logo
“Багануур” Хувьцаат Компанийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Гантулга: Манайх 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг үндсэндээ хангасан

“Багануур” Хувьцаат Компанийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Гантулга: Манайх 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг үндсэндээ хангасан

2011/11/27
-Хүйтний ам наашилж буй энэ үед уулзаж байгаагийнх өвөлжилтийн бэлтгэл хэр байгааг сонирхож ярилцлагаа эхлэе. Танайх Улаанбаатарын цахилгаан станцуудыг галаар таслахгүй байхад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байдаг учраас хүн бүхэн л танай өвлийн бэлтгэлийг сонирхож байгаа?
-Багануур хувьцаат компани 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг үндсэндээ хангасан. Өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд төлөвлөгөөний гүйцэтгэл ерөнхийдөө 96 хувийн биелэлттэй байна. Ер нь өвлийн бэлтгэлд станцуудын дэргэдэх нүүрсний нөөцийг бэлтгэх ажил чухал байдаг. Тиймээс  станцуудын нүүрсний нөөцийг хангах асуудал хамгийн эхэнд яригддаг. Арван нэгдүгээр сарын 15-ны байдлаар  ДЦС-4  өвлийн ачааллаар 18 хоногийн, ДЦС-3 18 хоногийн, ДЦС-2  12 хоногийн, Дарханы дулааны станц 22 хоногийн, Эрдэнэтийн станц 22 хоногийн, Багануурын дулааны станц 10 хоногийн нөөцтэй байна.Энэ нь өвлийн ид ачааллаар тооцож байгаа учир одоогийн нөхцөлд гайгүй байгаа гэсэн үг. Энэ жил хүйтний эрч чанга байх прогнозтой байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг хангахад бүх анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Өвөлжилтийн бэлтгэлийг хангахад тоног төхөөрөмжийн бэлэн байдал юу юунаас чухал. Засварын ажил хэдэн хувьтай байна?
-Тоног төхөөрөмжийн тал дээр засварын ажлууд хийгдээд дууссан.
-Танай тоног төхөөрөмжүүдийн нас өндөр болсон байх шүү?
-Манайд ашиглагдаж байгаа хүнд даацын машин тоног төхөөрөмжийн насжилт өндөр учир ашиглалтын зардал маш их шаардаж байна. Өөрсдийн хөрөнгөөр жилд шинээр нэг хоёр машин авч байгаа ч бүрэн шинэчлэлийг хийж чадахгүй байгаа. Бид аль болохоор  орчин үеийн шийдэл гаргасан шинэчлэлтүүдийг хийж байгаа ч ажлын нөхцлийг бүрэн хангахаар шинэчлэгдэж чадахгүй байна. Манайх 17 экскаватортай, бүгд цахилгаанаар ажилладаг. Цахилгаан генератор, цахилгаан хөдөлгүүрийн насжилт маш өндөр байна. Энэ насжилт техникийн сул зогсолтын үндэс болдог.
-Станцуудын өрийг төрөөс өгч байгаа гэсэн. Өр авлага цэгцэрсэн үү?
-Станцууд тухайн үед ашиглах нүүрснийхээ нөөцийн төлбөрийг төлдөг болсон сайн талтай. Станцуудаас авах өр авлага нэг үеэ бодвол багассан ч манайх шиг хүнд салбарт,хүссэн хэмжээгээр ажиллахад төдийлөн хүрэлцэхгүй байгаа. Би түрүүн хэллээ. Тоног төхөөрөмжийн насжилт бидний ажилд сөргөөр нөлөөлж байнаа,гэж.
-Хүйтний эрч чангарах тусам ажлын ачаалал нэмэгддэг байх даа?
-Станцууд түүхий эдээ ажлын ачаалал гайгүй үед бэлтгэхгүй байж байгаад, өвөл болохоор биднийг ажлаар шахаад эхэлдэг. Өвлийн хүнд нөхцөлд ажилд шахагдсан, жигд бус ажиллагаанаас болоод бидний ажил доголдох асуудал гардаг. Монголын хүйтэн нөхцөлд, хасах 40 хэмд ажиллаж байгаа тоног төхөөрөмж хүндрэлтэй байдалд орно шүү дээ. Уг нь сар сардаа аж ахуйн гэрээнийхээ дагуу хуваарилагдсан нүүрсээ авч баймаар байх юм. Гэтэл аажуу тайван явж байснаа өвөл болонгуут гэнэт биднийг шахаж эхэлдэг. Тодорхой хугацаанд, тодорхой темпаратурт ажилладаг тоног төхөөрөмжийг хүйтэн нөхцөлд олон цагаар ажиллуулахад доголдол үүсэхээс гадна хүн хүчний хувьд  хөдөлмөрийг нь сорсон л хэрэг болоод байдаг юм.
-Өдөрт хэдэн вагоны захиалгатай байна вэ?
-Хоногт 186 вагон ачих захиалгатай. Өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 180 вагон ачиж байна.
-Өвлийн ид хүйтнээр хоногт хэдэн вагон нүүрс нийлүүлдэг вэ?
-12-р сард хоногт 190 вагон ачна гэсэн захиалгатай байгаа. Өвлийн ачааллын үед хоногт ачих вагоны тоо 200-250-ын хооронд болдог.
-Энэ өвлийн бэлтгэл дээр тулгараад байгаа бэрхшээл юу байна?
-Тендерийн хууль бидэнд их хүндрэл болж байна. Том том тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг тендер зарлаж авах ёстой. Гэтэл хамгийн хямд үнийн саналтайг нь шалгаруулж авдаг. Энэ нь чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу. Хямд үнийн санал өгнө гэдэг чанар муу байна л гэсэн үг. Бид үйлдвэрлэгчтэй шууд харьцаж байвал илүү сайныг сонгож чадна.  Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хүндрэлүүдийн нэг бол яах аргагүй хүнд даацын машины дугуйны нийлүүлэлт. Бид тендер зарласан. Захиалгаар нийлүүлэхээр тендерт оролцсон компани байгаагүй. Тодорхой хугацаанд нийлүүлэх компани бол байна. Гэхдээ дахиж тендер зарлах цаг хугацаа алга. Тиймээс шууд худалдаж авах асуудал тулгараад байна. Дугуйны 2012 оны үйлдвэрлэлийн захиалга байхгүй гэж байгаа энэ нөхцөлд яах вэ. Зарим боломжтой компаниудаас шууд худалдаж авах зөвшөөрлийг холбогдох яам, ТӨХ бидэнд өгвөл зүгээр байна.
-Бэрхшээл  байгаа ч нөөц бололцоогоо ашиглаж даван туулах арга зам эрэлхийлж  олон ч ажил хийсэн байх?
-Уурхайн технологийн нөхцөлтэй холбоотой нэг асуудал бол ус. Бидний авах нүүрсний тодорхой хэсэг усанд орчихоод байдаг. Усны түвшинг  бууруулж нүүрсээ авмаар байдаг. Энэ жил бид эсрэг хутгууртай экскаватор авч тэр хүндрэлтэй асуудлыг үндэсндээ шийдсэн Эхний ээлжинд усан дор байгаа 10-аад мянган тонн нүүрсийг авсан байгаа. Цаашид мөн тийм хэмжээний нүүрсийг авна.  Уурхайн гүнзгийрэлт нэмэгдэх тусам нүүрс гаргалтын зардал нэмэгдэж байна. Уул техникийн тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэж байгаа ч, бид зовлон тоочоод суулгүй нөөц бололцоо, өөрсдийн чадвар мэдлэгээ ашиглан аль болохоор асуудлаас гарна гэж зүтгэж л байна даа.
-Нүүрс олборлох зардал нь, борлуулдаг үнээс өндөр байдаг гэж сонссон. Танай өөрийн өртөг хэд байна?
-Манай нэг тонн нүүрсний өөрийн өртөг 22500 байгаа.
-Тэгээд хэдээр борлуулбал ашигтай ажиллах боломжтой вэ?
-Нэг тонн нүүрсээ 20500 төгрөгөөр борлуулж байна. Нүүрсний үнийг нэмэхгүй бол алдагдалтай л ажиллаж байна.
-Нүүрсний үнэ нэмэгдэх нь хэрэглэгчийн нуруун дээрх ачаа нэмэгдэнэ хэмээн бариад байдаг?
-Манайх өртгөөсөө доогуур үнээр борлуулалт хийдэг аж ахуйн нэгж болоод байна. Ард түмний нуруун дээр ачаа ирнэ гээд нүүрсний үнийг нэмдэггүй. Гэхдээ энэ асуудлаас өөрөөр гарах боломжууд бий  Манайх төрөөс татаас аваад байдаггүй. Манай нүүрсний үнийг тодорхой хувиар нэмээд станцуудад татаасыг нь  хангалттай өгвөл яасан юм бэ гэж бодогддог. Станцуудад татаасыг нь хангалттай өгөөд эрчим хүчний үнийг нэмэхгүй байх нэг ийм гарц байгаа нь харагддаг.  Нүүрсний экспорт номер нэг боллоо. Экспортод гаргаж байгаа нүүрсний үнэ манайхаас харьцангуй өндөр. Тэгэхэд эрчим хүчний зориулалтаар ашиглаж байгаа нүүрсний үнэ ийм доогуур байдаг. Энэ үед нүүрстэй холбоотой үнийн бодлого баримаар байна. Экспортод өндөр үнээр гаргаж байгаа нүүрсний үнийн зөрүүгээр манай алдагдлыг нөхөж байвал болохоор санагдаж байгаа юм.
-Уурхай ашиглалтад орсноос хойш хэдэн тонн нүүрс олборлосон бол?
-Уурхай ашиглалтанд ороод 33 жил болж байна. Анх 600 сая тонн нүүрсний нөөцтэй гэж байсан бол сүүлд шинэчилсэн хайгуулаар 730 сая тоннын нөөцтэй гэж тогтоосон. 33 жилийн хугацаанд 90 гаруй сая тонныг олборлоод байна. Жилд 3,4 сая тонн нүүрс олборлож байгаа. Яг энэ хэмжээгээрээ олборловол  100-аад жилийн нөөц байнаа гэсэн үг.
-Монголд танайх анх нөхөн сэргээлт хийсэн гэдэг бил үү? Энэ жил Солонгосчууд танайхтай хамтарч нөхөн сэргээлт дээр ажиллаж байгаа гэсэн байхаа...
-Энэ жилээс Солонгосын “Миреко”  нөхөн сэргээлтийн компанитай хамтран нөхөн сэргээлт хийж байна. 10 га талбайд биологийн нөхөн сэргээлт дээр Солонгосчуудыг ажиллуулсан. Ирэх жилээс үр дүн нь гарна гэж бодож байна. Эхний ажлуудаас тодорхой дэвшил харагдаж байна. 1998 онд Монголын уул уурхайн түүхэнд анх удаа нөхөн сэргээлтийг хийсэн. Өнгөрсөн жил нөхөн сэргээлтийн шилдэг байгууллагаар шалгарлаа.
-“Монгол нүүрс” төслийн хүрээнд танай авсан зээл дээр Засгийн Газар үүргээ биелүүлээгүй гэж сонссон.  Тэр танайхыг нэлээд алдагдалд оруулсан биз?
-Монгол нүүрс төслийн хүрээнд Дэлхийн Банк, Японы Засгийн Газрын зээл авсан. Манай Засгийн Газар нүүрсний үнийг үе шаттай нэмээд явна гэсэн үүргээ биелүүлээгүй.Тухайн үеийн ханшаар хориод тэрбум төгрөгний алдагдал хүлээсэн. Уг нь нүүрсний үнийг тодорхой үе шаттай нэмээд явсан бол бид тодорхой хуримтлал үүсгээд тоног төхөөрөмжөө шинэчлээд явах боломжтой байсан.
-Боловсон хүчний тал дээр тогтвор суурьшил хэр байна вэ?
-1050 орчим ажилтан ажиллагсадтай. Ихэнх нь тогтвор суурьшилтай ажиллаж байна. Боловсон хүчнээ алдахгүй байх талаас бодлого барих хэрэгтэй болоод байна. Мэргэжилтэй боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах талаар хийж байгаа, хийхээр төлөвлөөд байгаа ажил их байгаа.
-Тогтвор суурьшил гэснээс та уурхайдаа хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-1996 онд ШУТИС-ийг төгсөөд энэ уурхайдаа цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаас ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь инженер, ерөнхий цахилгаанчинаар ажиллаад техникийн асуудал эрхэлсэн дэд захирал хэмээх энэ албыг 2004 оноос хашиж байна. Уулын цахилгаан механикийн мэргэжилтэй. Би Монгол Улсын нүүрсний том уурхайд ажиллаж байгаагаараа бахархдаг. 1990 -ээд онд уул уурхайн мэргэжилтэн дутмаг байлаа. Ажилчин нь хүртэл инженер болж байлаа шүү дээ. Зах зээлийн ороо бусгаа үе байсан болохоор инженер техникийн ажилчид зах зээл хөөгөөд явсан байв.  Би бол өөрийн мэргэжил мэдлэг, залуу халуун насаа энэ л салбарт зориулж явна.
-Уул уурхайн салбарт хүчээ зориулж яваа залуу мэргэжилтний хувьд энэ салбарын ирээдүйг өөрийнхөө сэтгэлд зурсан байдаг биз?
-Аюулгүй байдал хамгийн эн тэргүүний асуудал гэж би боддог. Улс орондоо гэрэл гэгээ илч дулааныг авчирдаг нь бидний бахархал . Цаашдаа Улаанбаатар болон Монгол орныг эрчим хүчээр хангахад нүүрсний талаар өөр бодлого барих ёстой болов уу гэж бодож явдаг. Уул уурхайн мэргэжлээр олон мэргэжилтэн бэлдэж байгаа нь сайн хэдий ч чанарын талд  бодох асуудал бий. Төрийн компанид ажиллаж байгаа сайн боловсон хүчнүүд цалин хөлс хөөгөөд өөр тийш явж байна. Тиймээс сайн боловсон хүчнээ авч үлдэх асуудал бий. Уул уурхайн салбарт улс төрчид хошуу дүрж ,газар доорхи баялгийг хамаагүй амладагт эмзэглэж, харамсаж явдаг. Гол нь олборлож авахад  тодорхой хэмжээний зардал шингэнэ гэдгийг тооцолгүй шууд нөөцөөр нь бодож улс төрийн амлалтдаа ашигладагт мэргэжилтнүүд бид эмзэглэдэг. Ингэж ард түмнийг хуурч бас болохгүй л дээ.  Мөн улс орныг авч явах уул уурхайн салбараа хөгжүүлэхэд мөнгө заралгүй, халамжинд мөнгө тараагаад байгаа нь эмзэглэхээр асуудал. Эхлээд салбараа өөд нь татаад, дараа нь халамжинд анхаараасай гэж бодож явах юм.
-Нүүрсний салбар айлын дагавар хүүхэд шиг байна гэж танай салбарынхан ярьдаг. Та ямар бодолтой явдаг вэ?
-Төр засгийн бодлогын төвд нүүрсний асуудал байх ёстой. Уул уурхайн яамтай байлаа, одоо нэг мэргэжилтэн л хариуцаад сууж байдаг болсон. Бодлого алдагдсан байгаа. Бие даасан бодлогын яам, агентлаг бий болгох хэрэгтэй.
 Нүүрсний экспорт зэсийнхээс давсан гэж байна. Гэтэл төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөний хэмжээ зэсийнхээс давж чадсан юм уу гэсэн нэг асуулт байна. Ихэнхи нь нүүрс борлуулж буй хувь хүмүүсийн халаасанд ордог болов уу гэж боддог. Эрдэнэт улсын төсвийн 44 хувийг бүрдүүлдэг гэдэг, Гэтэл нүүрс улсын төсвийн хэдэн хувийг бүрдүүлж байгаа юм бол. Энэ мэт асуулт дагуулсан олон зүйл байна.Монголын уул уурхайн салбарын хөгжилд нүүрсний салбарын үүрэг цаашид ч буурахгүй гэж боддог. Харин нүүрсийг дахин боловсруулах, хатаах баяжуулах чиглэлд төр засгийн бодлого хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш