logo
Үй түмэн ”тонголзуур”-ын орон

Үй түмэн ”тонголзуур”-ын орон

2011/11/16
Үй түмэн ”тонголзуур”-ын орон
Газрын тосны компани, хэвлэл мэдээллийн төлөөлөл багтсан аяллын багийн Хөлөн буйр аймгийн Хайлаар хотоор хийсэн аяллын тэмдэглэлийг уншигч танд хүргэсэн. Аяллын жолоо цааш Дачин гэх газрын тосны олборлолтын “уурхай” болсон хот руу чиглэж байна. Аяллынхаа гарчгийг хүндэлж явдаг сэтгүүлч эгчийнхээ Дачин хийгээд Хятад нутгаар хөндлөн гулд аялсан түүхээрээ бүтээсэн “Үл сөхрөхийн ухаан” номонд нэгэн бүлгийг нэрийдсэн үгийг асуулгүй зээлж аваад нэрлэчихлээ. Үүнээс оновчтойг одоогоор би олоогүй учир гарчгаа зээлүүлсэн эгч маань ойлгож, бас асуугаагүй ашигласанд зэмлэхгүй байх гэж найдна. Ингээд үй түмэн “тонголзуур”-ын багахан хугацаанд зочилсон тэмдэглэл эхэлж байна.


Анхы сэтгэгдэл алддаггүй

ПетроЧайна Ойл фийлд бол газрын тосны хайгуул, олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг  компани, “ПетроЧайна Дачин Тамсаг” компани бол тэдний “охин” нь гэдгийг өмнөх тэмдэглэлүүдээрээ дурьдаж байсан. Дачин Тамсагийнхаа нөхдийн “удирдлага”-аар бид Дачин хотод үүрийн 4 цаг 30 минутанд хүрэв. Галт тэрэгнээс буугаад аяллын автобусанд шилжиж, зочид буудлыг зорьсон. Мэдээж аянсаж ядарсан хойно эргэн тойрноо ажих манатай байлаа. Өглөөний найман цагт буудлынхаа өглөөний цайг зооглочихоод дахиад л автобусандаа суугаад Дачин хотыг тойрох үндсэн маршрутандаа орсон. Дачин гэдэг үнэхээх үй түмэн тонголзууртай юм байна. Статистик тоогоор бол 22 мянган “морин толгой” буюу “донки” хором бүр тонголзоно. Хараад байхаар газрын тосыг “шуналтай” сороод байгаа ч юм шиг. Хүүхдийн цэцэрлэг, хүн эмнэлэг, зочид буудал, төр захиргааны ордны хажууд хэдэн арваараа морин толгой ажлаа хийж харагдана. Хятад ард түмэн эрүүл мэнд, урт наслалтандаа өндөр анхаарал хандуулдаг хойно хортой, ноцтой байсан бол эмнэлэг сургуульдаа “донки” тонголзуулахгүй л байсан биз.


Ихбаяр их баян хот

Дачин гэдэг нь Да буюу Их, Чин гэдэг нь баяр гэх утгатай үг гэнэ. 1959 онд Хятад улс байгуулагдсаны 10 жилийн ой тохиосон жил газрын тосны их ордыг илрүүлж, хулсан өрмөөр өрөмдөж, тос оргилуулж чаджээ. Тийнхүү Дачин буюу Ихбаяр нэрийг оноон шинэ хотыг сүндэрлүүлсэн нь өдгөөгийн 52 жилийн түүхтэй Дачин хот аж. Дачин уртаашаа 120 км, өргөөшөө 25 км нутагтай, 2,7 сая хүн амтай, цэвэр цэмцгэр, өнгө зүс сайтай хот аж. Бурхны өгсөн хишгийг юм болгож чадсан юм шиг мэдрэмж төрүүлэх энэ хотод өндөр барилга төдийлөн байхгүй нь хөрсний нягтралтай холбоотой бололтой. Эзгүй хоосон талд 50 жилийн дотор ийм том хотыг босгож чадсан юм чинь ухаантайхан залаад хөрөнгө оруулагчтайгаа эвээ олоод явбал бид ч гэсэн 50 жилийн дараа Дорнодын их талд бас нэг Дачинтай болчихож болмоор санагдсан. Манайхан шиг юу юугүй барилга байшин өрөөд эхэлдэггүй, байгаль орчин нөхөн сэргээлт, амьдрах орчиндоо онцгой анхаардаг нь ногоон байгууламж, зүлэгжүүлэлтээс нь харж болохоор. Угаасаа энэ Дачинд баялгийн охь болсон газар шороо л байдаг гэмээр. Энд арав гаруй нефтийн компани үйл ажиллагаа явуулдгаас тал хувь нь хотдоо үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Хулгай зэлгийгээр донки байршуулах асуудал хааяа нэг гардаг байсан ч хатуу чанд хуулиа сахиулсаар үндсэндээ цэгцэлсэн гэж орчуулагч бидэнд сонирхуулсан. Хэдийгээр Дачингийн тосны нөөц шавхагдах тийшээ хандсан ч дахиад 50 жилийн тогтвортой тонголзуулах хугацаа байгаа талаар ч учир мэдэх хүмүүс хэлж байсан.


2060 оны мөнх ногоон ойд уулзъя

ПетроЧайна ойл фийлд компани нийт нэг сая ажилтантай тэдгээрийн 300 мянга гаруй нь Дачин дахь олборлолтын салбартаа ажил амьдралаа залгуулдаг байна. Тус компани Дачингаас жилд 50-60 сая тонн тос олборлодог бөгөөд сүүлийн үед сүүлийн жилүүдэд газрын тосыг усаар бус полиметр гэх бодисоор түрэн хөвүүлдэг шинэ аргаар олборлож байгаа тухай мэдээлэл байна. Түүнчлэн байгаль орчноо нөхөн сэргээх ажлыг олборлох ажилтай уялдуулан зэрэгцүүлэн хийдэг нь анхаарал татсан. Ашиглалтын хугацаа дууссан, нөөц барагдсан газрынхаа хөрсөнд бут сөөг, ерхөг тарьж ургуулан, зүлэгжүүлдэг юм байна. Дачингийн газрын тосыг ашигласны 100 жилийн ой буюу 2060 оныг мөнх ногоон ойд умбуулах хэтийн зорилтыг дэвшүүлсэн гэнэ.


Нефтийн талаар нэвт мэдрүүлэх музей
Дээр дурьдсанчлан 1959 онд анх Дачинд газрын тосны их ордыг илрүүлсэн тэр үеэс эдүгээг хүртлэх бодит түүх, техник технологийн дэвшлийг харуулсан танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой музей Дачин хотын төвд байрлдаг аж. Энэ музей саяхан бууриа сэлгэн, шинэ, том, шилэн ордонд байрлах болжээ. Дотогш нэвтрэхийн тулд тамхичид галаа хураалгаж, гэрэл зурагчид аппаратнаасаа түр хагацах хэрэгтэй болдог юм билээ. Мэдээж газрын тосны талаарх бүх мэдээллийг зурагтай, өнгө будагтай, бүр 1:1 порпорцоор харуулсан моделиуд байгаа учир гал оруулах хориотой юм байна. Тус музей 7 танхимтай бөгөөд түүхэн замнал, техник технологийн дэвшил, ололт амжилтын гэх мэт танхимуудад 10,000 гаруй үзмэрүүдтэй гэнэ. Үүдээр оронгуут газрын тос гээчийг өнөөдрийн ард түмэнд олж, нээж өгсөн буянтнуудын зураг, хөрөг угтана. Нефть гэдэг шидэт тосыг олж илрүүлж, тооцож бодоод, ухаж гаргана гэдэг хүний оюун ухааны бас нэг гайхамшиг төдийгүй газрын хөрсөн дор 5000 орчим метрийн гүнд байгаа тосыг олж тогтоого гэдэг маш нарийн тооцоо судалгаан дээр үндэслэгддэг гэдгийг энгийн бидэнд хангалттай ойлгуулах мэдээллийг музей агуулж байна. Газрын тос гэдэг баялагтай улс орон бүр өмнөх галавт амьдарч байсан ургамал, хүн, амьтан, тэр дундаа үлэг гүрвэлүүдэд талархаж явууштай мэт мэдрэмжийг өгч байна. Сүүлийн үед нефть олборлодог өрөм нь хөгжлийнхөө шинэ шатанд хүрч хажуу тийш, ташуу, муруй чиглэлээр өрөмддөг болсон нь анхаарал татсан. Олон газар нүхэлж, нүдлээд байхгүйгээр олборлох боломж гэж харагдаж байна.


Төмөр хүн буюу хатан зоригтон
Газрын тосны музейгээс гарч Хятадын домог болсон Төмөр хүн хэмээн Ван Жиншигийн музейг зорив. Дачин хотынхон өөрөө оргилсон гэх Сүн жи-3 цооног, түүнийг олж, хулсан өрмөөр өрөмдөж, оргилуулсан ажилчин Ван Жиншиг гүнээ хүндэтгэн домогшуулж, ордон музей босгожээ. Ван Жинши эрхэм 47 насыг насалсан ч агуа их үйлсийг бүтээж чадсанаараа түүхэнд нэрээ мөнхөлж чадсан нэгэн аж. Түүнд зориулсан музейн шат яг 47 ширхэг, музейн барилгын өндөр яг 47 метр бүтээгдсэн нь суут хүний алдар хүндийг ширхэг тоосго бүрээр хүндлэн илэрхийлсэн гэлтэй. Тэрээр 6 настайгаасаа аавдаа туслан, үхэр мал хариулдаг байсан бол 13 настайгаасаа биеэ даан мөнгө олж, гэр бүлийнхээ амин зууулганд нэмэрлэдэг болсон байна. 19 настай цэл залуу байхдаа тэрээр уул уурхайд хөл тавьж, өөрийн түүхийг бичиж эхэлсэн тухай түүний музейн үзмэр бүхэн өгүүлнэ. Өвлийн хахир хүйтнийг Хятад шаахай, хөвөнтэй цамцныхаа хүчээр туулж, хөлдүү газар ухан хулсан өрөм зоосон тэрээр санаандгүй оргилсон тосны цооногийг бөглөх гэж цемент цутгасан ч доош шингэж ороогүйд өөрийн биеээр дотор нь үсрэн орж, сэлэн зуурч явжээ. Түүний хэлсэн хамгийн алдартай үг бол “Би илүү хэд наслах гэж биеэ нөөхийн оронд хэдэн жил дутуу амьдарч газрын тосыг олборлож гаргая” гэдэг байж. Өлсгөлөн дунд өдрийн норм 200 грамм цагаан будаагаа ч идэх завгүй зүтгэсний эцэст тэрээр 1959 онд анхны нефтийн оргилуурын “автор” болж байж. Тэрээр гэр бүлтэй, таван хүүхэдтэй байсан ч өөрийн үйлийн үр шимийг тийм ч олон жил хүртэж чадаагүй юм билээ. Нэг хүү нь багадаа эндсэн ч одоо дөрвөн хүүхэд нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн, Хятадын кадрууд, сайдтай зиндаа нийлэх алба хашицгаадаг гэсэн.  Төмөр хүний музейд тавигдсан ихэнх үзмэр нь Ван Жиншигийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс гадна тухайн үед болж байсан үйл явдлыг жүжигчдээр дахин амилуулан хальснаа буулгасан нь хүний сэтгэлийг эрхгүй хөдөлгөнө. Агуа түүхийг энгийнээр бүтээнэ гэдэг тэр байх.




Чөлөө гарлаа, дэлгүүр хэсье
Бидний аяллын Дачин дахь албан ёсны үйл ажиллагаа Төмөр хүний музей үзсэнээр өндөрлөв. Үдийн хоолоор зоогийн саваа дүүргээд чөлөөтэй үлдсэн хэдэн цагаа дэлгүүр хэсэхэд зориулахаар шийдсэн. Эмэгтэй л хүн болсон хойно гэр бүл найз нөхдийнхөө нүд, сэтгэлийг баясгах жижиг сажиг зүйлсэд цаг зарцуулахад харамладаггүй шүү дээ. Ингээд автобусандаа суугаад Дачингийн баруунаас зүүн тийш нэг цаг орчим явж байж, сэйл зарласан “их дэлгүүр”-т хүрэв. Дачинд ирсэн хүн бүр энэ дэлгүүрээр орох нягуургүй ч ороод гарахад таалагддаг гэж орчуулагч сануулсан юм. Томоохон дэлгүүрүүдийн жишиг болсон тус дэлгүүрт хамгийн түрүүнд хүүхдийн хувцас, гэр ахуйн бараа нүдэнд тусах нь дэлгүүрийн зохион байгуулалттай холбоотой болов уу. Үнийн хувьд хямддаа орохгүй ч сэйл зарласан үнэ нь тийм ч өндөрт тооцогдохгүй байгаа нь бараа таваарын чанар, сонголт арвинтайгаас болж байгаа бололтой. Таалагдаж байна аа. Аяллыг зохион байгуулагчид биднийг гурван группт хуваан нэг нэг хэл ус нэвтрүүлэх хөтөч дагуулсан болохоор ажрах зүйлгүй сонирхлоо. Эцсийн эцэст манайх чинь Хятадын ард түмнээс ихэнх хэрэглээгээ импортолдог болохоор Монголд байдаг зүйлийг нэг их тоохгүй янзтай явж байгаа юм л даа. Тиймээс Монголоос эрээд олдоггүй, зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ л хайж цаг, мөнгөө хэмнэсэн. 

Булга, суусарт дурлагсад Дачинг зорихыг зөвлөе
Хэдийгээр эмэгтэй хүн бүрийн татагдаад байдаг булга гээч үнэт арьсан дээлэнд миний бие нэг их шимтэн дурлаад байдаггүй юм. Харин Дачин дахь аль ч дэлгүүрээр орсон булганы үнэ цэнэ, донж маяг, загвар хийц нь өөрийн эрхгүй хараа булаадаг юм билээ. Зулзаган булганы арьсыг өндөр технологиор чанартай боловсруулан, солонгын долоон өнгөөр хувиргаж, дэгжин чамин загварт оруулан хийсэн дээл урт богиноосоо хамаараад 15 мянган юаниас 50 мянган юанийн үнэтэй байна. Энэ нь монгол мөнгөөр тооцохоор 3 саяас 10 саяын үнэтэй гэсэн үг. Энэ жилээс завсрын хурц тод өнгө зонхилж, булганы үндсэн өнгө халаагаа өгч байгаа бололтой. Цагаан өнгийн булга хамгийн үнэтэйд орох ч ягаан, шар, номин цэнхэр өнгөтэй дээл илүү үнэтэй байх юм билээ. Түүнчлэн булганы үс нь тачир байх тусмаа их үнэтэй байдаг гэж орчуулагч надад зөвлөсөн. Тийм ч байх. Гэхдээ Дачинд байхдаа би энэ мэт мэдээллийн, үнэ ханшны, үс, арьсны учрыг сайн олохгүй байсан. Харин Бээжинд ирээд дэлгүүрт өлгөөтэй булга, суусрыг хараад нүд нээгдсэн гэдгээ мэдсэн шүү. Монгол хүүхнүүддээ хов хүргэхэд нэгэнт мөнгөө үрээд сайхныг эдлэе гэж бодвол Дачинг зорих хэрэгтэй юм билээ. Харин үнэт арьсан эдлэлийн наймаа худалдаа эрхлэгчид түүгээр нэг шүргээд өнгөрөхөд харамсаад байх юу байхав. Орчин цагийн хүрээ хүүхнүүд чанарыг эрхэмлэж, үнийг тоохоо больсон цаг.
За нэг иймэрхүү сэтгэгдэлтэй Дачингийн аяллын хугацаа дууссан. Сэтгэл татсан бүхнээ багтаан сийрүүлсэн энэхүү аяллын тэмдэглэлээ энд хүрээд өндөрлүүлье. Ачаа тээшээ баглаад Бээжингийн зүг нисэх боллоо. Тэнд уулзъя манайхаан.

Үргэлжлэл бий...
Тэмдэглэсэн Э.Болор www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш