logo
Одод, улстөрчид бултаараа тансаг зэрэглэлийн хотхонд амьдарч байна

Одод, улстөрчид бултаараа тансаг зэрэглэлийн хотхонд амьдарч байна

2011/11/25
ГАНСҮХ, НЯМДОРЖ ХОЁР Л ТАНСАГ ХАУСАНД АМЬДАРДАГ УУ?
Сүүлийн үед Гансүх, Нямдорж гэдэг хоёрхон хүн л Монголд хаусанд амьдардаг юм шиг туйлширч гэдэн хөдөлгөөд байх болов. Улс төрчид, урлаг, спортын одод, олны танил хэн бүхэн бизнесменүүдээс дутахгүй тансаг хотхоны аппартмент, таун хаус, хаусанд амьдардаг. Төрийн өндөр албан тушаалтан  урлаг соёл, спортын нэр алдартнуудаас эгэл жирийн нийтийн байр, хуучин хороололд амь зуудаг нөхөр бараг үлдсэнгүй. Монголд жилдээ 5000 гаруй орон сууц баригддагаас мянга орчим нь ямар нэг содон нэртэй хотхоны үнэтэйд тооцогдох  хаус, аппартментын шинэ түлхүүр гарддаг байна. Нийт тоогоороо өндөр зэрэглэлийн байр сууц 5000 орчим байна гэсэн мэдээлэл бий. Байрлалын хувьд ихэвчлэн хойноос урагшлах ба Санзай, хотын төв, Туул голын хөвөө мөн зүүн зүгт Гачууртад голчлон төвлөрчээ. 
    Анхлан Бодь группын Энхтайваны гүүрний баруун талын “Шинэ төгөл”  болон М-Си-Эс-ийн Сэлбийн баруунтайх ”Сэлбэ” хотхон, удаад нь дараалан “Чоно” компанийн Зайсан явах зам дахь “Оргил”, “Фортуна” групп барьсан төмөр замын урагшаах “Жаргалан” зах зээлд тухайн үедээ үнэ, зэрэглэл, талбайн хэмжээгээр тэргүүлж, олон нийтийн анхаарлыг татан шуугиулж, дээд зиндааг анхлан тогтоосон.
Цагтаа ам метр нь 600 доллараас дээш үнээрээ сенсаац тарьж асан “Оргил”-д УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Л.Гүндалай, О.Чулуунбат, нийтлэлч Баабар нарын зэрэг улс төрчид голдуу олны танил хөршүүд бий. “Фортуна” Н.Батбаярын “Жаргалан” хотхоны сууцны метр квадрат нь мянган доллар давж шинэ амжилт тогтоосон. Н.Батбаяр гишүүнийх барьсан хотхоныхоо хамгийн том талбайтай, тусдаа хаусанд амьдарна. “Жаргалан” гэж Н.Батбаяр гишүүний хүүхдийнх нь  нэртэй энэ хотхонд “Женко” Х.Баттулга, Р.Амаржаргал нарын АН-ынхан, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирынх байдаг. “Бодь”, “Голомт”-ынхон “Шинэ төгөл”-ийг барьсан. Энэ хотхонд Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Г.Батхүү, “молекул” Батж.Батбаяр, Л.Болд өөрөө гээд мөн л АН-ын угшилтангууд, поп хатагтай Сараагийнх айл хөрш байсан юм. Одоо ихэнх нь буйр сэлгэн нүүсэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болохоос өмнө амьдарч байгаад Japan town руу нүүсэн байх жишээтэй.
 M-Cи-Эс-ийн Орчлон гэгддэг хотхонд Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Гантөмөр нарын зэрэг олны танил оршин суугчидтай. 2002 онд баригдсан “Сэлбэ”-сээ С.Баярцогтынх нүүсэн. Энэ хотхоны сууцны үнэ тухайн үедээ метр кв нь 650 доллар хүрч байлаа. “Мантууш” компанийн барьсан “Роял кастл”-д Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар томоохон сууцанд орсон нь анхаарал татсан мэдээний нэг болж байлаа. Зайсанд байрлалтай, “Мантууш”-ийн хоёр ч хотхон бий. Эхнийх нь “Грийн Вилла”. Хананаасаа халдаг, дотроо үйлчилгээтэй гэх зэрэг реклам сайтай энэ хотхонд Ерөнхий сайд Сү.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, “Жаст”-ын Батхүү, “Дорнын говь”-ийн Дэлгэрсайхан гэх зэрэг улс төр, бизнесийн одод төвхнөжээ. Зүүн талынх нь “Сөүл Роял Каунти”-д Ерөнхий сайд асан С.Баярынх амьдарч байна. Зайсанд улстөрчдөөс гадна дуучин Д.Болд, хошин шогийн Бооёо, Хүрлээ, дуучин Ариунаагийнх байгаа. Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн бариулсан “Скай Тауэр” гэж оддын цуглуулга гэмээр хотхон бий. “Дрийм Лэнд” нэртэй, зэргэлдээх хотхонд нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын “аваргууд” амьдардаг. 2007 онд ашиглалтанд орохдоо ам метр нь 2000 доллараар үнэлэгдсэн “Белла Виста”-д сайд Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж нарынх суудаг бөгөөд Лу.Болдынх энд харштай. Нүхтийн ам пиг дүүрчээ. Энд зэрэг дэв илтгэсэн, зөвхөн тусдаа хауснууд эрийлдэж байх бөгөөд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, гишүүн Д.Загджав, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Р.Буд нарынх амьдарч байна. Хотын хойд зүгт Санзайн ам хаусаар дүүрч эхэлсэн. “Бодь” группын барьсан энэ хотхонд Э.Бат-Үүл нарын зэрэг улс төрчид цэвэр агаар амьсгалж байна. Улсын том цолтой бөхчүүд үндсэндээ Зайсан, Нүхт, Гачууртад оршин суудаг. Дөчин мянга, 100 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжих явцад зэрэг дэв илтгэсэн байр сууц ашиглалтанд орох, үнэ ханш нэмэгдэх нь их байгаа бөгөөд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч барилгын салбарын хөөс инфляцид нөлөөлж буй тухай мэдэгдсэн. Тансаг хотхоны талаар өнгөц сонирхоход ийм байна. Олны танил бэлтэй эрхмүүд Зайсанд голдуу төвлөрдөг аж. Бас бөөгнөрч амьдрах дуртай юм.
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш