logo
 Британийн BURBERRY люкс брэнд дэлхийд тэргүүлж байна

Британийн BURBERRY люкс брэнд дэлхийд тэргүүлж байна

2011/11/19
Дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлэж, худалдан авагчид чамин тансаг зүйлд мөнгө зарцуулах нь багасч, хоол, хүнсний бүтээгдэхүүнд мөнгө зарцуулах нь ихэссэн. Гэсэн ч Их Британийн Люкс тансаг хэрэглээний хувцас болон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 155 жилийн түүхтэй BURBERRY (Бурберри) брэндийн ашиг харин эсрэгээрээ өссөн дүн гарсан байна. Бурберри компани энэ жилийн эхний хагаст 257 сая долларын ашиг олсон бол жилийн сүүлийн хагаст ашиг нь 26 хувиар нэмэгджээ. Компанийн ноогдол ашиг 40 хувиар өссөн байна. Томас Бурберри анх ус нэвтэрдэггүй борооны цув үйлдвэрлэж дэлхийн зах зээлд танигдаж эхэлжээ. Тэд дэлхийн I дайнд Франц болон Британи цэргүүдийн ус нэвтэрдэггүй, бат бөх цувыг үйлдвэрлэж чанараараа олонд илүү танигдсан байна. Бурберри компанийн гүйцэтгэх захирал Анжела Арендтийн ярьж байгаагаар тэд бизнес стратегиэ Бразил, Энэтхэг зэрэг хөгжиж байгаа орнуудын зах зээлд чиглүүлж ажиллаж байгаа юм байна. Хятадад Бурберри брэндийн 60 дэлгүүр ажилладаг. Бразилд шинээр хоёр дэлгүүр нээжээ. Энэтхэгт долоо дахь дэлгүүрээ нээгээд байгаа. Мөн Бурберри компани Саудын Араб зэрэг оронд Франчайз авах эрх олгож байна. Компанийн удирдлагууд хөрөнгө оруулалтад илүү анхаарч жижиглэн худалдаагаа 15 хувиар өсгөх зорилготой ажиллаж байгаа юм байна.  Анжела Арендт дэлхийн хамгийн хурдан өсөн нэмэгдэж байгаа 25 том зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж байна. Бурберри бэрндийн хувьд хамгийн том өрсөлдөгчид нь Италийн люкс Брэндүүд юм. Бурберри, Тайвань, Хонконг, Өмнөд Солонгос зэрэг Азийн баян орнуудын зах зээлд  бүтээгдэхүүнээ  гаргахад анхаарлаа хандуулж байна.   
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш