logo
Закария: Хятад улс бодлогоо өөрчлөх хэрэгтэй

Закария: Хятад улс бодлогоо өөрчлөх хэрэгтэй

2011/11/22
Өнгөрсөн 7 хоногт болсон АПЕК буюу Ази Номхон Далайн Орнуудын Эдийн Засгийн  чуулга уулзалтаас харахад дэлхийд шинэ дэг журам тогтож байна. Шинэ Геоплитик эхэлж байна гэсэн дүгнэлтэд хүрч болох юм. Учир нь олон 10 жилийн турш АПЕК-ийн орнуудын уулзалтаар АНУ, Азийн аль улсыг илүү анхаарч хамтарч ажиллах гэж байна. АНУ, Азийн аль улсад илүү чиглэсэн бодлого явуулах байна гэж тэд анхааралтай ажигладаг байв. Хэдийгээр Обама АНУ нь Азийн улсуудын сайн сайхны төлөө тус бүс нутагт үүрэг гүйцэтгэдэг гэж мэдэгдсэн ч үнэн хэрэг дээрээ АНУ болон Хятадын нөлөөний цар хүрээ солигджээ. Азийн улсууд Хятадыг илүү сонирхож, Хятадыг илүү анхаарч, Хятадаас илүү болгоомжилдог цаг үе иржээ гэдгийг саяын АПЕК-ийн уулзалт харуулсан гэж болно. Хятад улсын загасчдын онгоц Японы усан хилийн харуулын онгоцтой мөргөлдөж, дээрэнгүй хандсан. Дундад улсын өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цэрэг зэвсгийн хүчнээс Азийн улсууд болгоомжлох болсон. Хятадууд Зөвхөн Ази гэлтгүй Африкийн улсуудад их хэмжээний хөрөнгө оруулж, эдийн засгийн хувьд ноёлж, тэдний дотоод хэрэг, бодлогод нөлөөлж эхлээд байгаа. Саяхан Замби улсад болсон сонгуульд Хятадын талыг баримталсан, Дундад улстай хамтарч ажиллахаар амлалт өгч байсан улс төрч ялалт байгуулж, үндсэндээ эдийн засгийн хувьд  Хятадаас хараат болж байна гэсэн үг юм. Замби улсад зэсийн асар том нөөц орд байдаг. Хятадын төрийн мэдлийн компаниуд Замбийн зэсийн үүлдвэр, уурхайг эзэгнэн сууж байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч, Хятадын хөрөнгө оруулагчдад тал засч, байнга хүндэтгэлийн зоог барьдаг. Учир нь Замбийн төсвийн гуравны хоёрыг зэсийн үүлдвэрээс олсон ашгаар бүрдүүлдэг.  Хятад улсын хөрөнгө оруулалт Замбийн төсвийг бүрдүүлж байна.
АНУ ч мөн шинэ дэг журам тогтож, геополитик өөрчлөгдөж байгааг харж байгаа. Америкийн Бүгд Найрамдахчууд Хятадын бодлогыг эрс шүүмжлэх болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд Обаматай өрсөлдөх магадлал өндөртэй байгаа, бусдаасаа өндөр рейтингтэй яваа нэр дэвшигч Мит Ромний Хятадын талаар хүчтэй мэдэгдэл гаргасан. Тэрээр “Хятад улс мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг зориуд доогуур барьж, зах зээлийн хууль бусаар бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлж байгаа нь Америкчуудыг ажилгүй болоход нөлөөлж байна” гэж ил тод, хурцаар мэдэгдсэн юм. Мит Ромний Бүгд Найрамдах намын сүүлийн 40 жилийн бодлогыг өөрчилсөн мэдэгдэл хийсэн гэж хэлж болно. Ерөнхийлөгч Никсон болон Төрийн нарийн бичгийн дарга асан Кессенжер нар Хятадын талаарх бодлоо өөрчилж, тулж харьцаж эхэлснээр 1970-аад оноос Дундад улсыг дэлхийд нээж өгсөн. Харин Мит Ромний энэ бодлогыг өөрчилж байна. Зарим судлаачид АНУ бодлогоо өөрчилж, Хятад шиг бодлого явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Харин үнэн хэрэг дээрээ Хятад улс бодлогоо өөрчлөх ёстой юм. Дундад улс дэлхийн нөлөө бүхий, хариуцлагатай гүрэн болж ирж байна гэдгээ хүлээн зөвшөөрч, бусдын эрх ашгийг харгалзан үзсэн тэнцвэртэй зөв бодлого явуулах хэрэгтэй болж байгаа юм. Учир нь Хятад улсын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа болгон нь бусад улсуудын анхаарлын төвд ороод байна. Эдийн засгийн хувьд бусдын эрх ашигт шууд нөлөөлдөг болсон гэж шинжээчид үзэж байна 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш