logo
800 ээж

800 ээж "Алдарт эх" одон хүртлээ

2011/11/28
Улс тунхагласны түүхт 87 жилийн ойн өдөр буюу 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 800 ээж Монгол Улсын «Алдарт эх» одонгоор энгэрээ мялаалгаж үр хүүхэд, ач, зээ, ах дүүсээ баяр­лууллаа. Энэ өдөр тус дүүргийн «Драгон» зоогийн газар хөл хөдөл­гөөн ихтэй байсан юм.
Монгол Улсын «Алдарт эх» одон гардуулах ёслолд СХД-ийн тойргоос нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон дүүргийн удирдах албаны хүмүүс, хороодын Засаг дарга нар хүрэлцэн ирсэн байв. Одон гардуулах ёслолыг нээж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн юм.
Тэрбээр Монгол хэмээх бүрэн эрхт улс орон байдгийг дэлхий дахинд зарлан тунхагласан Улс тунхагласны 87 жилийн энэ түүхт ойн баярын энэ өдөр манай дүүргийн 800 ээж Монгол Улсын «Алдарт эх» одон хэмээх хүндтэй хэргэм цолыг хүртэж байгаа нь үнэхээр билэг дэмбэрэлтэй үйл хэрэг болж байна. Энд хуран цугларсан ээжүүд болон хань ижил, үр хүүхэд, ач гуч, ах дүү нарт нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Монгол Улс мандан бадарч, монголын үрс маш олон болтугай хэмээн онцлон хэлсэн юм.
«Алдарт эх» нэгдүгээр одонгоо УИХ-ын гишүүнээс гардан авсан эдүгээ 80 настай СХД-ийн 12 дугаар хорооны иргэн, зургаан хүүхэд, 15 ач, зээ, зургаан ачинцар, зээнцэрийн буурай ээж нь болох Загд овогтой Маам гуайтай уулзаж баярт өдрийнх нь сэтгэгдлийг нь авсан юм.
-Танд баяр хүргэе, энэ баярт өдрийн сэтгэгдлээ хэлнэ үү?
-Баярлалаа. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул. Одоо 60 жилийн өмнө Улаанбаатар хотод орж ирсэн. Улсдаа 31 жил хөдөлмөрлөөд тэтгэвэртэй гарсан. Өдгөө үр хүүхдүүдээ тойруулаад өнөр өтгөн сайхан амьдарч байгаа.
Төр засгийнхаа буян хишгийг хүртээд сайхан байна. Сайн үйлс бүхэн дэлгэрч, улс орныг минь, монгол түмнийг минь буян заяа түшиж, амар амгалан, эрүүл энх, азтай одтой байх болтугай.
Д.Сайхан
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш