logo
Египетчүүдийн тэвчээр алдрав уу?

Египетчүүдийн тэвчээр алдрав уу?

2011/11/22
Ням гаригт Египетийн Кайр хотын Тахрирын талбайд цугласан олон мянган жагсагчид эрх барьж буй цэргийн зөвлөлийн генералуудыг нэн даруй огцрохыг шаардсан байна.  Харин армийн албан хаагчид болон цагдаа нар жагсаалыг тарааж, талбайг чөлөөлөхийн тулд нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашиглажээ. Гэвч оны эхээр хувьсгал гарснаас хойш шилжилтийн үйл явц удаашралтай байгаад уурлаж бухимдсан жагсагчид цагийн дотор талбайд эргэж ирсэн байна.
Хоёрдугаар сард Хосни Мубаракийг огцруулснаас хойш энэ удаагийнх шиг удаан үргэлжилсэн жагсаал болж байгаагүй юм. Шилжилтийн үйл явцыг эхлүүлэх парламентын сонгууль болохоос долоо хоногийн өмнө төрийн мэдлийн мэдээллийн агентлаг жагсаалын хоёр дахь өдөр буюу ням гаригт 11 хүн амь үрэгдэж,  192 хүн шархадсан гэж мэдээлсэн байна. Ингэснээр нийт амь үрэгдсэн хүний тоо 13 болж, шархадсан хүний тоо мянгаас хол давжээ.
Александриа, Суэц, Асван хотуудад ч жагсаал болсон байна.
Жагсагчид эрх барьж буй цэргийн зөвлөлийн удирдагчдыг шилжилтийн үйл явцыг хянах явцдаа эрх мэдлээ авч үлдэх гэж байна хэмээн буруутгаж байгаа аж.
Харин маршал Мохамед Тантавигийн тэргүүдэг зөвлөлийн генералууд үүнийг няцааж, үймээн самуунаас болж ирэх 28-нд эхлэх парламентын сонгууль хойшлогдохгүй гэж мэдэгджээ. 
Гэрчүүдийн хэлснээр цагдаа нар олон арван хүнийг баривчлан саатуулсан байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт исламистууд болон залуу идэвхитнүүд цэргийн зөвлөлийн санал болгосон үндсэн хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж байжээ. Тэдний хэлснээр уг хууль батлагдвал засгийн газар сонгогдсоны дараа цэргийнхэн хэтэрхий их эрх мэдэлтэй болох юм байна. Мөн хуулийн төсөлд 2012 юм уу 2013 оны сүүл хүртэл ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахгүй гэж тусгасан нь сөрөг хүчнийхнийг бүр ч бухимдуулжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш