logo
Эрчим хүчний зохицуулах хороо аймаг бүрт орон тооны гишүүнтэй болно

Эрчим хүчний зохицуулах хороо аймаг бүрт орон тооны гишүүнтэй болно

2011/11/24
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг нь тодорхой болгох, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий болсон учир дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд  цахилгаан, дулааны үнэ тариф, түүнийг үйлдвэрлэхэд ашиглагдах түлшний үнийг хянах механизм нь төдийлөн уялдаатай биш байгаа аж. Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал, урт хугацааны зохицуулалтын механизм үгүйлэгдсээр байгаа бөгөөд дээр дурдсан хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох зэрэг нь Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах практик шаардлага болжээ.
Уг төслийн талаар болоод төслийг ажлын хэсгээр хэлэлцсэн тухай УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариултаа авлаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрчим хүчний зохицуулах зөвлөл гэж байсныг Хороо болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хороо аймаг бүрт салбар, орон тоотой байх нь. Одоо хууль батлах бүртээ орон тоо, зардал нэмдэг болоод байна. Ирэх онд Төрийн албан хаагчдын тоо 9500-гаар нэмэгдэхээр болж байна. Манай улс эрчим хүчийг нэгдсэн бодлогоор зохицуулж чадаж байгаа. Ингэж чадаж байхад Хороо болгон өргөтгөж, зардал, төсөв, орон тоо нэмэх шаардлага байгаа юм уу хэмээн лавлалаа.
УИХ-ын гишүүн А.Тлейханы тайлбарласнаар, Зохицуулах зөвлөл гэхээр олон нийтийн байгууллага юм шиг болоод байгаа учир мэргэжлийн байгууллага гэдэгт нь тохируулан Зохицуулах хороо болгон оруулж ирж байгаа аж. Хуучин Зохицуулах зөвлөл аймаг бүрт орон тооны бус гурван гишүүнтэй юм байна. Энэ гурван гишүүн нь бүгд мэргэжлийн бус байдаг бол шинэ хуулиар нэгийг нь орон тооны болгон, тэр хүн нь мэргэжлийнх байхаар тусгасан байна. Эрчим хүчний үнэ, тарифын талаар маргаан их гардаг болохоор мэргэжлийн хүн тооцоогоо хийж үндэслэлээ гаргах шаардлагатай болоод буй аж. Урамшуулал аван явдаг орон тооны бус гурван гишүүний нэгийг нь орон тооны болгосноор төсөвт ачаалал нэмэгдэхгүй гэж А.Тлейхан гишүүн тайлбарлалаа. Тус зөвлөл нь төсвөөс нэг ч төгрөг авдаггүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хураамжаар санхүүжиж явдаг юм байна.
Ямартай ч эрхэм гишүүний хэлснээр энэ хуулийн төсөл батлагдсанаар эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих үед Зохицуулах хорооны бие даасан байдал бүрэн хангагдсан байх юм байна. Гишүүд ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Г.Бурмаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш