наад Баяраа төрийн минь ариун сэнтийгээс зайлуул! Үгүй бол өөрснөө зайл та нар!” гэж босож ирсэнүү? Өчнөөн төчнөөнийгөө золбин нохой адил шүршүүлж буудуулж, алуулж хядуулсандаа өмдөндөө шээс алдталаа айж мэгдэж, амьсгаа хураах шахаад хар толгойгоо хоохойлоод тэжээвэр гөлөг шиг цавиндаа хошуугаа шаагаад цагриглаад хэвтчихээгүй гэж үү дээ, бид нар? Өрөөлийг хараахын өмнө өөрийгөө нэгэнтээ ч болов ажиж байвал огоот илүүдэхгүй мэт ээ. “Өөрийнхөө толгой дээрхи ачаатай тэмээг үзэхгүй хэвтэж, өрөөлийн толгой дээрхи цагаан өвсийг үзэв” гэх монгол мэргэн үг ч буй. Монгол хүмүүн би өөрөө яасан билээ? Нэгэн хоёронтоо зурагтаар гарч, хүн алж хядав хэмээн цухалдан үглэж, алуулсан таван хүний дурсах цуглаанд хоёр гурав очич, хэдэн үг хэлснээс илүүг хийж чадаагүй минь даанч чамлалтай. Ийн бодвоос Их Хурал чингэсэн нь монголын ард түмэн нэрт бидний, нөлөөгүй толинд туссан үнэн нүүр царай л юмдаа. Бид ийм царайтай байгаад л байвал төр тийм царайтай байгаад л байх нь магад аа.Тийн өдгөө хэр хамаг бүхэн эрхбиш бидний гарт л байна. Монгол түмэн бид нар гартаа орж ирсэн хувь заяандаа эзэн болж чадахгүй, өдгөөгийнх шиг ээ байвал маний хэргийг дахиад л аанай Москоов Бээжин хоёрын нэгэнд мэддэг болчихож мэднэ дээ. Тэр цагт хичнээн ч дуу тавьж гуу малтаад нэмэргүйг гашуун түүх маань гэрчилнэ биш үү?
Ялдар бодохул,”Долоон сарын нэгэн” ч харь санааны хар үзүүр, улаан гарын урт савар байхыг хэн байг гэх вэ. “Юмыг яаж мэдэх вэ” гэдэг шүү дээ. Тийм сэжиг баримт ч байдаг л юм билээ...
Долоон сарын нэгний үймээний үед “Молотовын ундаа” оросоор Коктель Молотова гэгчийг хэрэглэсэн гэх ноцтой яриа бий. Тэр” Молотовын ундаа”, гэгч нь ийм учиртай нэр: Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн оросууд Финлянд улсад түрэмгийлэн халдасныг дэлхий мэднэ. Тэгж халдахдаа Хельсинк хот руу шатаах бөмбөг,шилэн лонхтой шатаах бодос хаясан байдаг. Тэрнийг нь дэлхийн олон нийт эсэргүүцэхэд Зөвлөлтийн гадаад яамны сайд Молотов “Бид хүмүүнлэгийн тусламж болгож хоол хүнс,ундаа буулгасан юм” гэж ичих нүүргүй мэдэгдсэн гэдэг. Тэгээд л дэлхий тэр шилэн савтай шатаах бодосыг “Молотовын ундаа” гэж ёжлон нэрэлсэн түүхтэй. Онцгой найруулгатай тэр зэвсгийг гэр орондоо гараар хийж хэн ч чадахгүй. Үйлдвэрт л хийж болно. Тэгэхээр хаана хийсэн “Молотовын ундаа”-г хаанаас хэн авчирч долоон сарын нэгэнд хэрэглэсэн байж болох вэ? Магадлах л учиртай юмны нэг энэ яах аргагүй мөндөө. Харь санаан дор шургаж, барьцаа нээнтэг даруулж, утсан оосорт хүүхэлдэй болсон түшмэд нар ямар нүгэл эс хийдгийг бэлхэнээ мэдэх хойно доо, монголууд бид нар...
...Одоо, урьд амалснаа сийрүүлье. Монголын төр сүүлийн гурав дөрвөн жил зүдэг муухай цагдаажсан учрыг би байн байн эрэгцүүлэн боддог болсон. Улс төрийн хэллэгт ч утга зохиолын хэлэнд ч цагдаажих гэх үйл үг өдгөө хэр гараагүй ч монгол төр яах аргагүй цагдаажчихсан л байгаа юм даа.Гагц төр ч гэх юмгүй, улс гэр хамгаараа цагдаажиж байна. Нийгэм, төр цагдаажих гэдэг нь цагдаа олширох,”Цагдаагаар бөөстөх” төдий ч бас биш. Хэдийвээр, Монгол Улс өдгөө цагдаагаар “өтчихсөн “ үнэн гэлээ ч цагдаажиж буйн цорын ганц шинж огоот биш ээ. Цагдаажихын гол шинж гэвээс,төрийн хэрэг үйл, нийгмийн явдал мөр, хүмүүний хувь заяа хамаг бүхэн харгис цагдаагийн саварт орж байгаа ёозгүй үзэгдэл мөн. Өдгөө манайд яг ийм болж байна.
Улс орон, угсаатан түмэн, засаг ёсон цагдаажиж асан гунигт явдал хүмүүн төрлөхтний түүхнээ цөөн бус аа. Энэний эрэлд мордож буурал түүхийн алс руу бэдрэх хэрэг байхгүй. Хорьдугаар зуунд хоёр их цагдаажсан төр байсныг бид мартаагүй ээ. Нэг нь фашизм гэдэг, нөгөө нь коммунизм гэдэг нэртэй. Цагдаажсан фашист төр зургаан сая хүнийг, цагдаажсан коммунист төр арван дөрвөн сая хүнийг хөнөөсөн. Монголууд бид нар тэр хоёрын нэгийг нь даган саамаганаад насанд хүрсэн таван монгол эр хүн тутмынхаа нэгийг буудаж алж, булж дарсан. Гурван түм гаруй монгол эрийг нядалсан.Хэд хичнээн хүнийг шоронд хатаасныг бараг мэдэхээ больж, тоо алдсан байдаг. Энэ гамшиг багадлаа гээд өдгөө бас дахин улс гэр, төр ёсоо орвонгоор нь цагдаажуулж байна гэж үү дээ?! Тэгээд таван монгол хүнийхээ амийг цагдаагийн цустай гараар бүрэлгүүлж,арав гаруй монгол хүнээ шархдуулж эрэмдэг зэрэмдэг болгуулж, долоон найман зуун хүнээ шоронд хийлгэж, хоёр гурван зуун хүнээ ялтан болголоо. Цааш нь бид юу ёрлоно вэ?
Төрийг цагдаажуулах далд чинад хоёр гурван шалтгаан учир байна буюу. Юун хэмээвээс: Нэгд,засаг эрхшээгч нар улс гэрийг цагдаагаар дүүргэн ноёлуулж,түмэн олныг цагдаагийн далайсан бороохой хийгээд улмаар чинагш цагдаагийн сумласан буу,сунгасан жадан дор айлган дарж,хууран мэхлэх,хулгуун луйвардах сэлт хэлэнцэт хэргээ зоргоор үйлдэж,дураараа дургиж,дунд чөмгөөрөө жиргэж байхыг санаархаж, санасандаа ч хүрч байгаа нь маний нүдний өмнө ил гарч байна бус уу? Хоёрт,засаг баригч нарын хулгай зэлгий,булхай булчирхайг цагдаа нэгэд нэгэнгүй мэдэн бүртгэдэг агаад тэрнээр нь нээнтэглэн засгийн ноёдыг гартаа оруулж авсан байдаг бололтой. Шатрын ноён нээнтэг даруулахаараа яаж балардаг билээ дээ,хөөрхий зайлуул.Өдгөө цагийн манай засаг ноёд яг л тийм нээнтэг даруулсан шатрын хөөрхий ноён болжихуй. Тэд цагдаад үг хэлж дуугарч чадахгүй. Дуу гарлаа л бол цагдаа хулгай луйврын нь баримтыг нүүрэнд нь барьж,нүдэнд нь тулгана. Чингэнгүүт засаг ноёд амаа хамхиж, сүүлээ хавчаад цагдаагийн өлмийд нохой шиг сүүлээрээ хурайлан шарвалзана. Эс тэгвэл булайг нь уудалж,булчирхайг нь тоолж,олонд шившиглэнэ шүү дээ.
Цагдаа өөрөө арилгасан сонгино лугаа адил цэвэрхэндээ тэгж эрэмшдэг огоот бус.Манайд байгаа бузар болгон цагдаад нэвчсэн л байдаг. Тав зургаахан зуун мянган төгрөгний цалинтай цагдаагийн хурандаа нар хамгийн үнэтэй том тэрэг унаж,том байшинд суудгийг бараг хүн болгон мэднэ. Харин, засаг баригсдын хахууль авлигалын бузар төрийн нуруунд жилбэн болон гүйж,идээ бээр нь хаагуур хаагуураа цуваж, нийгмийг хордуулж буй болохоор л цагдаа “Намайг хэн хэлэх вэ,нохойг хэн саах вэ” гэж увайгүй байгаа юм. Энэхэн учиртаа гэвэл яруу найрагч Лхагвасүрэнгийнхээр бол,цагдаа монгол төрийн “Үр могой” болж буй буюу. Монгол цагдаа монгол төрийн “Үр могой” болсныг нут болгон гэрчлэх баримт бий. Мөнөөх долоон сарын нэгний шөнө таван хүн алж,өдий төдий хүн шархдуулсан гэм эрүүтийг монгол төр олны шахалтаар арга буюу олох гэж оролдмор болоход цагдаа бослого гарган порхиорын газарт очиж,нэгэн хачин жигтэй юм хийсэн аж. Цагдаа нар порхиорын газат юуны учир,хэрхэн очиж юу гээчийг үйлдэн хийснийг би бага сага мөшгөн сурвалжилсан бөлгөө. Порхиорт ч,цагдаад өөрт нь ч зүс таньдаг, үнэний голыг барин хэлчих нуруу төлөв бүхүй хүмүүс байдаг хийгээд тэдний зарим зарим лугаа хэд хэдэнтээ уулзаж учирч, ярьж хөөрч мэдсэнээ машид хураангуйлан бичье.
Дөрвөн хүнийг буудаж алсан нь ил болж, тэр хэрэг цагдаа лугаа холбоотой байж магадгүй сэжиг гармагц хууль цаазын ёсоор порхиорын байгууллага шалгаж эхлэсэн аж. Чингэх ч ёстой. Ингээд эргүүл хамгаалалтын цагдаа хамаа бүхүй байж асан учир мөнөх газрын дарга хурандаа Батсүхийг шалгах болжээ. Порхиор эрх үүргийнхээ дагуу дууваас тэр Батсүх ирэхгүй байж. Уг ёс гэвэл, Монгол Улсын иргэн хэн бугай боловч ирэх учиртай. Тийн авч,ирэхгүй цаг хожих хэрэг хурандаа Батсүхэд байсан юм болов уу?
Чингээд нэг өдөр Батсүх арай гэж нэг юм ирж, порхиорынхон асууж, байцаагаад мөнөхийг саатуулан байж шалгах нь зөв хэмээгээд хуулийн дагуу шүүхэд хандваас шүүх зөв хэмээн шийдвэр гаргаж өгсөн аж. Яг энэ зуур нэгэн их пэжигнээн,шуугиан болоод явчихав гэнэ. Юун хэмээн үзвээс,өчнөөн төчнөөн цагдаа порхиорын байшин дотор бороохой шийдэмтэйгээ дайраад ороод ирчихсэн,зам хонгилыг хааж боож, хүн амьтан явуулахгүй цагдаж хорьж,сүйд майд болж эхлэжээ. Мөнөх байцаалгаж буй Батсүхийн орлогч буюу эргүүл хамгаалалтын газрын дэд дарга Мягмар гэгч тэргүүтэй офицер дарга нар нь манлайнаад ирчихсэн байж гэнэ.
Бороохойт цагдаа нар бас бус лугаа хам нийлээд бид даргаа хориулахгүй гэж орилолдож, хаалга үүд өшигчин эвдэж бусниулж,ажлаа хйиж байсан порхиорын хүмүүсийн бие мах бодод халдаж, хувцас хунарыг нь урж тасдаж увайгүй танхай,зүдэг муухай авирлацгаасан аж. Цагдаа нар албаныхаа машин тэргээр порхиорын гадаа зам гарцыг хааж халхалсан ч юм байх.
Ийн үнэн чанартаа цагдаа нар төрийн нэгэн чухал байгууллага болох порхиоыг хүн амьтантай нь бүслэн хааж, барьцаалан саатуулжихуй. Цагдаа нар хэдэн зуугаар нь барьж саатуулж, байцааж мөрдөж, яллуулсан мөнөөх долоон сарын нэгний цулааныхан ч төрийн байгууллагыг дайран эүлээгүй, түйвээн бусниулаагүй шүү. Гэтэл цагдаа нар ингэж хууль зөрчин төрийн байгууллагыг дайран эзлэж, танхайрсан байна. Зүгээр ч нэг зүггүйтэж танхайрсан хэрэг огоот биш. Таван хүн алсан аюумшигт гэмт хэргийг мөрдөж, гэм эрүүтийг олох гэсэн төрийн ажлыг улайран эсэргүүцсэн үйлдэл байлаа. Гэмт хэргийг илрүүлж, гэмтнийг барих хууль ёсны үүрэг бүхүй цагдаа гэмт хэргийг мөрдөхийг сөрж эсэргүүцсэн ийм хачин цигтэй явдал Монгол Улсын түүхэнд үзэгдэж дуулдаагүй бөлгөө. Цагдаа нар биш,өөр хэн нэгэн ингэсэн бол гэмт хэргийг хаацайлах гэсэн гэмт хэрэг гэх байсан даа. Ер нь ч тийм л юм. Цагдаа сэжиглэгдсэн гэмт хэргийг цагдаа хаацайлваас хэрэг биш гэж үү дээ?
Уншигч авгай Та бодоод үзэхтүн: Тэр таван хүнийг алсан хэрэгт цагдааг биш, өөр хэн нэгнийг цагдаа өөрөө сэжиглэн шалгасан бол хорих байсан болов уу, хорихгүй байсан болов уу? Хэрэв хорьж шалгах болоход нь тэр этгээдийн ажлын газрынхан бид нар даргаа хориулахгүй гэж, хамаг олноороо ирж, цагдаагийн байгууллагыг дайран эзэлж, барьцаалан эзлэвэл цагдаа хэрхэх байсан бол? Та юу гэж бодож байна вэ?
Мөнөөх эзлэгсэн порхиорынхон тэр цагт цагдааг захирч асан генерал Амарболд лугаа ярьж, байгууллага хүмүүсээ чөлөөлж авах гэсэн ч тэр Амарболд утсаа тасалсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдоогүй аж. Чингээд порхиор эзлээтэй хэвээрээ маргааш нв болж, арай гэж нэг юм Амарболдыг олж, Улсын ерөнхий порхиорын газарт дуудан аваач цагдаа хууль зөрчиж, төрийн байгууллагын эсрэг үйлдэж буй балмад хэргээ зогсоохыг сануулж хэлвээс тэр вээр мөнөөх газарт ирж, ддаргыг чинь хорихгүй болсон учир та нар порхиорыг тарахыг цагдаа нараасаа гуйсан гэнэ. Тушааж тараагаагүй,гуйсан юм байна. Хэрэв сэжигтэн хурандаа Батсүхийг хууль барьж, шүүхийн тогоолын дагуу хорьж шалгасан бол энэ генерал төрийн байгууллагыг барьцаалсан цагдаа нарынхаа танхай балмад хэргийг болиулахгүй байсан гэж үү дээ?
Гэмт хэргийн сэжигтэн Батсүхийг цагдан хорьж шалгахыг больсон учир гэвээс,тэрнийг порхиорын газраас гараагүй, байцаалгаж байх зуур, өвчтөй учир хорьж болохгүй гэсэн эмнэлгийн магадлагаа гаднаас орж ирсэн аж. Өмнө нь өвчтөй хүн байсан ахул цагдаагийн бэрх албанд яаж тэнцэж байсан юм бол? Эрүүл саруул хүн байгаад мөрдөн шалгах тэр цгт л өвдчисөн гэвэл биеийг нь үзээгүй байж эмч нар өвчтөйг нь яаж мэдээ вэ?гэсэн асуулт гарч ирнээ дээ? За энэ яах вэ, эмч нарын мэрэгжлийн хийгээд ёс зүйн асуудал гэе.
Харин үзээ хараа хууль зөрчиж, гэм үйлдэж байгаа цагдаа нартаа тушаал буулгаагүй аргадан гуйсан нь далд чинадаа ямар учир начиртай юм бол доо? Захирсан байгууллагынхан нь бөөн олноороо хууль зөрчиж, Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй ийм ноцтой хэрэг үйдсэн байхад мөнөх Амарболдыг шууд мэдэгч ерөнхий сайд Баяр тэрэнд ямар ч зэм гэсгээл хүлээгэлгүй өнгөрөөж өөгшүүлсэн нь бас ямар учир бүхүй байж болох вэ?
Цагдаа бол төрийн албан хаагч мөн гэж хуулинд тодоос тод заасан буй. Тийн ахул “Төрийн албан хаагч ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх,зохион байгаалах,тэдгээрт оролцохыг хориглоно” гэж төрийн албаны хуулинд заасан байгаа.
Цагдаа ахул төрийн мэдэл захиргаан дор,хууль барьж биелүүлдэг байгууллга баймаарсан. Цагдаагийн хуульд ч “Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх,нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхүй төрийн байгууллага мөн” гэж буй. Чингэсэн атал,хүн алж хядах нүгэлт хэргийг үйлдсэн ялт этгээдийг олж гэсгээх гэсэн оролдлогыг сөрөн тэрсэж,алуурчийг хаацайлан өмөөрч,төрийн хуулийг эсэргүүцэн бослого гаргасан цагдааг төрийн үр могой гэхээс өөр юу гэх юм бэ?
Чинагш өгүүлвээс, цагдаа ”Монгол улсын иргэн Би цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж,хүний эрх,эрх чөлөөг хүндэтгэж,гэмт хэрэгтэй тэмцэх,нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шудрагаар зүтгэж,шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглъя.
Би энэ тангаргаа няцваас төрийн хууийн цээрлэл хүлээнэ” гэж төрд тангараг өргөдөг. Энэ тангарагийг мөнхүү хуулиар баталсан аж.
За одоо бодоод үзье дээ.Төрийн хуулийг дээдлэн биелүүлж,хүний эрхийг хүндэтгэхээ монгол төрийн сүлдний өлмийд сөгдөн байж андгай талбисан цагдаа аюумшигт хэрэг үйлдэж шүүхээс цаазаар хороолгох ял сонсоогүй л бол хэнийг ч алж хороохыг цаазлан хорьсон үндсэн хуулийн заалтыг дээдлэн биелүүлэх учиртай юу? Хүний эрхийн оройн зул болсон амьд явах эрхийг цагдаа хүндлэн дээдлэх ёстой юу? Ер нь монгол цагдаа төрийн хууль хийгээд төрд өргөсөн тангарагаа сахин барих уу,үгүй юү? Хууль цагдаа хоёрын аль нь алиныхаа дээр байвал зохилтой вэ? Цагдаа хуулийн дор явах уу, цагдаа хууль сандайлж суух уу?
Монгол төрийн хууль аваас монгол хүмүүн болгоны санаа зоригийн цаасан дээр буусан зарлиг бөлгөө. Монгол түмний саяхь санаа зоригийн зарлигийг хэн бугай ч бохир бөгсөөрөө сандайлах эрх дарх үгүй. Өөрөө хууль цаазыг барин өрөөлийг хууль сахиулах алба бүхүй цагдаа хуулийг сандайлж буй нь явдал мөрд хийгээд ёс төрд хазгай, нэн ч увайгүй хэрэг болъюу.
Цагдаа тийн увайгүй аашилж буй нь далд цаанаа бас учир байгаа мэт. Таван хүн алсан гэм эрүүтийг олчих вий гэхээс цагдаа хууль ёсыг зөрчиж, төрийн хэргийн эсрэг бостлоо айж байна. Яагаад ингэнэ вэ? Уншигч авгай Та хэрхэн болгоож байна вэ? Уг нь гэвэл цагдаа тэр алуурчдыг олж, хуулийн гэсгээл амсуулаасай хэмээж, чингэхэд дэм болох учиртай бус уу? Цагдаа чинь гэмт үйлдлийг илрүүлж, гэмтнийг олох хуулийн дор үүрэгтэй шүү дээ. Энэ учир өмнө нэгэнт хуулийг иш авсан бөлгөө. Дахиж нурших хэрэг юун.
Хэн нэгэн буюу хэдэн цагдаа хүн буудаж алсан байх аваас бусад олон цагдаад юун хамаа байх билээ гэмээрээ дээ? Гэм эрүүтэн л гэсгээл амсахаас биш, гэмгүй олонд падгүйшүү дээ. Тийн атал тэр олон цагдаа порхиорын газарт очиж, таван хүн алсан хэргийг шалгаж гэм эрүүтийг олохыг эсэргүүцдэг нь юун билээ? Бараг л амьсгалахдаа хүртэл даргын тушаал дагадаг цагдаа нар зоргоороо тэнд очиж,тэгж сүйд хийсэн гэвэл үнэмших мунхаг хүн энэ орчлонгоос л лав олдохгүй биз.Тийн бээр хэн нэгэн дарга л заан тухирч цагдаа нарыг босгосон байж таарна.Ямар тушаал хэргэмтэй,хэн гэдэг нэртэй устай дарга бол? Таван хүнийг хэн алсныг олохоос тэр дарга юун учир тэгтлээ айна вэ?
Алуурчин цагдаад хүн буудахыг хэн тушаасан бол гэх яриа өдгөө хүртэл тасрахгүй байна. МАХ намын дарга,ерөнхий сайд Баяр “Буудах тушаал өгөөтөх гэж хашгирч,үсчиж байсан гэнэ” ,”Цагдаа дээрээс өгсөн тушаал.Буудаад бай...”, цагдаагийн дарга хүн буудаад унагахыг харсан өөр нэгэн цагдаа “Манай дарга мэргэн буудаж байна шүү” гэж хуцаж байсан, цагдаа хүн буудаж унагачихаад бууж өшиглөчихөөд хаячихаад яваад өгч байгаа дүрс бичлэг интернетэд байна гэх шиг есөн шидийн мэдээ сэлт гарч байлаа. Үнэн худлыг бүү мэд.
Улсын Их Хурлын Хүний Эрхийн дэд хорооны хурал дээр цагдаагийн хурандаа Эрдэнэбат: Хүн буудах тушаал цагдаад хэн ч өгөөгүй гэж хэлж байсан. Энэ хурандааг худал хэлэв гэх нут баримт надад үнэндээ байхгүй. Хэрэв зэ,тэдгээр таван хүнийг цагдаа алсан хийгээд хурандаа Эрдэнэбат худлаа хэлээгүй ахул цагдаа нар дур зоргоороо хүн буудаж алсан байж таарна.Хүн алсан л бол цагдаа байна уу, хурандаа байна уу, генерал байна уу ялгаагүй,хуулийн ял гэсгээл авах л ёстой. Ганц хүн алсан согтуу алуурчийг цаазаар хороо гэдэг ахул таван хүн алсан цагдаа алуурчийг гэсгээлгүй талбиж ял завшуул гэх ямар ёсон байх билээ? Тэр тусмаа,алуурчаас хүний амь насыг аварч хамгаалах хуулийн үүрэгтэй цагдаа өөрөө хүн алж байгаа бол харин ч чанга яллах ёстой.
Харин,хүн буудаж алах тушаалыг цагдаад хэн нэгэн дарга өгсөн ахул цагдаа нар тэр даргын нэрийг яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Гэмт хэрэгтэн даргыг хаацайлан бялдуучилбал өөрснөө л нүгэлтэн болж дээ.Гэмт хэрэгтэнтэй хуйвалдан нуух нь бас гэмт хэрэг мөн. Ер нь хэн нэгэн этгээд хүн бууд гэж тушаал өгсөн байлаа ч цагдаа хүн буудаж алах ёсгүй. Төрийн албаны хуулинд “Төрийн албан хаагч харъяа дээд шатны тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг л биеллүүэх үүрэгтэй. Төрийн албан хаагч албан тушаалтны хууль бус,шудрага бус явдалтай эвлэршгүй байх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг юм шүү. Үндсэ хууль зөрчиж,хүн буудаж ал гэж хэн нэгэн тушаасан ахул цагдаагийн алба хаагч үл биелүүлэн эсэргүүцэх үүрэгтэй. Хууль тийм.Энэ ялдар хэлчихэд: Цагдагийн хуулийн дөчдүгээр заалтыг орвонгоор нь өөрчлөхгүй бол Монголд цагдаа хүн буудаж алсаар, тэрнийг нь эрх мэдэл,эд мөнгөний хэн нэгэн луйварчин хаацайлсаар л байх боломжтой. Энэ заалт үндсэн хуулийг улайм цайм зөрчсөн байдаг. Нэгэнт үндсэн хууль зөрчсөн заалт учир энэнийг мөрдөх ёсгүй л дээ. Гэхдээ л долоон сарын нэгний хэргийн эзэд энэнийг ашиглан ял завших гэж оролдсон. Бүтэхгүй л дээ. Гэхдээ л...
Энэ бүхнийг эрэгцүүлэн сайн бодож үзэх ахул,монгол төр нэн муухай цагдаажиж, тэр цагдаа нь төрийг өөрийг нь ч эсэргүүцэн босож ирэхээс сийхгүй, хүн ч алж хядахаас буцахгүй аюултай хүчин болж буй биш биз? Олон түмэн хүнийг алж хядсан до яамны урьдын цусан түүхтэй, өдгөө хахууль авлигалын бузар шингэсэн албан тушаалтны эвээлд байж тэдний гэмийг хаацайлдаг, зэвсэглэсэн байгууллага ийм болох аваас улс гэрт ч угсаатан түмэнд ч аюултай байж мэднэ дээ. Манай цагдаа нар харийнхны гарт гүйж монгол хүнийг дээрэхэн баалж буй гэх яриа мэр сэр гарах болсон шүү.Ёрын ийм шинж чинагш улам үгдэрвэл их л муу даа...
...Өмнө өгүүлсэн мэт баримт сэлт өдгөө мөрдөн байцаахын хавтас дотор бүрэн цөм буй үгүйг бүү мэд. Буй ахул аллагын гэм эрүүтийн нэрийг түмэн олон хэзээ нэгэн цагт дуулж мэдэх л болно. Өдгөө шүүхээс хаацайлж чадав ч гэсэн өнө хожим түүхээс халхалж үл чадъюу...
...МАХ намын толгойд урьдын аллага хядлагын нь сүнс өндөлзөх болсон нь долоон сарын нэгнээс арай өмнийх бөлгөө.Өнгөрсөн зууны ерээд оны эхээр нийгмийн цус ханах гэсэн булай муухай яриа гарахад тэр цагт ганцаараа төр ноёрхож байсан МАХ нам чимээгүй өөгшүүлж өнгөрөөж байсан хийгээд сүүлдээ бүр улаан цагаандаа тулаад МАХ намын мяндагтан Нямдорж санаа бодол зөрж нам дотроо”Жигүүр” байгуулсан нөхдөө шувууны буугаар буудах юмсан гэж бодож явдаг гэсэншүү жигтэй зэвүүн, жигшүүртэй муухай юм эрээ цээргүй хэлж байвдаа.”Ашдын билгээс амны билгэ” хэмээх монгол мэргэн үг юутай үнэн бэ? МАХ нам энэ даргаа гэсгээл зэмгүй өмгөөлж өнгөрөөсөн төдийгүй сайшаан урамшуулж шилдэг сайн хүн гэж дахин Улсын Их Хурлын гишүүн болгоод зогсоогүй сайдын суудалд залсан бөлгөө. Сайд сайддаа бүр хууль барих, цагдаа захирах сайд. Хуулийн сайд болгочихмоор, хүн буудах юмсан гэж бодож байж ядаж явдаггүй шиг хүн МАХ намд байхгүй гэжүү дээ? Байлгүй яах вэ дээ. Зүгээр л МАХ намын унаган шинж төрх гараад ирчихэж байгаа нь энэ буйз. Төрлөхийн мэнгэ арилах биш дээ.Энэ ёр цондон нь МАХ намынхан бие биенээ хутгалж хөнөөхөд хүргэж байгаад улмаар таван монгол хүний толгой залгив бусуу? Чинагш юу гээчийг хэн хийхийг бүү мэд...
Ийн ухан санаж, ухааран санааширваас “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” хэмээх эртний монгол мэргэн үг байдаг аваас “Улс төрийн эх нь цустай ахул адаг нь цустай” гэх орчин цагийн онч үг гарч бас болъюу...хэмээсэн үүнийг арван долдугаар жарны төмөр бар жилийн өвлийн тэргүүн сарын хорин найман,бархасбад гараг, хурьцахуй дур шүтэн барилдсан,нэг цагаан мэнгэ бүхүй, шар морь өдөр нөхөн бичиж гүйцээвэй.