logo
Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89.6 хувьтай байна

Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89.6 хувьтай байна

2011/11/25
Улсын хэмжээнд мал өвөл­жилт, хаваржилтын бэлтгэл 89.6 хувьтай байна. Дорноговь /74.9 хувь/ аймгаас бусад бүх аймаг бэлт­гэлээ 80-аас дээш хувиар хан­гасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадам­жунай Засгийн газ­рын өчигдрийн хуралдаанд танил­цуулав. Энэ жил улсын хэмжээнд 180 мянган өрхөд нийт 37.1 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 59.9 сая мөл өвөлжинө. Үүнээс 19.1 мянган өрхийн 5.3 сая мал отроор өвөлжих мэдээ гарчээ.
Энэ жил улсын хэмжээнд 1181.2 мянган тонн өвс, 18.2 мянган тонн сүрэл, 34.3 мянган тонн ногоон тэжээл, 47.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 46.3 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 8.3 хувиар илүү гэсэн үг юм.
Нийт малд шаардагдах өвс, тэжээлийн бэлтгэл улсын хэмжээнд дунджаар 81.3 хувь байгаа бөгөөд Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймаг 24-47.7 хувь буюу буюу хангалтгүй биелүүлсэн байна.
Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэсэн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээний дүн ч гарчээ. Аймаг, нийслэлийн нөөц 62.8, сум, дүүргийнх 78.6 хувьтай байгаа нь өмнөх жилээс 10 хувиар илүү гэсэн үг юм. Хөдөө орон нутгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах 42 419 худгийн 36 672 буюу 87 гаруй хувь ашиглахад бэлэн байгаа тухай салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.
Аймгуудын мэдээнээс үзвэл одоо ашиглаж байгаа бэлчээрийн хангамж 78 хувьтай байгаа бөгөөд Орхон /12 хувь/, Дорноговь /17.2/ аймаг хамгийн хүндрэлтэй байна. Энэ жилийн хувьд бэлчээрийн даац харьцангуй сайн байгаа учир отроор өвөлжилж, хаваржих малын тоо өнгөрсөн жилээс 3.6 саяар буур­чээ.
Өвөлжилт, хаваржилтын бэлт­гэл ажлын хүрээнд хөнөөлт шавьж, мэрэгчтэй тэмцэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг төлөвлөсний дагуу хийж байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш