logo
Н.Энхбаярын нарийн бичиг асан Б.Тулгыг саатуулжээ

Н.Энхбаярын нарийн бичиг асан Б.Тулгыг саатуулжээ

2011/11/23
Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаярын гэх хэрэгт холбогдуулан Б.Тулга гэх залууг хууль хяналтынхан өчигдөр саатуулжээ. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нарийн бичгээр нь ажиллаж байжээ. Одоо ч түүний зарим нэг ажилд тусалдаг гэнэ. Түүний ах Б.Хуягийн "Хар дун" компанид "Өргөө" зочид буудлыг НИТХ-ын 2007 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 159 тоот тогтоолоор шилжүүлсэн байдаг. Ингэхдээ Нийслэлийн өмч хувьчлалын газрынхан ямар ч тендер зарлалгүйгээр шууд тогтоол гаргасан нь Н.Энхбаярын нэр нөлөө орсон гэж хуулийнхан үздэг юм билээ. Дараа нь "Өргөө" зочид буудал Н.Энхбаярын том хүү Э.Батшугарын эзэмшлийнх болсон. Дээрх хэрэгт холбогдуулан Б.Тулгыг саатуулж 14 хоног баривчлах болсноо хуулийнхан мэдэгдсэн байна. Түүнийг хууль хяналтынхан өчигдөр 17 цагийн үед саатуулан мэдүүлэг авч эхэлжээ. Ах Б.Хуягийг нь цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа аж. Дугаар шилжих мөчид Б.Тулгыг цагдаагийнхан цагдан хорьсон, сулласан эсэх нь тодорхойгүй байв. МАХН-ын эх сурвалжаас авсан мэдээллээр "Б.Тулгыг цагдаагийнхан байцааж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь цагдан хорьж магадгүй хэмээн түгшиж байгаа гэнэ. Н.Энхбаярт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгээ Нийслэлийн прокурорын газрын прокурор н.Жадамбаа албан ёсоор мэдэгдсэн байна лээ" гэсэн мэдээллийг өглөө.

Г.ЯЛГУУН
"Өнөөдрийн сонин" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш