logo
Шинэ цагийн хуучин хүү /хошин өгүүллэг/

Шинэ цагийн хуучин хүү /хошин өгүүллэг/

2011/11/21
Хотын байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа. Хогтой гудамж, донсолгоотой замыг дагасан шавар барилгууд хөл ихтэй. Дөрвөн зүгт бүв бүүдийн уйтгартай, гашуун хар утаа хоолой хорсгоно. Зуны лүгхийм халуун нимгэн байшинг шарж, эзэн хүний сэтгэлийг бухимдуулна. Орцны үүдээр шар тор хог болон үргэлжилж, үүгээр түүгэр золбин ноход газар шиншлэн гүйнэ. Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл Туул голыг өгсөн уруудан нүүж, их хотыг эргэн тойрон нутагласаар энэхүү ертөнцийг эцэслэнэ.

Гавж Жамбал Ганданд сууж бурхан ном хэмээн буруу зөв чалчих ба сайд Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. Тэртээ далайг гаталбал усгүй, дээд тэнгэрийг нэвтэлбэл гариггүй хэмээн сэтгэсээр түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө мөнгө бодож, үдэш архинд нэвчсээр нэг насыг харанхуй манан дотор барна.

Хуучин хүү яажиг дугуйндаа хайнгадуухан сууж шороо манаргасаар хүрч ирэв. Эрээн “панда”-гаар толгойгоо боожээ. Халзан толгойны нь хуйханд хөлс дааварлаж, шанаа руу нь зам татуулан урсана. Урагдаж навтарсан цамцаа бүсэлхийгээрээ ороож, шивээс дүүрэн цээжээ ил гаргажээ.

Тапхийтэл дугуйнаас бууж, тасхийтэл хайс түшүүлээд тос болсон ханцуйгаараа наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүрхийтэл нийгээд байшинд оров. "Балдангийнх байшин барьж байгаа, Цэндийнх зугаалганд явсан, Гомбо Эрээнээс оймс дараад ирсэн" гэх хэвийн хэдэн үгийг дарга захирал хүмүүстээ сонин болгон ярьж, "Босс оо гэж доогуур харан, боол нь гэж дорой дуугарсаар өлгүүр хавьд сууна. Авгай хүүхдээс аяга кофе, хэсэг талх олж идээд тэндээс гарч баян Балжирын барааг зөөж зуугийн ундаа, хоёр хуушуур олж ходоодоо бордоод нэгэн үдийг өнгөрөөнө. Дэндэв даргын машиныг угаан хэрчим хиам олж идэн нэг үдшийг барна. Хэдийгээр ухаан сэргэлэн боловч зүүн аймгийн барааг харсангүй, баруун зүгийн улсыг мэдсэнгүй. Зөвхөн 5-н дүүргийн эргэн тойрон оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох аж. Нас хэдий залуу боловч үгээгүй ядуу өнчин балчир тул энэ хавийн хүмүүст ээлжлэн зарагдсаар олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Өвлийн хүйтнийг гарааш манан өнгөрүүлж, зуны халууныг гүрүүшиг хийн гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ. Лам, захирал хоёрын үгнээс үнэн юмгүй Сонгино хайрхан, Баян зүрх, Чингэлтэй, Богдхан дөрвөн уулнаас цааш явах чадалгүй хөмөрсөн тогооны доторхтой адил хотын хүнд нөхцөлд хүмүүжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, Юутай хайрлалтай залуу нас вэ? Энэ гунихралтай байдлаа хуучин хүү өөрөө яахин мэднэ.

Хуурамч дарга, худалч ламын гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод энэ хотынхны ихэнх нь хуучин хүүгийн нэгэн адил нүдээ аньж, чихээ бөглөж ертөнц гэж чухам юу болохыг ухаарч ойлголгүй хоосон хоцроход тулжээ. Хайран хайран, хөөрхий хөөрхий...

Гэтэл хуучин хүү өр тавьж зээл авсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч нэгэн айл гэр сэргэв. Тэнгэрийн хаяанаас цааш улс орон байдгийг мэдэж, таван далай, таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.

Бар Монгол баар Монгол болов
Боол хүү босс хүү болов
Юутай завшаан юутай баяр.

Б.Батчимэг /Өвөрхангай/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш