logo
Д.Ганхуяг:   Оюутолгойн гэрээгээр Монгол орон өр зээлэнд баригдлаа

Д.Ганхуяг: Оюутолгойн гэрээгээр Монгол орон өр зээлэнд баригдлаа

2011/11/16
Засгийн газрын зүгээс Оюутолгойн гэрээг өөрчлөх, засч залруулах тухайлбал анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын талын эзэмшлийн хувийг 50-иас дээш хувьд хүргэх асуудлаар тодорхой алхам хийхгүй болох нь нэгэнтээ илэрхий болжээ. Нутаг дэвсгэр, байгалийнхаа ашигт малтмалын төлөө тэмцсэн нэр бүхий  20 гишүүдтэй манай  редакци нүүр тулсан ярилцлага  зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийнхаа  дугаарт УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг урьлаа.
-Оюутолгойн ордын 34 хувийг Монголын талд 66 хувийг Айвенхоу Майнз эзэмших талаар гэрээ хийгджээ. УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан 50-иас дээш хувийг Монголын талд гэж  өөрчлөлт оруулахыг нэр бүхий 20 гишүүн  Засгийн газраас  шаардаад байгаа. Сангийн сайд маань 57 дугаар тогтоолыг биелүүлчихсэн. Юу яриад байгаа юм бэ гэсэн хариулт өглөө. Та нарын дунд ойлголцлын зөрүү байгаа юм уу?
-Энэ мэдээллийг олон хүн сонссон. Ойлголцлын ямар ч зөрүү байхгүй. Маш хатуу гэрээ. Монголын талд ашиггүй гэдгийг бид илчилж, тэд хамгаалж байгаа.  Хувь нийлүүлэгчдийн гэрээнд монголын тал 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалтыг хүү тооцуулж, ноогдол ашиг болон бусад орлогоосоо суутгуулна гээд биччихсэн байгаа. Цагаан цаасан дээр хараар бичсэн ийм зүйлийг  ингэж  тайлбарлаж болох уу?. Сангийн сайд маань угаасаа зээлийн урьдчилгаа, авах ёстой төлбөрийн урьдчилгаа хоёрыг  ялгадаггүй хүн. Оруулж байгаа бүх хөрөнгө оруулалт нь 10-12 хувийн хүүтэй зээл байгаа.Тиймээс бид энэ гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ биш зээлийн гэрээ гэж нэрлэж байна. Техник эдийн засгийн үндэслэлд бичсэнээр Монголын талын 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалт 816 ам. доллар.  Энэ нь найман  жилийн  хүүтэйгээ 1.6 тэрбум ам доллар болно. Нөгөө талаас гэрээнд анхны хөрөнгө оруулалтын дөрвөн  тэрбум ам долларыг нэмэлт хөрөнгө оруулалт гээд,  тэр харуулаад байсан тооцоонд нь хайгууль хийсэн болон өмнө оруулсан хөрөнгө оруулалтыг нэг тэрбум ам. доллараар  тооцон  зээлийн хүүг оруулаад  1.853,9  тэрбум ам. долларыг бас Монголын тал Оюутолгой төслийн ашгаас хөрөнгө оруулагчидад төлөхөөр байгаа. Ингэхээр энэ төслийн анхны хөрөнгө оруулалт таван  тэрбум ам. доллар нь  хэвээрээ байна. Уг нь 2007 оны гэрээний төслөөр энэ анхны хөрөнгө оруулалтын хэмжээг 2.7 тэрбум ам.доллар  байсан. Энэ яагаад ингэж нэмэгдсэнийг манай сайд нар аудитаар тодруулна гэсэн боловч өнөөг хүртэл хийгдсэн ажил алга байх шиг байна. Оюутолгойн гэрээгээр Монгол орон өр зээлэнд баригдлаа. Үүнээс гарах арга замыг бид хайж байна. Тэд ийм замаар зүтгэж байгаа. Ялгаа нь энэ л дээ. 
-Айвенхоу Майнз яагаад 66 хувийг эзэмших болов.  Гадаадын хөрөнгийн  бирж дээр Оюутолгойгоор барьцаалж  босгосон мөнгөний  34 хувийг Монголын тал яагаад  авч болохгүй гэж ?
-Айвенхоу Майнз эрсдэлтэй хайгууль хийж нөөц тогтоосныхоо төлөө энэ ордыг ашиглах компанийн 66 хувийг эзэмшихээр болсон баймаар байна. Энэ компани 2000 оноос хойш л манай лицензийн хүчинд олон улсын хөрөнгийн зах зээл дээр компаниа үнэлүүлж хөрөнгө босгосоор ирсэн.Бид гэрээг хэлэлцэж байх үед хөрөнгийн зах зээл дээрээс манай лицензээр босгож байгаа хөрөнгөнд 34 хувиараа оролцох ёстой шүү гэж олон удаа хэлж байсан. Эндээс хөрөнгийн зах зээл дээрхи Айвенхоу Майнз, Рио тинтогийн хувьцааны үнэ, тэр босгож байгаа хөрөнгө Монголд ямар ч хүртээлгүй байгаа. Иймээс л 57-р тогтоолын 1-д 34 хувийг шууд эзэмшихийг зааж өгсөн. Гэтэл өөрийнхөө хөрөнгөөр босгосон 34 хувийн хөрөнгийг  хүүтэй зээлээд явж байна. Энэ гэрээнд Монгол төр өөрийн гэсэн толгойгүй шийдвэр гаргасанаар 1.8  орчим тэрбум ам.долларын  өртэй эхэлж, хүү нь цаг, өдөр тутам үржсээр байна. Гэтэл Айвенхоу Майнз компани хувьцааныхаа 49.5 хувийг Рио тинтод худалдаж 3.6 тэрбум ам.долларын  орлого олсон байгаа. Энэ бүхнийг чинь УИХ-ын нэр бүхий 20 гишүүн судлаж мэдээд үгээ хэлж шаардлага хүргүүлсэн шүү дээ.  
-С.Баярцогт сайд маань Монголын талд үүнээс илүү ашигтай гэрээ гэж хаана ч байхгүй. Хариуцлагыг нь би хүлээнэ гээд байгаа л даа?
-С.Баярцогт сайдын яриад байгаа бүх зүйл хөрөнгө оруулагч талын хийсэн тооцоо,  тэдний санал. Сайд маань  харийнхны  саналыг хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байна.  Зөвлөхөөр ажилласан “Голдмэн сакс” ч Айвенхоу Майнзийн хувьцаа эзэмшигч. Тэр гэрээнүүд ч хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гэрээний төсөл. Манай сайд нар гэрээг хэлэлцэх үеэс эхлээд хөрөнгө оруулагчийн саналыг хамгаалсаар ирсэн. Үүний үр дүнд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварыг тэглэж, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацааг найман  жилээр сунгах зэргээр дандаа хөрөнгө оруулагчийн ашгийг нэмэгдүүлэхэд холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг ЗГ-аас санаачилж батлагдсан. Энэ байдлаас гэрээг байгуулсан сайд нар хэний талд үйлчилж  ирснийг харж болох байхаа. Харин УИХ-ын 57-р тогтоол нь Монголын талын байр суурь байсан бөгөөд, энэ тогтоолыг гэрээ байгуулахад сайтар баримталсан бол Монгол улсын эрх ашиг хангагдах байсан. Олон түмний нүдэн дээр хэлэлцэж баталсан хууль, тогтоомжийн ард л Монголчуудын эрх ашиг байдаг.
-Айвенхоу Майнз компани яахаараа борлуулалтын орлогоо гадаадын банканд авч, хилийн чандад  зарцуулах эрхтэй байдаг юм бэ?
-Татварын  орлого нь бага ч гэсэн Монголын талдаа орох байх гэж найдаж байна. Гэрээнд борлуулалтын орлогыг гадаадад авч, зарцуулж болох заалтыг оруулсан байна лээ. Нөгөө талаас Айвенхоу майнз нь Нидерланд улстай 2002 онд давхар татвараас чөлөөлөх гэрээ байгуулсан юм байна. Гэрээнд заасан хөрөнгө оруулагч болох Айванхоу майнз нь Нидерландад  бүртгэлтэй байсан. Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед зарим УИХ-ын гишүүд үүнийг хэлж байсан. “Рио тинто” компани сүүлийн үед Нидерландад бүтгүүлсэн гэсэн мэдээлэл байна. Давхар татвараас чөлөөлөх гэрээ нь  хөрөнгө оруулагч  компанид аль бага татвартай оронд татвар төлөх сонголт хийх боломжийг бүрдүүлдэг. Энэ гэрээнээс Монголын тал хохирох эсэх талаар судалгаа хийж байна. Сангийн сайд энэ давхар татвараас чөлөөлөх гэрээг хүчингүй болгуулах талаар ажиллаж эхэлсэн гэж өнгөрсөн 7 хоногт ярьж байсан. Уг нь гэрээ байгуулж байх үедээ энэ асуудлыг сайд нар  анхаарч ажиллах ёстой байсан.
-Сангийн сайдын зүгээс УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь Монголд ашиггүй. Харин 34 хувийг  эзэмших нь илүү оновчтой, 50 хувьд хүргэх Монголд улам ашиггүй тусна гэсэн. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Энэ  харин зөв юм ярьжээ. Гэхдээ 34 хувиа хүүтэй мөнгөөр худалдаж авч байгаа гэдгээ баталсан байна. 34 хувийг худалдаж авахаас 50 хувийг худалдаж авахад илүү их хөрөнгө шаардлагатай гэдэг нь ойлгомжтой. Тиймээс л манай лицензээр хөрөнгө босгоод хөрөнгө оруулалт нэрээр зээлж байхад 34 хувиа худалдаж авах нь шудрага ёсонд нийцэхгүй гэж үзээд, тийм заалттай тогтоолыг УИХ-аас баталсан. Иймээс эхлээд гэрээнд өөрчлөлт оруулж 34 хувийг худалдаж авч байгааг зогсоох хэрэгтэй байгаа юм. Эдгээр хувийг  баялагийн эзэн Монголын тал шууд эзэмшсэн тохиолдолд  34 хувьд ногдол ашиг авах, 50 хувьд авах хоёрт зөрүү гарах нь ойлгомжтой. Нөхрийн хэлээд байгаа үгийг ерөнхийд нь дүгнэхэд гэрээ мордохын хазгай болсныг нотлоод байх шиг байна. Хамгийн гол нь Монголын Засгийн газар орд ашиглаж эхэлснээс хойш татвар төлөхийн өмнөх ашгийг хөрөнгө оруулагчтай  ямар хэмжээгээр хуваах, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа уг төслөөс хэд дахин нугалж авахаар байна гэсэн  хоёрхон цэгийг олж харах байсан. Гэтэл хөрөнгө оруулагч талын хийсэн тооцоо, гэрээний төслийг магтаад хамгаалаад явчихсан. Хөрөнгө оруулагч нь төслийн нийт ашгийг бага харагдуулахын тулд хангалттай агууламжтай  зэсийн хүдрийг тооцоонд оруулаагүй, 34 хувьд ноогдох Монголын өрийг оруулаагүй, мөн төслийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо 5О жилээр тооцож Монголын ашгийг ихээр харуулсан зэрэг олон асуудал бий. Энэ бүхнийг Монголын эрдэмтэд судлаад гаргачихсан. Тэдний тооцоогоор энэ төслөөс Монголын талын авах ашиг ямар ч тохиолдолд 50 хувь хүрэхгүй гэдгийг тооцсон байна лээ. Энэ төсөл зөвхөн алт, зэсийн үнийг өнөөгийн ханшаар тооцоход 400 орчим  тэрбум $ -ын борлуулалт, доор хаяж 200 орчим тэрбум $-ын татвар төлөхийн өмнөх ашигтай гэсэн. Тэгвэл энэ ашгийг 50:50 хувиар хуваалаа гэхэд  хөрөнгө оруулагч таван тэрбумынхаа хөрөнгө оруулалтыг 20 дахин нугалж авах нь. Энэ нь хэр шудрага вэ. Өнөөдөр энэ ордын нөөц гэрээ байгуулсанаас хойш  25 орчим хувиар нэмэгдсэн мэдээлэл байна.
-Гэрээнд зэсийн үнийг 4408 ам.доллараар тооцсон юм билээ. Тэгэхээр та бүхний тооцоогоор анхны хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх боломжтой вэ?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын 3-ийн “анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын Засгийн газрын  эзэмших хувийг 50 хувьд хүргэх” гэсэн заалт бий. Харин анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэсэн “хугацааг”  Засгийн газар 30 жил гэж ойлгоод 30 жилийн дараа худалдаж авсан 34 хувиа 50 хувьд хүргэхээр гэрээнд заасан гэж ярьдаг. Энэ  Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр  байгуулах гэсэн заалттай ямар ч холбоогүй. Анхны хөрөнгө оруулалтыг нэг  тн зэсийг  4408 ам.доллараар, нэг унци алтыг 800 ам.доллараар тооцоход 4.7 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөхөөр байгаа. Тэгэхээр уг нь сэтгэл байсан бол энэ хугацааг 15, 20 жилээр гэрээлж болох байсан. Ер нь энэ бүх будлиан 2007 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн өөрийн баялгаа худалдаж авч болох холбогдох заалттай холбоотой. Энэ заалтыг гэрээ байгуулахаас өмнө өөрчлөхөөр хууль санаачилсан боловч бас л ганц, хоёр саналаар уначихсан.
-С.Баярцогт сайд 57-р тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэж ярьсан.Засгийн газар болон “Айвенхоу майнз”, “Рио тинто” нарын хамтарсан мэдэгдэл ч үүнийг баталгаажуулсан биш гэж үү?
-57-р тогтоолыг хэр хэрэгжсэнийг дээр хангалттай тайлбарласан. Хэрэгжээгүй гэдгийг бичиг үсэг тайлагдсан бүх хүмүүс мэдэж байгаа. Хөрөнгө оруулалтын  гэрээ бол энгийн бизнесийн гэрээ. Монголын ард түмэн Засгийн газрыг эсхүл сайд нарыг хөрөнгө оруулагчтай Монголд эрх ашгийг дээдэлж энэ гэрээг байгуулаад ир гэж явуулсан. Гэтэл сүүлдээ хөрөнгө оруулагчтай нэг гэр бүл гэж ярих боллоо. Энэ юу болоод байна. Хөрөнгө оруулалтын хэмжээгээр эдийн засаг өсч байгаа нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагч бүтээн байгуулалтын зардлаа мөнгөөр нөхөөд тэр мөнгөө хэд дахин нугалж ашгаар авч явдагийг ойлгох шаардлагатай байна.Бид гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан болохоос биш бүтээн байгуулалтын ажлыг зогсоо гэж хэлээгүй. Хэрэв зогсоох юм бол тэр хугацаагаар  Монголын төрийн өр, зээлийн хүү нэмэгдэнэ эсрэгээр хөрөнгө оруулагчийн орлого нэмэгдэх тэр эдийн засгийн хэлбэрийн хүлээсийг гэрээгээр хөрөнгө оруулагчдад аль хэдийн олгочихсон. Бусад буурай хөгжилтэй оронд ч ингэж байсныг олон удаа хэлсэн ч тоогоогүй ээ. Тиймээс тэд бардам байгаа. Манай мэдээллийн салбарыг суртачилгааны төлбөрөөр дамжуулан энэ төслийг цаг, наргүй магтуулж чадна гэдэгтээ ч итгэж байгаа байхаа. Сонин юм болж байна.  Ерөнхий сайд нь 57-р тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэсэн хөрөнгө оруулагчтай хамтарсан мэдэгдэл гаргачихаад, дараа нь хэвлэлийнхнийг цуглуулаад гэрээнд яваандаа өөрчлөлт оруулна гэж ярьж байх юм. Энэ хаанаас томилогдсон, хэний Засгийн газрын тэргүүн бэ?. Ийм асуудал гаргаж болно гэж үү. Энэ нь энэ ЗГ-ын гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдгийг баталсан явдал болсон гэж хэлж болно. 
-Яагаад?
-Ерөнхий сайдын ганцаараа хөрөнгө оруулагчтай хамтарч гаргасан мэдэгдэл нь Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хууль зөрчсөн Ерөнхий сайдыг парламентын засаглалтай оронд огцруулдаг. Эсхүл өөрөө огцордог. Ерөнхий сайд ЗГ хоёр ялгаатайг манай Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг Байнгын хороогоор эсхүл УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхгүй гэдэг Байнгын хорооны хурал зохион байгуулах үүрэг бүхий даргатай парламентын засаглалтай орон бас ховорхон.
-Та нарын шаардлагыг хуульд нийцсэнгүй гэж тайлбарладаг. Та үүнд ямар тайлбар хэлэхсэн бол?
-Манай Улсын Үндсэн хууль бусад хуульд зааснаар Ерөнхий сайд дангаараа огцорч болно. Өөртөө ашигтай бол огцордоггүй байж болохгүй биз дээ.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш