logo
9 гишүүний тавьсан асуудлаас болоод хуульдаа өөрчлөлт оруулах нь

9 гишүүний тавьсан асуудлаас болоод хуульдаа өөрчлөлт оруулах нь

2011/11/25
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд энэхүү хуулийн төслийг санаачилж, өргөн бариад удаагүй байгаа юм.
Ж.Сүхбаатар гишүүний танилцуулснаар, “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл нь сүүлийн үед нэлээд яригдаж байгаа УИХ-ын нэр бүхий есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулах талаар санал гаргахтай холбоотой зохицуулалт зарим талдаа хуулинд нарийвчлан тусгагдаагүй нь зарим талаар мөн л бэрхшээл үүсгэж байгаа аж. Иймд Үндсэн хуулийн хүрээнд уг асуудлыг нарийвчлан тодотгож, ойлголтыг нэг мөр болгох зорилгоор дээрх хуулийн төслийг санаачилсан юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух болоход Д.Лүндээжанцан гишүүн, хууль санаачлагчдын хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, бие бие рүүгээ хангалттай хатуу хөтүү үг өмнө нь чулуудаж, эргүүлж тойруулж ярьсан. Харин одоо хоолойд тулсан хэлэлцэх асуудал бидэнд байсаар байхад, мөн хуулинд тов тодорхой заагаад өгчихсөн зүйлүүд байсаар байхад Дэгийн тухай хуулинд заавал өөрчлөлт оруулаад өгнө гэвэл тэр л биз. Оруулаад, хэлэлцээд нэг тийш шийдээд явъя гэж байлаа.
Ж.Сүхбаатар гишүүн ярихдаа, нэг мөр ойлгогдохгүй байна гэсэн тул ингэж хуулийн төсөл санаачилсан. Тэгээд уг асуудлыг улс төр талаас нь маргаан гэж харахаасаа илүүтэй эрх зүйн талаас нь маргаан гэж харъя гэсэн үг хэллээ.
Ж.Батсуурь гишүүн, зүгээр нэг асуудал үүсэхээр маш хурдан засварладаг баймааргүй байна. Бодитой өөрчлөлт хийх шаардлага гарч ирээд байдаг. Тэгэхээр бид ярьсаар байгаад өөрчлөлт хийх ч зөв, ярьсан гишүүдийн ч зөв, өргөн барьсан гишүүдийн зөв ч болоод байгаа. Эцэст нь үнэн алга болсон байна. Явж явж хууль нь өөрөө буруутай мэт гаргалгаа гарч ирээд байна. Бодит үнэн хаа байна гэсэн юм.
Ц.Даваасүрэн гишүүн, Үндсэн хуульд байгаа зөрчилтэй хэсэг нь засагдаж чадсан уу, үгүй юу гэдгийг тодруулсан. Тэрээр засвар хийж, хуулийн цоорхойг арилгахдаа нэг мөр л юм хийгээрэй гэж байсан. Мөн тэрээр жишээ нь, хариуцлагагүй Ерөнхий сайд гарч ирээд улс оронд хохиролтой мэдэгдэл хийвэл яах вэ гэж асуусан.
Ер нь хуулийн механизмын хувьд маргаан гарч, энийгээ яахав л гээд байгаа юм. Таны яриад байгаа шиг улс төрийн шинжтэй ноцтой асуудал гарвал энэ нь тэр хүрээндээ хууль хяналтын байгууллагын хэмжээнд шийдэгдэх байх хэмээн Ж.Сүхбаатар гишүүн хариу хэлсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, саналаа өргөн барьсан 9 гишүүний асуудалтай холбогдуулан асуултаа тавьсан юм. Үүнд Ж.Сүхбаатар гишүүн хариулахдаа, та бүхний асуудлын буруу зөвийг бид энд хэлэхгүй. Гэхдээ тавиад буй асуудлын чинь зөв бурууг ялгахад хуулийн механизмыг зохицуулж өгөх нь өөрөө чухал гэж байлаа. Тэрнээс бус 9 гишүүн над таалагдаагүй гээд хууль санаачлаад оруулаад ирсэн юм биш. Харин ч бид хүндэтгэлтэй хандаж байгаа гэлээ.
Харин С.Эрдэнэ гишүүн, бидний 9 гишүүний асуудал нээлттэй хэвээр байгаа гэж ойлгож байгаа, ямар ч шийдвэр гараагүй, хэлэлцээгүй байгаа биз дээ гэсэн.
Ж.Батсуурь гишүүн, саяын энэ 9 гишүүний асуудалтай холбогдуулан асуудлыг яаран сандран хэлэлцэж байгаа нь гоомой юм биш үү. Нухацтай яривал яасан юм. Тэгээд явж явж асуудлын гол эзэнгүй үлдэж, нөгөө миний дээр хэлсэн хууль өөрөө буруутай болоод үлдэж байгаа юм. Тэгээд ч дэлхий нийтийн практик жишгийг ард түмэндээ ойлгуулж байж бид хуулиа хийхгүй бол хууль батлаад үр дүн маруухан байгаад байна шүү гэдгийг хэлсэн. УИХ өөрөө эрх мэдэл рүү өдрөөс өдөрт тэмүүлж дараа нь шүүмжлэлд өртдөг байж болохгүй гэсэн юм.
Ц.Даваасүрэн гишүүн, бидний өргөн барьсан асуудлыг хууль хэлэлцэх жагсаалтад оруулаагүй. Энэ дээр бид ухамсартай, анхааралтай хандах ёстой. Үүнийг нэг тийш болгох хэрэгтэй гэсэн юм. Тэрээр буцаах тухай шийд ч гараагүй байгаа тэгэхээр нээлттэй байгаа гэсэн үг. Бид л хууль сахихгүй юм бол тэгээд хэн хууль сахих юм бэ. Ёс суртахуунтай байх, хүндэтгэлтэй, нэг мөр асуудалд хандах хэрэгтэй гэж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш