logo
Монгол Улсын эдийн засаг ирэх жил тогтвортой байна гэлээ

Монгол Улсын эдийн засаг ирэх жил тогтвортой байна гэлээ

2011/11/30
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2011.11.29/ хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны гишүүдийн хамгийн их сонирхож байсан асуудал нь дэлхийн эдийн засаг ээдрээтэй байгаа энэ цаг үеийг Монголбанк хэрхэн харж, дүгнэж байгаа тухай байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “Ирэх жил Европын холбоо задарч магадгүй боллоо. Үүнд Монголбанк ямар дүгнэлт хийж байна вэ. Ирэх оны төсвийг 1.2 их наядаар бууруулан баталлаа. Үүний үр дүнд инфляци нэг оронтой тоонд байж чадах уу” хэмээн лавласан.
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж улсын төсвийг нэг их наядаар бууруулан баталсан гишүүдэд талархаж байгаагаа илэрхийлээд үүний үр дүнд инфляци хоёр орчим хувиар буурах тооцоо гарсныг дуулгасан. Ирэх онд инфляцыг 10 давуулан алдчихгүй байх боломж байгаа хэмээн тэрбээр хэллээ. Мөн тэрбээр иргэн бүрт олгох нэг сая төгрөгийн хувьцааг 5-6 жил дамжуулан олгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Ингэж байж эдийн засгийн хөгжилд саад болохгүй байх аж.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, “Монголбанк мөнгөний хатуу бодлогыг барьж ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гэхдээ үүний хажуугаар банк, санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Арилжааны банкуудын зэс хямралын үеэр цухуйдаг. 2009 оны алдаанаас Монголбанк ямар сургамж авсан бэ” гэж асуусан юм.
Л.Пүрэвдорж ерөнхийлөгчийн хэлснээр төв банкнаас мөнгөний хатуу бодлого барьсан ч зээл 61 хувиар өссөн аж. Ирэх онд зээлийн хэмжээг 35 хувиар нэмэгдүүлэх тооцоо хийгээд байгаа юм байна. Монголбанкнаас арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Мөн банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Түүнчлэн банкуудыг хөрөнгийн зах зээлд оролцуулах гэх мэт дэвшилттэй зүйлүүд хийгдэж байгаа гэж хэллээ. Хяналт шалгалтын чиглэлээр ч тодорхой ажлууд хийгдэж байгааг дурдсан юм.
Байнгын хорооны дарга Д.Зоригт Монголбанкны ерөнхийлөгчөөс зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгааг тодруулсан юм. Хадгаламжийн хүү өндөр байгаагаас болоод зээлийн хүү буурахгүй байгаа талаар холбогдох газрууд, бизнес эрхлэгчдийн зүгээс хэлсээр байгаа аж.
Харин төв банкны ерөнхийлөгч хадгаламжийн хүүг хүчлэн буулгах нь их эрсдлийг дагуулах аюултай гэж хэлсэн. Одоогоор банкуудын хадгаламжийн хүү дунджаар жилийн 10 орчим хувь байгаа бөгөөд зах зээлийн жамаараа бол инфляци буурч байж хадгаламжийн хүү, түүнийг дагаад зээлийн хүү буурах учиртай юм байна. Зээлийн хүүг бууруулах гурван жилийн хөтөлбөрийг Засгийн газраас баталсан бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж Л.Пүрэвдорж ерөнхийлөгч хэллээ.
Тэрбээр гишүүдээс гадна хэвлэлийнхэнд хандан ард иргэдэд үг дайсан юм. Энэ жилийн хувьд Монгол Улсын төлбөрийн баланс ашигтай гарч байгаа бөгөөд гаднаас ямар нэг цохилт ирэхгүй бол Монгол Улсын эдийн засаг ирэх жил тогтвортой байна. Тийм учир эдийн засаг хүндэрч мөнгөний ханш унах нь гэсэн мэдээлэл үндэсгүй болохыг дуулгасан юм.
Гишүүд ийн хэлэлцээд ажлын хэсгийн зүгээс оруулсан уг тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын саналаар санал хураалт явуулахад гишүүд 100 хувь дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг санал дэмжигдвэл тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлах юм.
Г.Бурмаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш