logo
Урсгал зардлыг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ

Урсгал зардлыг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ

2011/11/22
УИХ дахь МАН-ын бүлэг 2012 оны төсвийн талаар хэлэлцсэн байна. Хуралдааны дараа  бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийв. МАН-ын бүлэг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг авч хэлэлцээд урсгал зардлыг 2011 оныхоос хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрсэн гэлээ. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихаас бусад хөрөнгө оруулалтын зардлыг царцаах шийдвэрт хүрчээ. Тухайлбал, шинээр контоор барихад зориулж 161 тэрбум төгрөг, Засаг даргын Тамгын газрын байр барихад зарцуулах 97 тэрбум төгрөг, шинээр авто машин худалдан авахад зориулж 14 тэрбум төгрөг, төрийн албанд шинээр орон тоо бий болгоход 47 тэрбум төгрөгийг 2012 оны төсөвт суулгасныг бүгдийг царцаах боломжтой гэж үзсэн байна. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн зардлыг ирэх онд 300 тэрбум төгрөгөөр бууруулах боломж бүрдэж байгаа аж. Гэхдээ нэр бүхий зургаан аймагт хөрөнгө оруулалт хэт бага байгааг эргэн нягтлах, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг ямар арга замаар нэмэгдүүлэх вэ гэдгийг судлуулж ажиллуулахаар ажлын хэсэгт чиглэл өгчээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш