logo
Ялах эсвэл ялагдах нь тархины эд эсийг идэвхижүүлдэг

Ялах эсвэл ялагдах нь тархины эд эсийг идэвхижүүлдэг

2011/11/24
Нас ахих тусам хүний тархины үйл ажиллагаа муудан ой тогтоолт суларч, аливаа зүйлийг хурдан сэтгэн бодох чадвар алдагддаг. Эмч нар хижээл насныханд үгийн сүлжээ бөглөж, гадаад хэл сурахыг зөвлөдөг. Гэхдээ мэргэжилтнүүдийн олонх нь ийм арга нь тийм ч үр дүнтэй биш гэж үзэж байна. Саяхан судлаачид тархины эд эсийг сэргээгч шинэ арга санал болгожээ. Хүний тархи ямар нэгэн тоглоом эсвэл тэмцээний үеэр ялан дийлэх хүсэлд автдаг нь тархины бараг бүх хэсгийг идэвхжүүлдэг болохыг судлаачид илрүүлсэн байна. Өмнө нь ийм тохиолдолд зөвхөн допамин буюу хуваарилах систем л идэвхждэг гэж үздэг байжээ. Харин ялах эсвэл ялагдал хүлээх нь тархины бүх хэсгийг идэвхжүүлдэг бөгөөд энэ бүхнээс бидний амьдрал шалтгаалдаг бололтой.
Урамшуулах болон шийтгэх систем нь их тархины тал бөмбөрцгийн төв хэсэг дэх мэдрэлийн зангилаагаар удирдагддаг байна. Эдгээр мэдрэлийн эд эсийн үүрэг нь хувиран өөрчлөгдөж байдаг бөгөөд чухам эдгээр эд эс нь допамины мэдрэлийн эд эсүүдийн холбоосыг үүсгэх үүргийг гүйцэтгэдэг ажээ. Энэ нь аливаа тэмцээн уралдаанд ялагдсан эсвэл азгүйтсэн үед бидний сэтгэл санаа тавгүйтэж, харин ялсан эсвэл магтаалын үг сонссон үед өөрийгөө аз жаргалтайд бас амжилттайд тооцох мэдрэмжийг бий болгодог байна.
Бидний амжилт олсон эсвэл бүтэлгүйтснийг хэрхэн хүлээж авч байгаад хариу үйлдэл үзүүлдэг тархины өөр систем байгаа эсэхийг Йелийн их сургуулийн эрдэмтэд судалжээ.
Үнэхээр хүмүүс тодорхой нөхцөл байдлын үед тухайлбал, тоглоомд хожих эсвэл хожигдох үедээ маш их сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлдэг байна. Үүнийг орчин үеийн технологи ашиглан маш хялбархан бүртгэж болох гэнэ. Судлаачид үүнийг илрүүлэхдээ нейрофизиологийн багаж хэрэгсэл болон томографийн аппарат ашиглажээ.
Шинжээчид сайн дураараа туршилтад оролцсон хүмүүсээр «чулуу-хутга-цаас» гэдэг энгийн тоглоом тоглуулсан байна. Ингэхдээ дулаан хэмжигч ашиглан тэдний тархины идэвхжлийг ажигласан байна. Компьютерын дүн шинжилгээний тусламжтайгаар судлаачид тоглоомын төгсгөлд азтай эсвэл азгүй байсанд хариу үзүүлдэг алгоритмын загвар гаргажээ. Ингээд туршилтын дүнд хүний тархинд «ялах эсвэл ялагдахаас бидний бүхий л амьдрал хамаарна» гэсэн бодол үүсдэгийг тогтоосон байна.
Ийм тохиолдолд тоглоом нь илүү ноцтой хүнд нөхцөл байдалд ч яг тохирсон загвар гэж логикоор үзэж болно. Хүн төрөлхтөн хувьслынхаа явцад баялаг, нэр хүнд, хайр сэтгэлийнхээ төлөө өөр хоорондоо тэмцэлдсээр ирсэн. Энэ нь ялагчид хоол хүнсээ олох, нийгэмд тодорхой байр суурь эзлэх болон удам угсаагаа үлдээх гэх мэт амжилтын баталгаа болдог байжээ. Ийм нөхцөл байдалд тархи нь маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг гэдэгт гайхах явдалгүй юм.
Харин үгийн сүлжээ таах нь тархины үйл ажиллагаанд төдийлөн нэмэртэй биш гэнэ.
Саяхныг хүртэл үгийн сүлжээ нь логик сэтгэлгээг хөгжүүлэх тустай маш гайхалтай арга гэж үздэг байсан. Тэр ч бүү хэл нэг үе хүүхдүүдийн оюуны чадварыг дээшлүүлэхийн тулд үгийн сүлжээг сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахыг санал болгодог байжээ.
Гэхдээ бүр 15 жилийн өмнө Канадын Торонтогийн их сургуулийн сэтгэл судлалын танхимын профессор Кейт Станович болон түүний мэргэжил нэгт нөхдүүд үгийн сүлжээ нь оюуны хөгжилд нөлөөлдөг гэдэгт эргэлзэж байсан байна. Янз бүрийн ухаан сорьсон бодлого бодох нь зөвхөн зарим нэгэн оюуны чадварыг жишээ нь логик сэтгэлгээ, хийсвэр сэтгэлгээний чадвар, сурах, мөн мэдээж олон талт мэдлэгийг үнэлэхэд л хэрэгтэй. Гэхдээ та «Хэзээ? Хаана? Юу?» клубын гишүүн эсвэл «Саятан» нэвтрүүлгийн байнгын үзэгч биш л бол ийм мэдлэг нь амьдрал дээр хүнд тус болох нь ховор гэнэ.
Маш олон хувилбар дотроос зөвийг нь сонгох чадварыг амьдрал өөрөө танаас шаарддаг. Жишээлбэл, хэрвээ та мөнгөө зөв байршуулж, хэрэгтэй бараагаа худалдаж авсан эсвэл хэцүү ааштай үйлчлүүлэгчийнхээ аяыг олж авч чадсан бол оюуны чадвар тань өндөр байна гэсэн үг гэж профессор Станович тайлбарлажээ. Өдгөө үүнийг «олонлог оюун ухаан» гэж нэрлэдэг. Хэрвээ та хэдэн зуун үгийн сүлжээг зөв бөглөж чаддаг байсан ч бодит амьдрал дээр ямар нэгэн асуудлыг үгийн таавар таадаг шигээ хялбархан шийдэж чадна гэсэн үг бишээ.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш