logo
ШТС-ын түгээгчийг хөнөөн, мөнгө дээрэмджээ

ШТС-ын түгээгчийг хөнөөн, мөнгө дээрэмджээ

2011/11/22
Төв аймгийн Батсүмбэр суман дахь ШТС руу дээрэмчид дайран, түгээгчийн толгойд буудан хөнөөсөн хэрэг өчигдөр үүрээр гарчээ. Хэрэг гарах үед тус станцад хоёр хүн ажиллаж байсан бөгөөд тэд нэг гэр бүлийнхэн байж.  Гэмт этгээдүүд эхнэр Д-ийн толгойн тус газар буудаж амийг нь хөнөөгөөд нөхөр Л-ийн гуянд нь хутгалж гэмтээжээ. Тэгээд ойролцоогоор гурав орчим сая төгрөгийг дээрэмдээд зугтсан байна. Хохирогч Л-ийн мэдүүлж буйгаар гэмт этгээдүүд гурвуулаа байсаг бөгөөд нүүрэндээ баг өмссөн учраас нүүр царайг нь харж чадаагүй аж. Мөн машинаа ойр тавиагүй учраас бас харж чадаагүй юм байна. Тэд ШТС-ын байрны  хаалгыг үүрээр тогшжээ. Дээрэмчид “хээр шатахуун дуусчихлаа” хэмээн хэлээд хохирогч Л-ийг шатахуун өгөхөөр гарч ирэхэд нь цохиж унагаан гуянд нь хутгалсан байна. Харин нөгөө хоёр нь энэ хооронд байр руу орж унтаж байсан эмэгтэй Д-г буудан мөнгийг нь дээрэмдээд хэргийн газраас зугтжээ.Хохирогчид 37 орчим насны залуус бөгөөд хоёр хүүхэдтэй юм байна. Хэргийн газар дээр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш