logo
Зурагт хэтэрхий их үзэх нь нас ахимаг эмэгтэйчүүдийг сэтгэлээр унагаж мэднэ

Зурагт хэтэрхий их үзэх нь нас ахимаг эмэгтэйчүүдийг сэтгэлээр унагаж мэднэ

2011/11/21
Зурагт хэтэрхий их үзэх, эсвэл хангалттай дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг нь нас ахимаг эмэгтэйчүүдийг сэтгэлээр унагаж болохыг шинэ судалгааны дүн харууллаа. “American Journal of Epidemiology” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд дасгал хөдөлгөөн илүүтэй хийдэг эмэгтэйчүүд хааяа хөдөлдөг эмэгтэйчүүдийг бодвол сэтгэл санаагаар унах нь 20 хувь бага байгааг судлаачид олж тогтоосныг дурджээ. Харин долоо хоногт телевиз үзэхэд  илүү их цагийг зарцуулах тусам сэтгэлийн хямралд өртөх эрсдэл өндөр юм байна.
Судалгааг ахалсан Харвардын Бостон дахь олон нийтийн эрүүл мэндийн  сургуулийн  Мичел Лукас хэлэхдээ биеийн хөдөлгөөн сайн хийх тусам сэтгэлээр унах эрсдэл төдий чинээ бага гэжээ.
Судлаачид судалгаанд оролцсон 50.000 орчим эмэгтэйн мэдээллийг судалсны эцэст дүгнэлтээ гаргасан байна. Оролцогчид 1992 онд долоо хоногт телевиз үзэхэд хэдэн цаг зарцуулдаг байснаа бичжээ. Мөн тэд 1992 оноос 2000 оны хооронд алхах, дугуй унах, гүйх, сэлэх зэрэг биеийн хөдөлгөөнийг хэр давтамжтай хийдэг байсан бэ гэсэн асуултуудад хариулсан байна.
Судлаачид дүгнэлтээ гаргахдаа 1996 онд сэтгэл хямралд өртөөгүй эмэгтэйчүүдийг хамруулжээ. Дараагийн 10 жилийн хугацаанд сэтгэл хямралд өртсөн 6.500 шинэ тохиолдол тэмдэглэгдсэн байна.
Судлаачид жин, тамхидалт гэх мэт сэтгэл гутралтай холбоотой эрүүл мэнд, амьдралын хэв маягийн хүчин зүйлүүдийг тооцсоны дүнд өдөрт 90 болон түүнээс дээш минут дасгал хөдөлгөөн хийдэг байсан эмэгтэйчүүд өдөрт 10 болон түүнээс доош минут дасгал хийдэг байсан эмэгтэйчүүдийг бодвол сэтгэл гутралтай гэж оношлогдох магадлал 20 хувь бага гэж дүгнэжээ.
Харин өдөрт гурав болон түүнээс олон цаг зурагтны ард суудаг эмэгтэйчүүд хааяа зурагт үздэг эмэгтэйчүүдийг бодвол сэтгэл гутралтай гэж оношлогдох магадлал 13 хувь илүү байдаг байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш