logo
Цагдаагийн 23 албан хаагч байртай боллоо

Цагдаагийн 23 албан хаагч байртай боллоо

2011/11/22
Төв аймгийн Заамар сумын Цагдаагийн хэлтсийн 23 алба хаагч шинэхэн орон сууцтай болжээ. Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа гэр орон сууц, нийгмийн асуудал, эрүүл мэндийн хөтөлбөр, тус байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Заамар сумын цагдаагийн хэлтсийн дарга санаачлан, хэлтсийнхээ 23 алба хаагчийг зах зээлийн үнээс хямд үнэтэй,чанарын өндөр төвшинд баригдсан орон сууцанд амьдруулах төсөл боловсруулсан нь ийнхүү өвлийн их хүйтэнтэй уралдан ажил хэрэг болжээ. Хамгийн сайн, чанарын өндөр төвшинд, зах зээлийн үнээс хямд гэсэн уриатайгаар ажлаа эхлүүлсэн тус хэлтсийнхэн өнөөдөр Төв аймгийн төвд 5 давхар 23 айлын орон сууцыг м2-ыг 400 мянган төгрөгт багтаан төлбөрийг нь банкны урт хугацааны зээлд хамруулсан байна. Заамар сумын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн ахмад Д.Цогтбаяр, “Монгол Улсын цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын дийлэнх нь залуучууд. Алба хаагчдыг авлигад өртүүлэхгүй байх, албаа сэтгэл тайван хаахад хамгийн түрүүнд нийгмийн асуудлыг төгс биш юм гэхэд тодорхой хэмжээнд шийдвэрлэж өгөх нь чухал. Халаасны өрөө, эсвэл хадмындаа амьдардаг цагдаагийн нүдний гал өөрийн гэсэн байртай алба хаагчаас арай өөр байдаг. Нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдвэрлэж өгчихөөд тухайн алба хаагчаасаа ажлын өндөр бүтээмж шаардаж болно. Үүнээс гадна Улаанбаатар хотод байдаг тав тухтай орон сууцанд орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид амьдрах боломж байдгийг харуулахыг зорьсон. Энэ утгаараа  эхний ээлжинд 23 албан хаагчийг зах зээлийн үнээс хямд өртөгөөр, урт хугацааны зээлд хамрагдах боломжтой, чанартай орон сууцанд амьдрах боломж нөхцлөөр хангаж байна” гэсэн юм.
 Барилгын ерөнхий хийц нь төмөр цутгамал. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн А3-ын арматур болон Улаанбаатар  менежментийн А1-ийн арматурыг ерөнхий карказ хийцэнд ашиглаж ажиллажээ. Дандаа хоёр өрөө, 52.1 мкв-тэй нь 20 сая 800 мянган төгрөг, 64.7 мкв-тэй хоёр өрөө нь 25 сая 800 мянган төгрөгийн өртөгтэйгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа нь энэ юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш