logo
XXI зууны агуу бүтээлүүд

XXI зууны агуу бүтээлүүд

2011/11/29
Нэгэн зууны эцэст тухайн зуунд бүтээсэн бүтээлүүдээс хамгийн шилдгийг нь шалгаруулж жагсаана гэдэг амаргүй ажил нь мэдээж. toptenz.net цахим хуудас тийм жагсаалт гаргасныг үргэлжлүүлэн танилцуулъя.

Робот техник

Робот бүр ХХ зуунд ямар нэг хэлбэрээр байсан боловч XXI зуунд л тэдгээрийг жинхэнэ ёсоор ашиглаж байна. Одоо роботууд гал түймэр унтраахаас эхлээд нарийн мужааны ажил гээд бараг бүгдийг хийж байгаа билээ. Энэ зууны сүүлээр айл бүрт хүмүүсийн хийх дургүй ажлыг гүйцэтгэдэг наад зах нь нэг робот байх болно гэж ирээдүйг зөгнөгчид үзэж байгаа юм. Гэрийн эзнийг эзгүй хойгуур робот нохойгоо салхилуулж, гэрийг аюулаас хамгаална. Роботууд хүний хүссэнээр байхаар тийм ухаантай байна. Тийм болохоор төмөр туслах дэлхий ертөнцийг эзэлнэ хэмээн санаа зовних нь хараахан эрт байна.

Генийн инженерчлэл

ДНК-г өөрийн хүссэнээр программчилж болох үед бид ирээд байна гэж бодоход бэрхтэй мэт. Гэвч хүний хувьслын дараагийн үе шат нь чухам энэ байх юм. Энэ зууны сүүлээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүйс, оюуны чадавх, нүд болон үсний өнгийг сонгох боломжтой болох бол генийн гажиг, түүний удамших магадлалыг “хааж” чаддаг болно. Үр хөврөлийн “дизайн” зөвхөн хүнийг хөндөхгүй, 2100 он гэхэд бид нохой шиг өндөртэй заан болон муур шиг хэмжээний хулганатай болох боломжтой болох юм.

Дуунаас хурдан тээврийн хэрэгсэл

Тээврийн хэрэгслийн зогсолтгүй хувьсан өөрчлөгдөх учир дуунаас хурдан тийм хэрэгсэл нь дахин гарна гэж найдах үндэслэл бидэнд бий. Жишээ нь, Лондон, Токио хоёрын хооронд ердөө хагас цагийн дотор аялж болох юм. XIX зууны сүүлээр тээврийн хэрэгслийн дээд хурд цагт 100 километр /галт тэрэг/, XX зууны сүүлээр цагт 1000 километр /нисэх онгоц/ байсан бол энэ зууны сүүлээр бид цагт 10 мянган километр хурдтай зорчих боломжтой болно.

Чөлөөт энерги

Шинжлэх ухааны ачаар, байгалийн эх сурвалж болсон жишээ нь, нефть, байгалийн хий, нүүрсээс эрчим хүч гаргаж авдаг болсон. Энэ зууны сүүлээр энергийг нарны элч, салхи, биомасс, тэрчлэн илүү хачин этгээд технологиос гээд юунаас ч эрчим хүч гаргаж авдаг болно. Эрчим хүчний нэгдэл болон тэг энергийн генератор нь хүн төрөлхтнийг цацраг идэвхт бус, байгалийн цэвэр шавхагдашгүй эх сурвалжаар хангана. Тийм технологи нь урьд нь цөмийн энергийг зөгнөл мэтээр бодож байсан шиг мэт санагдаж байж болох юм.

Хиймэл оюун ухаан

Роботод гэрийн ажил гүйцэтгэхийг даалгах нь нэг хэрэг, түүнийг тавьсан зорилгоо сайн биелүүлэх талаар бодож сэтгэдэг болгох нь өөр хэрэг юм. Машиныг сурч, төлөвлөж, шийдвэр гаргаж, харьцуулж, хийсвэрлэн сэтгэж чаддаг болгох өдөр холгүй. Мэдээжийн хэрэг, хиймэл оюуныг хүний ухаантай харьцуулж болохгүй, тэгээд ч машинууд зөвхөн тодорхой салбарт чадавхиа гаргах боломжтой бөгөөд таны “ухаантай” байшин эсвэл механик амьтан таны хөршөөс хэд дахин ухаантай байна гэдгийг хүлээн зөвшөөрч болно.

Нанотехнологи

Хэдхэн арван жилийн дараа нано роботууд микроскопын түвшинд хүний бие махбодийг “засварлаж” чадах бөгөөд органик бус технологийн тусын төлөө ажиллах болно. Нанороботуудын боломжийг микросхем бүтээхээс эхлээд чипс үйлдвэрлэхэд хаана ч ашиглах боломжтой.

Хүнийг хувилах

Бүр ХХ зуунд хувилах асуудлаар ажиллаж эхэлсэн болохоор энэ технологийг цоо шинэ гэх аргагүй юм. Гэхдээ хонийг хувилж чадсан болохоор эрт, орой хэзээ нэг цагт хүнийг хувилж чадна. Хүн өөрийнхөө хуулбарыг таашаал авах үүднээс хувилах албагүй, хувилснаа алдсан эсвэл муу ажилладаг эрхтнээ гаргаж авахад ашиглаж болох юм. Хөлгүй хүмүүс шинэ хөлтэй, зүрхний өвчтэй хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор шинийг гаргаад авч болно. Ингэснээр бид 200-300 жил амьдрах боломжтой болохыг үгүйсгэх аргагүй ээ.

Татах хүчний эсрэг

Татах хүчийг ялахын тулд олон туйлт соронз хэрэгтэй. Түүнийг хэрхэн бүтээх вэ? Төсөөлөл, таамаг одоогоор алга байгаа ч 70 жилийн дараа эрдэмтэд ямар нэг юм бодож олж л таараа. Техникийн хувьд энэ нь түлхэлт бус, таталт байх ёстой бөгөөд хэрэгтэй нөлөөнд оруулах юм. Энэ санаа амжилт олмогц дугуй үеэ өнгөрөөж, газраар явдаг тээврийн хэрэгсэл соронзон дэрэн дээгүүр явж, бүх ажлыг Дэлхийн соронзон орон зайд хийдэг болно. Бас тоормосны талаар бодох хэрэгтэй юм байна.

Автоматжуулалт

Хэдхэн арван жилийн дараа зөвхөн танай гэрийн аж ахуй төдийгүй, бүх үйлдвэрлэл автоматчилагдана. Бүхэл бүтэн хотын үйл ажиллагааг Ерөнхий компьютер хянана. Гэхдээ урьдын адил чухал шийдвэрийг хүмүүс гаргах бөгөөд тэдэнд чөлөөт цаг их гарах болно.

Устөрөгчийн түлшээр ажилладаг автомашин

Хүнийг машингүйгээр төсөөлөх аргагүй болсон учир ойрын хугацаанд автомашин алга болно гэж төсөөлөхөд бэрх юм. Энэ зууны дунд үе гэхэд дотоод шаталтын хөдөлгүүр ашиглагдахгүй болно гэж таамаглах боломжтой. Электрон болон гибрид машин эрэлт ихтэй байх бөгөөд устөрөгчөөр ажилладаг хөдөлгүүрийг жагсаалтаас хасч арай л чадахгүй болов уу. Устөрөгчийн түлшээр ажилладаг машинууд өмнөх үеийнхэн шигээ их хэрэглэгдэнэ. Учир нь тийм машин хорт утаа бус, харин усны уур ялгаруулдаг билээ.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш