logo
Каддафигийн хүүг баривчилжээ

Каддафигийн хүүг баривчилжээ

2011/11/21
Хурандаа агсан Муаммар Каддафигийн хүү Сэиф ал-Исламыг баривчилсан гэж Ливийн Хууль зүйн сайд мэдэгдлээ. Түүнийг баруун өмнөд хэсгийн Обари хотын ойролцоогоос баривчилсан гэнэ. Хуучин удирдагч Каддафигийн хүү бол түүний дэглэмийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм.
Олон улсын эрүүгийн шүүх 39 настай Сэиф ал-Исламыг эцгийнх нь эсрэг гарсан бослогын үеэр ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрэн сурвалжилж байжээ.
 
Ливийн Сабха хотод байдаг нэгэн бүлгийн Facebook хуудсанд Сэиф ал-Исламын баривчлагдсаны дараах зургийг тавьжээ. Ливийн Үндэсний Шилжилтийн Зөвлөлтэй холбоотой Зинтаны бригадын командлагч хэвлэлийн хурал дээр Сэиф ал-Исламыг хэд хэдэн туслахынх нь хамт баривчилсан гэж мэдэгджээ. Туслахууд нь түүнийг хөрш Нигери рүү гаргах гэж байсан гэнэ.
Дайчин Висам Дугхали Ливийн телевизэд хэлэхдээ "Бид түүнийг засгийн газрыг байгуултал аюулгүй байлгахын тулд Зинтан руу шилжүүлнэ, үүний дараа түүнийг шилжүүлж өгнө" гэжээ. Тэрээр Сэиф ал-Исламыг шархдаагүй гэж мэдэгдсэн ч Facebook дээрх зурган дээрээс түүний баруун гарын хуруунууд боолттой байгаа нь харагдаж байна.
ҮШЗ-ийн хууль зүйн сайд Мохаммед ал-Аллагуй Сэифийг баривчилсныг баталсан бөгөөд түүнийг нийслэл Триполи руу удахгүй шилжүүлнэ гэж мэдэгджээ.
Сэиф ал-Ислам нь наймдугаар сард ҮШЗ-ийнхэн Триполийг хяналтандаа авснаас хойш баригдаагүй байсан. Харин түүний эцэг хурандаа Каддафи 10-р сарын 20-нд босогчдод баривчлагдсаныхаа дараа хөнөөгдсөн юм. Ливийн шилжилтийн засгийн газар түүний үхлийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Оны эхээр дэгдсэн бослогын үеэр босогчдын эсрэг уриалга гаргаж, уран яруу зүйл ярьж байсан Сэифийг "залуу Каддафи" гэж үздэг Ливичүүд түүнийг баривчлагдсанд ихээхэн баяртай байгаа гэнэ. Сэйф баривчлагдсан тухай мэдээг дуулсан Триполи хотын иргэд баяр хөөр болсон байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш