Лаяоми анх Нигери гаралтай Америкийн иргэн Динибело гэдэг баян эмэгтэйг даган АНУ-д хөл тавихдаа 17 настай байжээ. Чинээлэг эмэгтэй Лаяомид гэрийн асрагчийн өндөр цалинтай ажил амлан Их Британийн хуурамч пасспортоор мөрөөдлийн оронд аваачжээ. Лаяоми ч эхэндээ хүүхэд харж байгаад, удалгүй их сургуульд орж мэдлэгээ дээшлүүлнэ гэж мөрөөдөж явжээ. Гэсэн ч түүнийг АНУ-д очингуут гэрийн зарц боол болгожээ. Динибелогийн гэмт хэргийн сүлжээ илэрч торны цаана суусан ч Лаяоми айдас хүйдэстэй амьдарсан хэвээр байна. Ялангуяа Нигерид байгаа түүний гэр бүлд муу юм тохиолдох вий гэж айж эмээсэн хэвээр байгаа аж. Лаяоми аюулгүйн үүднээс нүүр царай, нэрээ нууцалж, сурвалжлагчид ярилцлага өгсөн байна. Лаяомиг өглөө 6 цагаас босгон өдөр бүр хашаагаа белизнагаар угаалгаж, хашааны зүлгийг тайруулдаг байж. Гэхдээ зүлэг тайрагчгүй учир гараар нь тайруулдаг байжээ. Лаяоми нэг удаа гэрийнхэн нь Нигериээс ярихаар нь утсаа авчихжээ. Динибело ч уурлан хилэгнэж түүнийг 24 цаг унтуулалгүй нүцгэн зогсоож, зодож занчжээ. Түүнээс хойш Лаяомигийн нүүр байнгын хавдар булдруутай явдаг болсон аж. Мөн хөгцөрч муудсан хоол идэж уудаг байжээ. Динибело хэдийгээр шоронд орсон ч Лаяоми хуурамч пасспорт ашиглаж Нэгдсэн Улсад нэвтэрсэн болохоор буцаж чадахгүй ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болсон байна. Боол охин хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон боловч бүтэлгүйтжээ. Лаяоми үхэхийн тулд белизна хүртэл ууж үзжээ. Динибелогийн найз хүүхэн гэрээр нь орж гарахдаа боол охины өвдөж, хавдсан, шалбарсан нүүр царайг нь анзаарчээ. Тэгээд удалгүй түүнийг оргоход нь тусалсан байна. Гэсэн ч жилийн дараа Динибело Нигериэс дахин өөр охин авчран гэрийн боол болгосон байжээ. Жил хагасын дараа Динибелогийн найз хүүхэн мөн л шинэ охинд тусалж оргуулан сүмд амьдруулжээ. Динибелогийн шүүх хурал дээр Лаяоми мэдүүлэг өгөх байтугай түүнийг дахин харахаас зүрх нь эмтэрчээ. Холбооны Мөрдөх Товчоо Лаяомиг Нэгдсэн улсад үлдэхийг нь зөвшөөрч виз олгожээ. Харин Динибело хүний наймааны гэмт хэргээр 11 жил торны цаан суухаар болсон бөгөөд суллагдаад хүчээр Нигери рүүгээ буцаагдах юм байна.
Shuum.mn
Shuum.mn