logo
Зоригт шийдвэрээс эх орончийн цус үнэртдэг

Зоригт шийдвэрээс эх орончийн цус үнэртдэг

2011/11/19
Батлан хамгаалахын төв архив бол Монгол Улсын төрөлж­сөн томоохон архивуудын нэг, эрдэм шинжилгээ, судал­гааны чухал төв юм. Тус архивийн даргаар 1984-2006 онд тас­ралтгүй 22 жил ажилласан хурандаа Тогтохын Оюунбазар эрхэмтэй уулзан хөөрөлдөв. Тэрбээр чөлөөнд гараад байгаа хэдий ч архивдаа үргэлжлүүлэн ажилласаар байгаа архивийн нэвтэрхий толь болсон нэгэн ажээ.
-Та тус архивийн даргаар 22 жил тасралтгүй ажилласан төдийгүй одоо ч мэргэжилтэн, сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байгаа ахмад архивч юм. Та хэрхэн архивтай амьдралаа холбосон бэ?
-Би 1967 оны V сард цэрэгт татагдаж ирээд ардын армийн 089 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан.
Албаа хааж дуусгаад офицерийн курст суралцаж, 1971-1978 он хүртэл салаа, тусгай салааны даргаар ажиллаж байв. Улмаар 1978-1984 онд Москва хотын Түүх архивийн дээд сургуульд суралцаж төгсөөд БХЯ-ны сайдын 1984 оны VII сарын 14-ний 430 дугаар тушаалаар Батлан хамгаалахын төв архивийн даргаар томилогдон ажилласан. Түүнээс хойш 22 жил тус архивийн даргаар ажиллаад 2006 оноос мэргэжилтэн, сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байна.
-Таны өмнө хурандаа Ж.Наадгай 1949-1984 он хүртэл 37 жил архивийн даргаар ажилласан гавьяатай нэгэн юм байна. Энэ хүний талаар дурсана уу?
-Их тааламжтай байна. Миний өмнө тус архивийн даргаар ажиллаж байсан хурандаа Жүдийн Наадгай гуай  бол 1919 онд Ховд аймгийн Зэрэг суманд мэндэлсэн хүн. 1939 онд цэргийн албанд татагдан хоёр жил Цэргийн их бууны удирдах газарт цэргийн алба, 1941 оноос Их бууны газарт эх зохиогч болсон хүн. Улмаар 1949 оноос ЦЯЯ-ны бичиг хэрэг, архивийн тасгийн даргаар ажилласан.  Ийнхүү 1949 оноос хойш 40-өөд жилийн турш архивтай амьдралаа холбосон байдаг. Энэ агуу хүн надад ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үеийн БХЯ-ны удирдлага, тухайлбал сайд хурандаа генерал Ж.Ёндон гуай, ардын армийн Улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Д.Ёндондүйнчир гуай, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, ардын армийн Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж гуай нар надад ажил хэргийн талаар үүрэг өгөхдөө «Энэ олон жил архивт ажилласан хурандаа Наадгай гуайгаас маш их зүйл сурах нь чиний Орост 6 жил суралцсанаас илүү шүү» гэж анхааруулж байж билээ. Тэр үед би 35 настай байж дээ. Ингээд надад хоёр сар шахам хугацаанд туслах дэмжих үүрэг гүйцэтгэн зүгшрүүлээд ажлаа өгч байв. Тэр бол үнэхээр өндөр хэмжээнд бэлтгэгдсэн жинхэнэ мэргэжилтэн байсан даа.
Тэр үеийн манай  БХЯ-ны нийт бие бүрэлдэхүүн хурандаа Наадгай гуайг дээд зэргээр хүндэтгэн үздэг байсан юм. Арга ч үгүй юм даа. Чи бодоод үз дээ. Манай БХЯ-ны архив нь хадгалж буй баримт материалынхаа хэмжээгээр улсдаа хоёрдугаарт ордог том архив шүү дээ.
Өмнө нь ганцхан Үндэсний төв архив л ордог. Тэр үед сайд Ёндон гуай надад  «Энэ архивт Наадгайн гар нь хүрээгүй тийм хуудас байхгүй шүү» гэж хэлж байсан л даа. “Тэддүгээр тавиурын тэддүгээр эгнээний тэддүгээр хуудсанд наад тушаал бичиг чинь байгаа даа» гэхэд үнэхээр л тийм байдаг сан. Ийм л гайхамшигтай хүн байсан даа.
-Батлан хамгаалахын архив анх хэзээ байгуулагдсан бэ?
-Батлан хамгаалахын төв архив нь 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсан үеэс өнөөг хүртэлх Монгол улсын Зэвсэгт хүчний 90 жилийн түүхэн замнал, үйл ажиллагааг харуулсан түүх, эрдэм шинжжилгээ, лавлагаа мэдээллийн ач холбогдол­той баримтуудыг хадгалан хамгаалж, мэдээлэл, лав­лагаа, цэргийн эрдэм шинжилгээний зориу­лалтаар өргөн ашиг­лагддаг судалгааны томоохон төв болжээ.  Монголын хувьс­галчдаас 1921 онд Зөв­лөлт Орос улстай холбоо тогтоож, ул­сын­хаа хойд хилд орчмын нут­гийн ардуудаас журамт цэргийг элсүүлэх, улмаар цэргийн зохион байгуулалтанд оруулж, Ардын журамт цэргийн анхны морьт хороо  /1921.02.21/, Ардын журамт цэргийн штаб /ЗХЖШ- 1921.03.02/, Цэргийн яам /1921.03.24/, Цэргийн сурган боловсруулах газар /УТГ- 1921.05.16/, Бүх цэргийн зөлөл /БЦЗ- 1921.04.10/ тус тус байгуулагдсан тэр цаг үеэс эхлээд Хиагт хот, Нийслэл хүрээг чөлөө­лөх, гамин Бароныг эх орноосоо хөөн зайлуулах талаарх Ардын түр засгийн газрын анхны хурал, зөвлөлгөөний тогтоол шийдвэрүүд болон Цэргийн яам Ардын журамт цэргийн штабаас зэвсэгт тэмцлийг удирдан явуулах талаар гаргасан баримтууд нь хожмын Цэргийн архивийн анхны эх сурвалжууд болсон байдаг.  Япон улс, түүний Квантуны армийн 1939 оны 1 дүгээр сараас манай хил хязгаарт өдөөн хатгах үйлдлүүдээ дахин сэргэсэн байдаг. Энэ үйлдэл нь даамжирсаар 5 дугаар сард Халхын голын байлдаан эхэлсэн билээ. МАХЦ-ийн дайчдын эх орноо батлан хамгаалсан баатарлаг үйлсийг тусгасан холбогдох баримт бичгүүд манай архивын сан хөмрөгт хадгалагдан цэргийн түүхийн судалгаанд өргөн ашиглагдаж, одоо ч судлагдсаар байна.
Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны орлог­чоос 1939 оны 5 дугаар сарын 8-ны өдөр «Цэргийн яам ба Улс төрийн газрын бүх хуучин оны бичиг хэргийг эмхэтгэн цэгцлэх архив байгуулах тухай» 40 тоот тушаал гарснаар зэвсэгт хүчний түүхэнд «Цэргийн архив» хэмээх мэргэжлийн байгууллага эх сууриа тавьсан байдаг.
Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогчоор ажиллаж  байсан корпус командлан захирагч Ц.Лувсандоной гарын үсэг зурсан энэхүү тушаалд «Цэргийн явдлын яам, Улс төрийн газрын хийгээд түүний харьяа газар, хэлтсүүдийн бичиг хэргүүд нь ямар ч эмх журамгүй, алдаж хаягдахад хялбар дөхөмтэй, илт, нууц алин болох нь үл мэдэгдэх зэргээр холилдон самуурч, нууц ба илт бичиг хэргийг хэрхэн хөтлөх тушаал заавраас ангид явж ирсэн болох нь илэрхий» гэж тэмдэглээд Цэргийн яамны дарга нарын газрын дарга Д.Загдгочоогоор толгойлуулсан комисс томилон ЦЯЯ, Жанжин штаб, Улс төрийн газар хийгээд газар хэлтсүүдийн урьд оны бүх илт, нууц хэргүүдийг илрүүлэн гаргаж, хойшид хэрхэн эмх журамтай болгох, хадгалах талаар тодорхой акт гаргаж, архивийг байгуулахыг үүрэг болгон, хуучин оны хэргийг илт ба нууцаар анги ялгаварлаж, түүнийг даган шийтгэх, түүхэнд холбогдохыг үүрд хадгалах, бүртгэл товьёог зохиох, дагаж шийтгүүлэхгүй бөгөөд түүхэнд үл холбогдохыг нь акт тогтоож устгах, энэ ажилд сургагч мэргэжилтэн нарын тусламжийг авч ажиллуулсугай» хэмээн заасан байдаг.
Энэ тушаал гарсан 1939 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг «Батлан хамгаалах төв архив үүсэн байгуулагдсан өдөр» хэмээн үздэг бөгөөд ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны ор­логч, корпус командлан захирагч Ц.Лувсандоной хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдон баривчлагдан шийтгүүлснээс дээрх санал санаачилга нь ажил хэрэг болж хэрэгжээгүй гэдэг.
Дээрх тушаалтай уялдуулан 1939 оны 10 дугаар сарын 30-ны өдөр МАХЦ-ийн Жанжин штабын даргын «Цэргийн яамны газар хэлтсийн өнгөрсөн онуудын хэргийг цэгцлэх тухай» 18 тоот тушаал гарсан боловч жанжин штабын дарга, дивиз  команд­лагч захирагч Ж.Цэрэн баривчлагдсанаар мөн ажил хэрэг болоогүй учир 1939 оны дунд үеэс 1940 оны сүүл үе хүртэл Цэргийн явдлын яамны баримт бичгүүд нь тус тусынхаа газар хэлт­сүүд дээр хадгалагдаж байжээ.
Энэ бүх ороо бусгаа байд­лаас үүдэн МАХЦ-ийн томоохон анги нэгт­гэлүүд болох 1, 4, 5, 6, 7, 8, 10 дугаар морьт дивизүүд, морьт хороодоос гаргаж байсан баримтууд архивт бүрэн шилжин ирэлгүй үрэгдсэн, түүхэнд хар толбо үлдээсэн 30-40-өөд оны улс төрийн хэл­мэгдүүлэлттэй хол­боотой баримт бичгүү­дийг устгасан нь нөхөж баршгүй хохирлыг уч­руулсан байдаг.
-Тэгвэл зүүн хязгаарт байрлаж байсан цэргийн түүхийн зарим үнэт баримтууд устсан явдал гарч байж дээ, тийм үү?
-Тийм ээ. МАХЦ-ийн хороо дивизүүдийн баримт материалууд тухайн үед тодорхой хариуцах эзэнгүй, хадгалах байр сав дутагдалтайн учраас бүрэн биш хадгалагдаж үлдсэн . Тухайлбал, Баянтүмэний V морьт дивиз, Тамсагийн VI морьт дивиз, Байшинтын VII дивиз, Матадын VIII дивиз гэх зэрэг МАХЦ-ийн томоохон морьт дивизүүдийг нэрлэж болно.
Хожим төр засгаас архивийн талаар авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээтэй уялдуулан цэргийн дээд удирдлагаас 1947 оны дундуур Цэргийн яамны шифр нууцын хэлтэст архив ба нууц бичиг хэргийн тасгийн орон тоог бий болгож, тасгийн дарга, хэрэг хөтлөгч, ахлах бичээч бөгөөд нууц бичиг хүргэгч, машины бичээч бүгд 6 нэгжтэйгээр батлан мөрдүүлж, ЦЯЯ-ны сайд, Зэвсэгт хүчний жанжны орлогчийн 1947 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар ахлах дэслэгч Долгорын Шинэнг Жанжин штабын шифр ба нууцын хэлтсийн архив, бичиг хэргийн тасгийн даргаар томилон ажиллуулжээ.
-Одоо тус архивт хадгалагдаж байгаа ховор баримтуудыг танилцуулна уу?
-Батлан хамгаалахын төв ар­хивт МАХЦ-ийн түүхэн замнал, хөгжил дэвшлийг харуулсан 100.000 гаруй хадгаламжийн нэгж / боть/ материал хадгалагдаж байна. Энэ нь 1921-2011 он хүртэлх 90 гаруй жилийн үүх түүх энд хадгалагдаж байна гэсэн үг. Энд хадгалагдаж буй материалуудын онцлог гэвэл МАХЦ-ээс эх орноо батлан хамгаалсан энэ л үүх түүх, намтар цадгийг хадгалж байна гэсэн үг.
Ер нь миний ойлгож байгаагаар бол өнгөрсөн ХХ зуунд Монголын нийгэмд цэрэг армийн гүйцэтгэсэн үүрэг агуу их гэдгийг манай ард түмэн сайн мэднэ. 1911 оны үндэсний ардчилсан хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1932 оны үеийн баруун хязгаарт дэгдсэн эсэргүү хөдөлгөөн, 1934 оны баруун хязгаарт хасгийн дээрэмчдийн довтолгооныг дарсан /үүнийг маршал Г.Дэмид удирдсан/, 1934-1936 оны зүүн хязгаар буюу Булан дэрс, Халхын гол, Халхын сүмээр довтолсон японы түрэмгийлэгчидтэй хийсэн тулгаралт, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1947-1948 оны баруун хязгаарт хасгийн дээрэмчидтэй хийсэн хилийн тулгаралт зэрэг энэ олон дайн байлдаанд МАХЦ-ийн гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа нь өнөө манай архивт хадгалагдаж байна.
Ер нь цэргийн архивт 30-аад жил судлаачаар ажиллаж байхад цэргийн баримт материалд жинхэнэ цэрэг хүний сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, гуниг зовлон, баяр баясгалан, хөлс цус хадгалагдаж үлддэг юм шүү гэж хэлмээр санагддаг юм даа. Үүнтэй холбоотой гуравхан жишээг л дурдая.
Дорнодын хоёрдугаар морьт корпусын даргаар ажиллаж бай­гаад улс төрийн хилс хэрэгт ба­ривч­лагдсан корпус командлан захирагч Өлзийбүрэнгийн Пунцаг хэмээх авьяаслаг дарга хилс хэрэгт гүтгэгдэн шоронгийн давчуухан өрөөнд сууж байхдаа ганцхан шийдвэр гаргасан байдаг. Тэрбээр өмсөж байсан цамцан дээрээ «Би эх орондоо үнэнч» гэж цусаараа бичсэн байдаг.  Энэ хүн бол түүний эцсийн шийдвэр нь, эсэргүүцэл нь, хариу нь шүү дээ. Энэ цустай цамц өнөөдөр манай архивт хадгалагдаж байна. Энэхүү зоригт шийдвэрээс эх орончийн цус үнэртдэг л юм даа.
1945 оны чөлөөлөх байлдаанд МАХЦ-ийн 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, мото механикжуулсан 7 дугаар хуягт бригад, хэд хэдэн тусгай хороо, нисэх дивиз, их буу, танк, холбооны тусгай хороод үүрэг гүйцэтгэсэн байдаг.
МАХЦ-ийн морьт дивиз л гэхэд 3-4000 хүний бүрэлдэхүүнтэй байж. Энэхүү нүсэр цуваа Хянганы нурууг давж Хятадын тал нутаг, Цагаан хэрэм хүртэл эх орноосоо 900 км замд аяны марш үйлдэж чөлөөлөх дайнд оролцсон түүхтэй. Маш халуун бүгчим нөхцөлд байлдааны бүрэн зэвсэг хэрэгсэлтэйгээ тэр их замыг туулсан монгол цэргийн морины туурайнаас яах аргагүй хөлс, тоос үнэртдэг гэж боддог юм.
Эцэст нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод байрлаж байсан 2000 цэрэг дайчидтай 6-р морьт бригад нөгөө алдарт мичин жилийн зудны дараахан юм даа. Улс орноороо зутарсан тэр хүнд нөхцөлд 1944 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын 11 хүртэл Ховд аймгийн Үенч, Буданч хүртэл 2000 гаруй км замыг морин маршаар туулсан байдаг юм. Тэр бэрх тарчиг цагт бригад маш хүнд зам туулсан байдаг.
Их буу, пулемёт зэвсэглэлээ чирж явсан дайчид Говь-Алтайн алдарт Тамчийн давааг давах замд өдөрт нэг цэрэгт шагайн чинээхэн шар тосыг хүнсний норм болгон өгдөг байсан гэдэг. Гэтэл цэрэг дайчид маань тэр жаахан шар тосоо амандаа хийхийн оронд хөлөг мориндоо өгдөг байсны ачаар тэр бэрх давааг давснаар цэрэг эрс хязгааргүй баярлалдан хөөрч байсан гэдэг юм даа. Энэ 72 хоногийн аяны тухай тэмдэглэл манайд хадгалагдаж буй.
Түүнийг уншихад цэрэг эрсийн сэтгэл, хат зориг, нугаршгүй эрмэлзэл, баяр бахдал уншигддаг л юм даа.
-Нэг хэсэг цэргийн албанаас зайлсхийх явдал байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд олон улсын энхийг сахиулах үйлсэд манай дайчид амжилттай оролцох болсон, «Тусгай салаа» кино олны анхаарлыг татсан зэргээс үүдээд цэргийн албаны нэр хүнд багагүй өссөн бололтой. Энэ талаар та юу өгүүлэх вэ?
-Өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн албан хаагч 5000 гаруй дайчид Афганистан, Ирак, Судан, Сьерра-Леон, Чад зэрэг 10 гаруй улсад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Энэ нь манай зэвсэгт хүчний хөгжлийн 90 гаруй жилийн түүхэнд цоо шинэ хуудас нээсэн хэрэг юм. Олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдэж байгаа. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Афганистан руу манай цэргийн шинэ баг үүрэг гүйцэтгэхээр явлаа. Монгол Улсад саяхан айлчилсан Герман улсын канцлер Ангела Меркель манай энхийг сахиулагчидтай уулзсан нь Монголын зэвсэгт хүчний гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлсэн хэрэг боллоо.
Олон улсын тавцанд цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Монгол улсын Зэвсэгт хүчний дайчдын өнөөдрийн энэ алтан хуудсаар, тэр түүхт мөчийг мөнхжүүлсэн гэрэл зургуудаар Батлан хамгаалахын төв архивийн сан хөмрөг улам зузааран баяжиж байгаад нэн баяртай байна даа, ахмад архивчийн хувьд хэмээн тэрбээр өгүүллээ.  Түүний ажилласан жилүүдэд тус архив зориулалтын байр савтай болж, мэргэжлийн өндөр ур чадвартай, ажилсаг эвсэг хамт олон бүрэлдсэний дээр 90-ээд оны эхэн үеэс ОХУ-ын цэргийн архивуудтай ажил хэргийн хэлхээ холбоо тогтоон хөгжүүлсний ачаар хоёр орны цэргийн хамтын ажиллагааны баримт бичгүүдийг эрэн сурвалжилж, Монголын цэргийн түүхийн судалгаанд холбогдох ховор үнэт баримтуудаас хуулбар хийн авч, сан хөмрөгөө арвижуулан баяжуулж, хэвлэн нийтлэх буянтай ажил дэлгэрсэнийг онцлон тэмдэглэх учиртай байх.
-Архивийн даргаар 35 жил ажилласан Ж.Наадгай дарга таныг хойно архивийн сургуульд суралцаж байхад тань Оросын архивийн байр сав ямар байдгийг судалж ирэх үүрэг даалгавар өгснөөр та тус архивийн барилгын зураг төслийн эхийг тавьсан гэж дууллаа. Энэ талаар ярина уу?
-Тиймээ Хурандаа Ж.Наадгай гуайтай холбоотой ийм явдал болж, 1980 онд миний бие цэргийн архивын зориулалтын шинэ байр барих асуудлыг ярьж хөөцөлдөж байлаа.
“Цэргийн архивын барилгын зураг төслийн  талаар сайн зураг олж ир” гэсний  дагуу улсынхаа Элчин сайдын яамны цэргийн атташегийн шугамаар саналт хүсэлтийг нь холбогдох газарт тавьснаар ар­хивийн барилгын ерөнхий зураг төслийн хувь хуулбарыг авчирч энэ зургийн дагуу барилга баригдснаар 1988 онд ашиглалтанд орсон юм.
Жич: Нийтлэлд тавигдаж буй дээрх зургууд нь Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа байгаа бөгөөд анх удаагаа олны хүртээл болж байна.
С.Энх-Амар
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш