logo
Сараагийн далавч арай биш ээ

Сараагийн далавч арай биш ээ

2011/11/28
Манай рок попынхон хуучин буунууд нэг л ахихаа больжээ. Өдрөөс өдөрт шинэ залуу уран бүтээлчид төрөн гарч, орон зай, зах зээлийг нь эзлэн түрэмгийлж байхад чанартай уран бүтээл, чансаатай өрсөлдөөнийг бий болгохгүй бол үзэгчгүй зааланд ганцаараа тоглох байдалд хүрч мэдэхээр болчихож. Тиймээс ч рок попынхон унтаж байна, хурхирч байгаагаараа дуудуулж байхав. Харин цаанаасаа төрчихсөн хэдхэн уран бүтээлч энэ салбарынхны нүүрийг тахалж, шинэлэг содон уран бүтээл гаргахыг хичээн хөдөлмөрлөж байна. Тухайлбал, “Камертон”-ы  Д.Болдын хувьд цаг үеэ мэдэрч чаддаг ясны уран бүтээлч гэдгээ харуулж чадаж байх юм. Тэрээр Төрийн ордонд тоглолт хийж, Монгол поп гэх шинэ урсгалыг Монголын хөгжмийн ертөнцөд бүтээж чадлаа. Тэрхүү шинэ урсгалын шинэ цомгийн шинэ тоглолтоо гурван өдрийн турш  UB паласын концертын их танхимд тавьлаа. Тун удахгүй МУГЖ Т.Ариунаа өөрийн уран бүтээлийн тайлан тоглолтыг тавихаар зэхэж буй гэсэн. Т.Ариунаа хэзээ чанар, чансаагүй зүйл хийж явлаа даа. Гээд тоо цааш зогсчихож байна. Харанга, Хурд, Чингис хаан, Камертон, Номин талст бүгд зогсонги байдалд байгаа бол Зууны манлай Б.Сараа ариун цэврийн хэрэгсэл рекламдан, далавчтай болж жүжиглэхээс хэтрэхгүй байна. Дунд үеийн гэгдэх Нэгэн зүгт, “Take off”, ВХ гэх мэтийн уран бүтээлчид тарж бутраад, замхраад байна. Цаана нь дуулдаг бус үзүүлдэг хамтлаг дуучид, нийтийн дуучид, мэдээж дөнгөж төрж буй сонирхогчдын арми л зонхилох маяг орсон нь нэгэнт ил болж. Гэтэл ард түмэн балын амттайг, дарсны охьтойг, эдийн дээдийг, уран бүтээлийн чанартай, шилмэлийг сонгон таашаадаг болчихоод байна. Урдынх шигээ галзуу ганц шинэ жилийн дуутай Хурд, Сарааг сонсдог үе өнгөрсөн байна цаана чинь.  
Ш.Булга www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш